Жижиг компаниудаа татвараар сөхрүүлэхээ болих цаг хэзээ вэ?
Өмнөд хөршид маань жижиг компаниудаа татвараас чөлөөлсөн жишээ манайдаа л хамгийн ойр нь. Хятадад жижиг компаниудаа нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татвараас чөлөөлөх шийдвэр гаргаад байна. Тэгвэл Монголд жижиг, том гэлтгүй бүгд татварт дарагдаж байна.
Монголд бизнесмэн, үйлдвэрлэгчид бас иргэд нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын учрыг олохгүй явна. Тэд ойлгохгүй байна уу, эсвэл төрийн зохицуулалт дутуугаас тэр үү олон хүн энэ татварын ач холбогдол, цаад зорилгыг тодорхойлж чадахгүй байна. Тэднийг эцсийн хэрэглэгч болох иргэдийн байр сууриас харах гээд үзье. Баянзүрх дүүргийн иргэн Буджавынх өрхийн аж ахуй эрхэлдэггүй, эхнэр нь насаараа улсад ажилласан, харин өөрөө малын эмч. Худалдааны төвүүдээс авсан бараа, зоогийн газарт идсэн хоол, ярьсан утасны төлбөрийнхөө үнийг арван хувийн татвартай нь хамт төлж буй шалтгаанаа тэрээр бас тайлбарлах арга эвээ олохгүй явна.
Манай улсад НӨАТ-ыг 1998 оноос нэвтрүүлжээ. Энэ бол шууд утгаараа компаниудын орлого, зарлагыг томруулдаг шилний цаанаас харах боломж олгодог болохоор тухайн үедээ санхүүгийн сайн хувилбар байж. Гэхдээ улсын төсөв одоогийнх шиг байсангүй. Өнөөдөр шиг долоон их наяд төгрөг биш дөнгөж 214 тэрбум төгрөгөөр бүхэл бүтэн улсын төсөв хэмжигдэж байсан учраас аргагүй биз.
Тэгээд ч олон тат¬вар төлөгч байгаагүй. Компаниуд бүгд орлого, зарлагынхаа падааныг нэг бүрчлэн улсад тушааж байж НӨАТ-ын мөнгөө буцаан авдаг болохоор яах аргагүй энэ нь тухайн үедээ шилдэг арга байж. Харин өнөөдөр сампин барьж тоо боддог цаг өнгөрсөн, дэлгэцийн цаанаас ганцхан товч дараад санхүүгийн аливаа гүйлгээ, тооцоо тэнцлийг амжуулдаг болсон болохоор энэ татвар ч нийгмээ дагаад шинэчлэлийг шаардаж байна. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүй худалдаа, бараа үйлчилгээ авсан хэн бүхэн энэ татварын үр шимийг хүртэх шударга тогтолцоог санхүүгийн өөрчлөгдөн буй өнөөгийн ертөнц өөрөө нэхэж байгаа хэрэг.
Энэ ойлголтын түлхүүр нь юу гэвэл, арван сая төгрөгөөс дээш орлоготой иргэн, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг энэхүү татварыг төлөгч, бас энэ татварыг улсаас буцаан олгох эрх бүхий этгээд гэж үзээд байгаа юм. 10 сая төгрөг гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд яригдаж байгаа дүн.
Дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж байхад нь энэ мэт татвараар хавчаад байхаар өсөж өндийх нь ховор юм. Тийм болохоор манай улсад НӨАТ төлөгч болохгүйн тулд, төлөх татвараа нэмэхгүйн тулд орлогоо хуурамчаар бүртгүүлж, татвараас бултах арга бизнесмэнүүд, үйлдвэрлэгчдийн дунд бас хүчээ аваад байна. Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгжүүд нь энэ татвараа буцаан авсан ч аваагүй ч асуудалгүй бол дөнгөж бүрэлдэж буй “жижиг”-чүүд нь хэрхэн мултрахаа хайсан утга учиргүй тэмцэл өнөөдрийн НӨАТ-ын цаад “хөшиг”-ний ард бий.
Н.Ингүүн
- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11928#sthash.gl1HFpcl.dpuf
URL: