Амьдрал мэдэхгүй дарга нар төсвийн хөрөнгөөр тоглосоор
Төрийнхэн төсвийн мөнгийг ёстой л үрэн таран хийж байна. Дээр, дооргүй, жижиг том, бага, их гэлтгүй, оролцохгүй зүйл үгүй болж. Урьд нь “Эрдэнэт”-ийг сааж амьдардаг байсан эрх мэдэлтнүүд одоо ГОК-оо гадаадын банкинд барьцаалж тавьчихаад “санаа амар”.
“Тавантолгой” руугаа орж дугуйнаас аваад компьютер, ширээ сандал, хоол унд, халбага сэрээ, юу л байна, шахах болов. Агаарын үндэсний тээвэрлэгч компани “МИАТ” нь заавал үнэтэй түлш авч, түүнийхээ зөрүүг зорчигчдоосоо саана. Төрийн өмчит ААН-ийнхэн ингэж байхад төрийн захиргааныхан түүнээс дутахгүй.
Эрх мэдэлтнүүд үндэсний өөрийн компаниуд цементийн үйлдвэр бариад байхад заавал гадны, Хятадын цементийн үйлдвэр барих зөвшөөрөл өгч “шан” хүртэнэ. Доод шатанд гэвэл “Цагдаагийн олон нийттэй харилцах” гэсэн гоё нэртэй шилэн байшингуудыг тэрбум гаруй төгрөгөөр бариулна.
Тэдгээр барилга нь хотын гудамжинд сүнсний оромж шиг эл хуль, харанхуй оргин ашиглагдахгүй байх нь хамаагүй. Мөн хэдэн саяар тохижуулсан таксийн зогсоолууд хэнд ч хэрэггүй үхмэл хөрөнгө болох янзтай. Ийнхүү төрийнхэн захаасаа аван татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж сууна.
Хөлс, хүчээ гарган олоогүй, өөрийн биш хүний мөнгө болохоор ингэж хамаа намаагүй цацах нь аргагүй ч юм даа. Дээр нь тэр бүхэнд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага гэж үгүй болохоор санаа амар. Амьдрал мэдэхгүй дарга нар амьдралаас хол шийдвэр гаргаж, түүнийхээ дагуу улсын хөрөнгийг ёстой үрэн таран хийж байна.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
URL: