Инфляци яг одоо хэдэн хувьтай байгаа бол

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 10-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар ямар байгааг танилцуулсан.

Энэ үеэр хэд, хэдэн чихэнд чимэгтэй тоон мэдээллийг дуулгасан. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 339.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэг их наяд 748.3 тэрбумт төгрөгт хүрсэн гэв. Мөн улсын нэгдсэн төсвийн алдагдал 260 орчим тэрбум төгрөгөөр буурч, урсгал тэнцэл 181.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан хэмээсэн юм.

Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засагт одоогоор өсөлт мэдрэгдэж байгаа ажээ. Гэсэн ч эдгээрээс илүүтэйгээр инфляци өмнөх сарынхаасаа буурсан гэсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан “Монгол Улсад инфляци өсөх хандлагатай байгаа” хэмээн онцолж буй. Харин Үндэсний статистикийн хорооноос сүүлийн саруудад инфляци буурсан гэсэн мэдээллийг танилцуулж байна. Одоогийн байдлаар хэрэглээний үнийн индекс Улаанбаатар хотод 4.2 хувьтай байна. Харин Монгол Улсын хэмжээнд 5.5 хувьтай байгаа ажээ.

Инфляци ийнхүү буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ нэг хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 0.3 хувиар буурсан нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Үндэсний статистикийн хорооныхны нэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ үнэхээр буурч, инфляци нийслэлд 4.2 хувьтай болоход нөлөөлсөн үү гэдгийг сурвалжилсан юм. Учир нь сүүлийн үед хүнсний өргөн хэрэглээний бараа, түлээ, түлшний үнэ нэмэгдэж байгаа билээ.

ҮХРИЙН MAX 6000 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Нийслэлийн зарим хүнсний дэлгүүр, хүнсний захын худалдагч нар “Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард болон энэ сард огт хямдраагүй” хэмээх хариултыг өгсөн юм. Өнгөрсөн жил махны үнэ огцом өссөн нь инфляци хоёр оронтой тоонд хүрэх гол шалтгаан болсон. Тэгвэл одоо ч өнгөрсөн оны сүүлч үеийнхээс нэг их ялгаагүй үнэтэй байв. Дэлхийн банкнаас “Нөөцийн мах худалдаанд гаргаснаар махны үнийг тогтвортой болсон” хэмээж буй хэдий ч нөөцийн махны чанар муу байгаагаас үүдэн шинэ махны үнэ буурахгүй байгаа юм.

Тус худалдааны төвд нэг килограмм үхрийн цул махыг 6000 төгрөг, үхрийн ястай махыг 5000 төгрөгөөр борлуулж байлаа. Харин ямааны цул мах 3600 төгрөг, хонины мах 4500 төгрөг, адууных 4300 төгрөгийн үнэтэй байлаа. Худалдагч нарын хэлж буйгаар бол махны үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэн үеэс өсч эхэлсэн гэнэ. Энэ нь цаг агаар дулаарч, шинэ мах ховордож байгаатай холбоотой ажээ.

Max ховордож байгаа учраас үнэ нь буурах төлөвгүй байгаа юм байна. Улаанбаатар хотод инфляци 4.2 хувьтай болоход ундаа, усны төрлийн бүтээгдэхүүний үнэ нэг хувиар буурсан нь нөлөөлсөн гэсэн нь худалдааны төвүүдээр орсны дараа эргэлзээ төрүүлсэн юм. Учир нь дотоодын ус, ундаа үйлдвэрлэдэг компаниуд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн нэг ширхэг жижиг савлагаатай усны үнийг 10-20 төгрөг, том савтай усны үнийг 20-30 төгрөгөөр тус бүр нэмсэн гэдгийг эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж буй хүн бүр хэлж байсан.

Харин ундааны үнэ харьцангуй тогтвортой байгаа аж. Гэхдээ үнэ нь огт хямдраагүй гэдгийг онцолъё. Ерөнхийдөө энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэг хувь битгий хэл огт буураагүй юм байна. Харин ч усны үнэ өнгөрсөн сард өмнөх сарынхаас буурсан бус 10 орчим хувиар өсчээ. Хүнсний өргөн хэрэглээний бараанд зүй ёсоор тооцогдох хүнсний ногооны үнэ мөн л өсч эхэлсэн байлаа.

Энэ нь хаврын cap хэдийн гарч нөөцөлж, хадгалсан ногоо дуусах тийшээ хандсантай холбоотой аж. Cap гаруйн өмнө 900-1000 төгрөгөөр худалдаж байсан монгол төмсийг хүнсний захуудын лангуун дээр одоо 1200 төгрөгөөр борлуулж байна. Мөн луувангийн үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэж, 1200 төгрөг, Монгол сонгиноны үнэ төмс, луувангийн үнийг хоёр нугалах хэмжээнд хүрчээ.

Хүнсний ногооны үнэ шинэ ургацын ногоо гарах хүртэл төдийлөн буурахгүй гэдгийг онцолж байсан. Түүнчлэн импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг тогтмол 15 хувь болгох шийдвэрийг гаргасан нь ногооны үнэ өсөхөд нөлөөлж эхэлжээ.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ИРЭХ НАМРААС ТОГТВОРЖИНО

Инфляци нийслэлд 4.2 хувьтай болоход орон сууцны үнэ 0.3 хувиар буурсан нь нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ. Харин үүнийг Монголын барилгын үндэсний ассоциацийнхан үгүйсгэж байна. Одоогоор шинэ болон хуучин орон сууцны үнэ буураагүй байгаа аж. Орон сууцны үнэ харин ч өсөх хандлагатай байгаа юм байна.

Гэхдээ ирэх намраас үнэ нь харьцангуй тогтвортой болох төлөвтэй байгаа ажээ. Одоогийн байдлаар шинэ орон сууцны нэг метр.квадратын үнэ нэг сая 100 мянган төгрөгөөс нэг сая 200 орчим мянган төгрөгийн ханштай байгаа аж. Инфляци Улаанбаатарт 4.2 хувьд хүрч буурахад голчлон нөлөөлсөн хэмээн нэрлэсэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сурвалжлахад ийм байна.

Махны үнэ дээд тал нь 6000 төгрөгт хүрч, жижиглэнгийн усны үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдэж, түлээ, нүүрсний үнэ гурав дахин нэмэгдсэн байна. ОХУ-аас дизель түлшиндээ хязгаарлалт хийсний улмаас үнэ нь нэмэгдэж байгаа энэ үед инфляци чухам хэдэн хувьтай байгаа бол.

Т.Урангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих