Монгол хэлийг ”Модон хэл” болгох ашигтай бөгөөд атаархмаар бизнес

Крилл монгол бичгийг журамлаж, дүрэмд нь өөрчлөлт оруулах, толь бичиг гаргах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоол энэ оны хоёрдугаар сарын 2-нд гарчээ. Уг тогтоолын дагуу БШУЯ-наас зохион байгуулан Төрийн хэлний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА болон МУИС, МУБИС-ийн багш, хэл шинжлэлийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол хэлний зарим дүрэмд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж буй. Тэд эхлээд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж “Гээгдэх, гээгдэхгүй эгшийн дүрэмд өөрчлөлт оруулж нэг үгийг олон гажилтгүй болгоно. Мөн шаардлагагүй үсгийг хасмаар байна, болох уу” гэжээ. Харин Засгийн газрын тэргүүн “Та нар хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүс учраас өөрсдийнхөөрөө шинэчлээд аваад ир” гэсэн юм байх. /Энэ тухай Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржав, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо нар нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө ярьсан/ Тиймээс эрдэмтэд БШУЯ-нд иргэдээс ирсэн үгийн дүрмийн тухай саналуудад тулгуурлан шинэчлэн найруулан төсөл боловсруулж байгаа аж. Тухайлбал, өвөл гэсэн үгийн ард “ийн” нөхцөл залгахад “ө” үсгийг гээн “өвлийн” гэж бичдэг бол тэдний дүрмээр “өвөлийн” гэх ажээ.
Мөн Цагаан толгойн 35 үсгээс онцгой дөрөв буюу ь, ъ, щ, й гэсэн үсгийг зөвхөн гадаад үг бичихэд хэрэглэдэг болох юм байна. Ингэснээр дээрх “өвөлийн” гэдэг үг “өвөлиин” болно гэсэн үг юм. Энэ талаар МУБИС-ын доктор, профессор, гавьяат багш Ц.Өнөрбаян “Ц.Дамдинсүрэн гуай Монгол хэлний дүрмийг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай гэдэг байсан. Одоо хасагдаж байгаа гэх үгсүүд 35 дотроо байна. Харин монгол үгэнд хэрэглэхгүй хязгаарласан. Тухайлбал, морь гэж бичихэд ь бичихгүй “и” бичнэ. Гэхдээ дуудахдаа “и” үсгийг урт дуудахгүй. Харин гадаад үгэнд бол “ь” бичнэ” гэж хэллээ. Түүнчлэн оръё гэхийг ороё, явъя гэхийг яавая, урья гэхийг урия, уръя гэхийг урая гэж бичих ажээ. Энэхүү шинэчилсэн дүрмийг эрдэмтэд одоогийн байдлаар боловсруулж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сарын 1 гэхэд эцэслэн, мөн журамласан толийг гаргаж, Засгийн газарт өргөн барих гэнэ. Ингэснээр Засгийн газрын тогтоол шийдвэр гарч, Монгол Улс бүх нийтээрээ шинэчилсэн дүрмийг заавал мөрдөх ёстойг тэд хэлж буй. Мөрдүүлэхийн тулд дүрмийн толь бичгийг олон зуун мянган ширхгээр хэвлэж, бичиг үсэг мэддэг, бичгийн ажил эрхэлдэг иргэн бүр худалдан авах ёстой гэнэ. Хэрэв дагаж мөрдөөгүй, худалдаж аваагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг ч эрдэмтэд хэлж байгаа юм. Тиймээс 2003 онд батлагдсан Төрийн албан ёсны хэлний тухай хууль өнөөдөр хэрэгждэггүй учраас мөн шинэчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, уг хуульд “…төрийн албан хэрэг, сургалтад дагаж мөрдөнө” гэсэн заалт байдаг аж. Энэ нь хууль хэрэгжихэд хязгаарлагдмал, иргэд олон нийтэд хамаагүй мэт заалт учраас үүнийг бүх хүнд хамааруулан шинэчлэх гэнэ. Б.Магсаржав “Өмнөх хуульд үг үсгийн алдаанд шүүх хариуцлага тооцно гэж заасан ч түүний араас гомдол гарган хөөцөлдөх хүн байгаагүй. Одоо бол үг үсгийн алдаанд мэргэжлийн хяналт оролцож, мөн гудамжны самбарын хаягийг нэг дүрэмд оруулахад цагдаа хүртэл хариуцлага тооцдог болох хэрэгтэй” гэсэн юм. Мөн сонин хэвлэл, ном, сэтгүүл бүгд л шинэ дүрмээр бичигдэн гарах болж буй. Тэгэхээр Засгийн газрын тогтоол, хуулийн заалттайгаа гарвал хүн бүр шинэчилсэн толь бичиг бариад явж байх нь. Өөрөөр хэлбэл, хаана ч очиж, юу ч бичсэн дүрмийн толь харахгүй л бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэтэл хэл шинжлэлийн эрдэмтдийн боловсруулж буй энэхүү төслийн тухай сонссон зарим хүн “Атаархмаар ашигтай бизнес болох нь дээ” гэх аж. Үнэхээр ч бодоод байхад ашигтай, том хэмжээний бизнес юм. Өнөөдрийн байдлаар хүүхдийн сурах бичиг ямар үнэтэй байгааг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ байх. Тэгэхээр шинэ дүрмийн толь бичиг нь сурах бичгээс илүү юү гэхээс дутуу биш үнэтэй байж таарна. Харин энэхүү толь бичгээ бараг иргэн бүрт тооцож хэвлүүлнэ гээд бодохоор асар их мөнгө эргэлдэнэ. Дээрээс нь сурах бичгүүдээ шинэчлэх шаардлагатай болно. Үүнд хэн дуртай нь оролцохгүй учраас бас л өнөө хэдэн эрдэмтэн маань гардан хийнэ гэсэн үг. “Мөн ч сайхан бизнес юм даа. Атаархмаар, ашигтай” гэж хэн ч шогшрохгүй байхын аргагүй аж. За яахав, хөрөнгө мөнгө, нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон өнөөгийн нийгэмд бизнес гэх утгаар нь иргэд хүлээн зөвшөөрч болох л юм. Гэтэл Монгол хэл маань “модон хэл” болох гэж буйд олон хүн халаглаж байна. Ингэснээр хэл шинжлэл, монгол хэл судлал гэдэг зүйл дахин тодорхойгүй хэдэн жилээр ухарна. Мөн шинэчилсэн дүрэм боловсруулж буй ахмад багш, эрдэмтэд өөрсдөө ч шавь нартаа шал дэмий “юм” сургасан болж байна. Уг нь Монгол хэл бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Гэтэл цэгцрэх бус улам л зах замбараагүй болоод буй нь улс орны ирээдүйд аюул, хор хохирол учруулахгүй гэх баталгаагүй болж байна. Олны үг ортой гэдэг дээ. Үнэхээр энэ шинэ дүрэм батлагдвал төгс бус “модон хэл” болж буйтай маргах хүн зохиогчдоос өөр байхгүй л болов уу. Ц.Дамдинсүрэн гуай “сайжруулаарай” гэж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ лав “муужруулаарай” гэж хэлээгүй л байлтай. Дэлхий дээр өөрийн хэл бичгээ зохиосон 10 гаруй улсын нэг нь манай улс. 1941 оны тавдугаар сарын 9-нд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар орос үсэгт үндэслэсэн шинэ үсэг зохиох шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу крилл үсэг зохиосноор монголчууд 1940- өөд оны сүүлчээс сурч эхэлсэн байна. Энэхүү үсгийн одоогийн ашиглагдаж байгаа дүрэм нь Ц.Дамдинсүрэнгийн 1984 онд хэвлэгдэж гарсан дүрэмд суурьлагддаг. Харин энэ дүрэм олон маргаан дагуулснаас үүдэж дахин дүрмийг шинэчлэхэд хүргэсэн хэмээн эрдэмтэд ярьж буй. Тэгээд ч 1984 оноос хойш хэн дуртай нь дүрэмд удаа дараа өөрчлөлт оруулснаас болж иргэдийн зөв бичих байдал алдагдсан. Хамгийн наад захын жишээ гэхэд л эргэлзээтэй бичигддэг 700 үгийг 2011 онд эрдэмтэд цаг зав, хөрөнгө мөнгө заран байж дүрэмлэж өгсөн. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар тэрхүү дүрэмлэсэн үгс нь зуун хувь мөрдөгдсөнгүй. Харин ч бичгийн хэлэнд бөөн маргаан, будилаан нэмснээс илүү ололттой зүйл болсонгүй. Тухайн үед энэ 700 үгийг нэн тэргүүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрдөх ёстой гэсний дагуу олонх нь мөрдөж байлаа. Гэвч ахмад уншигчдаас “цээж” гэдэг үгийг яагаад “чээж” гэж бичээд байна вэ, мөн “шавж” гэдэг чинь “дэвж шавж” гэхэд хэрэглэдэг болохоос биш хорхой шавжийг “шавьж” гэнэ” гэх мэт зэмлэсэн, шүүмжилсэн захидал редакцад олноор ирсэн. МУИС-ийн багш, Сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба “Бид оюутнуудынхаа материалыг хэрхэн засахаа мэдэхээ байсан. Монгол хэлний дүрэм ойлгомжгүй болоод байна” хэмээн ярьж байсан. Үнэхээр өнөөдөр Монгол хэлний багш нар оюутан, сурагчдаа хэн нь зөв, хэн нь буруу бичсэнийг өөрсдөө ч мэдэхгүй болж байгаа аж. Манай улсад шинээр гавьяа шагнал, цол хэргэм нэмэгдэхэд “авах ёстой байсан хүн” хэмээн нөхөж олгосон жишээ олон бий. Тэгвэл энэхүү Монгол хэлний шинэчилсэн дүрэм эрх бүхий байгууллагаар батлуулан хуулийн хүрээнд зохицуулагдчихвал гээгдэх эгшгийн дүрмээс болж муу авсан хүүхдэд онц дүн нөхөж өгөх болох нь дээ. Нөгөө талаар энэ өөрчлөлтийг захиалсан Засгийн газрын тэргүүн, гүйцэтгэч эрдэмтэд нэг үсэг хассан дүрмээ хүн бүрт хэвшүүлэхэд ямар их хэмжээний зардал, цаг хугацаа шаардахыг мэдэж байгаа болов уу. Эдийн засгийн уналттай байгаа энэ үед хий дэмий хөрөнгө урсгах ажил мэт санагдаж буйг нуух юун. Мөн цаашид уран зохиолын ном, сэтгүүл, архиваа хүртэл шинэчлэх болж байна уу. Эсвэл тэр чигээр нь үлдээгээд хойч үе маань дахин крилл үсгийн хуучин дүрмээ судалж байж түүхээ судлах уу.

М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих