Т.Наран: Хятадууд хямд нүүрс хайж байна
Уул уурхайн яам, Монгол нүүрс ассоциаци хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарангаас зарим асуултад хариу авлаа.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа. Энэ үед манай гол экспортлогч БНХАУ хамгийн хямд үнэтэй нүүрс авахаа ил тодоор мэдэгдсэн. Энэ манай улсад яаж нөлөөлөх вэ?
-Нүүрсний дэлхийн зах зээлд хамгийн их хэрэглэгчтэй нь манай өмнөд хөрш байгаа. Дараа нь Япон, Солонгос, бусад орон орж байна. Энэ зах зээл руу бүгдээрээ хошуурч байна. Дэлхийд нүүрсний нөөцтэй олборлогч, экпортлогч компанитай улс орон олон бий. Тиймээс өрсөлдөөн үүссэн.
Өөрөөр хэлбэл, зах зээл дэх эрэлт хэрэгцээ нэмэгдээгүй байхад нүүрсээ борлуулах гэсэн нийлүүлэгчдийн тоо эрс өссөн юм. 2011, 2012 онд манай улс нүүрсээ чөлөөтэй зарж чадсан. Энэ үеийн томоохон гадаад нөхцөл нь Австралид үер болж, байгалийн гамшиг тохиолдсоноос тэд нүүрсээ нийлүүлж чадахгүйд хүрч байлаа.
Тухайн үед Хятадын хэрэглээ хэвээрээ байсан ч Өмнөд Африк, ОХУ нүүрсээ БНХАУ-д нийлүүлдэггүй байсан. Харин одоо өмнөд хөршийн нүүрсний салбарт нөлөө бүхий том тоглогч байя гэвэл зах зээлийн хуулиа сайн мэддэг байх хэрэгтэй. Үүнийг бид эсэргүүцээд хэрэггүй. Бид өмнөх шигээ Австралитай өрсөлдөхүйц тоглогч болж чаддаггүй юм гэхэд өөрийн гэсэн худалдан авагчтай байх шаардлагатай.
-Хямд үнийн өрсөлдөөний талаар илүү тодруулаач. Манай улс нүүрсний үнээ нэмнэ гээд байсан шүү дээ?
-Хүмүүс “Хэзээ 2011, 2012 он шиг сайхан болох вэ” гэж асуудаг. Харамсалтай нь энэ боломжгүй зүйл. Одоо хямд үнийн өрсөлдөөн явагдаж байна шүү дээ. Хятадад хэн нүүрсээ хямд нийлүүлнэ, тэр хүн хэрэглэгчтэй болж байна. Тиймээс бид хямд үнээр өрсөлдөөд тэндээсээ ашиг олох хэрэгтэй.
- Бид нүүрсний байнгын хэрэглэгчтэй болохын тулд юу хийвэл зохих вэ?
-Зах зээлийн доргионд тэсч гарахын тулд худалдан авагч, нийл үүлэгч хоёр бие биеэ дэмжиж урт хугацааны гэрээ хийдэг. Тухайлбал, 10 жил нүүрсээ нийлүүлэх, худалдан авах гэрээ хийж болно. Энэ хугацаанд нүүрсний үнэ зах зээлд буурч, өсөх зэргээр янз бүрээр өөрчлөгдөнө шүү дээ. Ийм нөхцөлд орвол яах вэ гэдгээ урт хугацааны гэрээндээ тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч 40 ам.доллар болсон ч худалдан авагч нь 50 ам.доллараар авна. Дараа нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч 90 ам.доллар болвол нийлүүлэгч нь 80 ам.доллараар өгнө. Иймэрхүү маягаар худалдан авагч, нийлүүлэгч хоёрын эрхээ хамгаалж, харилцан ашигтай ажиллах гэрээг урт хугацаагаар байгуулж болох юм. Манай улс одоогоор ийм гэрээгүй яваад байгаа.
Г.Ганчимэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: