Ховхорч унасан “хавтан” хэний толгой дээр буух вэ?

Шөнөжингөө салхинд нүдүүлсэн Сангийн яамны шинэхэн барилгын хана, халхавч нь хуулраад цаанаас нь тоосго, хавтан, шавар, чулуу холилдсон бараан өнгө тодорно. Зовлон үүгээр дууссангүй, харин ч эхлэв бололтой. Өглөө болж ажил цуглаж эхлэхтэй зэрэгцэн Сангийн яамны Төрийн удирдлагын газар, Санхүү бодлого төлөвлөлтийн газар гээд л энэ барилгатай холбоотой байж болох газар хэлтсүүд рүү жинхэнэ хэвлэл мэдээллийнхэний зүгээс “салхилж” эхлэв.

Арга ч үгүй биз. Тендрийг буд­лиангүй зохион байгуулж, чанартай ажил гүйцэтгүүлэхэд хяналт тавигч гол газар нь өөрсдийнхөө суудаг байрыг ийм янзтай хийлгэсэн гээд бодохоор өмнөөс нь ичиж улаймаар. Ингэхээр өөр бусдын ажлыг хэрхэн сонгож, яаж  гүйцэтгүүлж, хяналт тавьж байгаа нь бараг ойлгомжтой.
Сангийн яамны газрын даргын өгч буй “Манай яам бол энэ тохиолдолд зөвхөн захиалагч. Энэ асуудлын талаар Мэргэжлийн хяналтын газар, Барилгын яамныхан хариултаа өгөх ёстой. Гаргасан алдаагаа зас гэж гүйцэтгэгч компанид хэлсэн боловч ирж уулзсан хүн алга. Миний хувьд ажлаа аваад нэг жил болж байгаа. Өмнөх мэдээллүүд архивт байгаа” гэх тайлбар нь нэг талаас юу ч хэлээгүй мэт боловч цаагуураа олон асуултад хариулт өгөөд байгаа юм биш үү.
Өөрөөр хэлбэл, төрийн ажлын залгамж чанар, өмнө ажиллаж байсан удирдлагуудын хүлээх хариуцлага гэж алга. Тендерийн шалгаруулалтад тэнцэж ажил гүйцэтгэсэн компани алдаа гаргасан нь тодорхой ч, хэдий хугацаанд хэрхэн алдаагаа засах нь тодорхойгүй. Хяналт, бодлогыг бүхэлд нь зангидаж байдаг байгууллага энгийн захиалагчийн байдлаар ингэж асуудалд хандаж байгааг ойлгоход бэрх байна.

Үнэхээр ч Сангийн яам өнгөрсөн хугацаанд тендрийн хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн гэж нүүр тахлах зүйлгүй явсаар иржээ. Оны өмнөхөн энэ талаар асуудал хөндөж, Тендерийн хууль батлагдсан 2005 оноос хойш өнгөрсөн таван жилийн хугацаанд Сангийн яамны зүгээс нэг ч захиалагч болон албан тушаалтанд торгуулийн хариуцлага оногдуулаагүй төдийгүй тус хуульд заасны дагуу хууль зөрчиж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл /хар данс/ хөтөлж байгаагүй юм байна. Хугацаандаа хийгээгүй ажил хэд байдаг, хэд нь шүүхэд хандсан болон тэндээс гарсан шийдвэр, булхайтай болсон гэх тендерийн тоо хэмжээний талаар ямар ч мэдээлэл байдаггүйг хэсэг гайхаж, шуугисан.

Барилгын ажлын захиалга, тендерийн шалгаруулалтыг өмнөх Засгийн газрын үед хийж,  2007 оны аравдугаар сард барилгын ажил эхэлсэн юм билээ. Анх 2,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлсэн энэ ажил явцын дунд хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өнгөрөгч нэгдүгээр сард дууссан аж. “Богд Ар” компани энэ ажлыг 3,8 тэрбум төгрөгөөр барих санал өгсөн ч ажлын хэсгийнхэн хоёр тэрбумаар барих санал өгсөн “Пума констракшн”-ыг сонгосон байна. Харин одоо энэ компани Хан-уул дүүргийн нутагт 300 ортой, найман давхар төрөх эмнэлгийг 19 тэрбумаар барих тендер авчихаад байгаа.

Хэвлэлийнхэн яах вэ, шуугиад өнгөрч болно. Харин төрийн байгууллага аливаа асуудалд ултай суурьтай хандах учиртай. Сангийн яамыг нэгдсэн босоо удирдлагатай байдгийн хувьд хариуцлагыг хамгийн дээрээс нь хайх хэрэгтэй. Учир нь, Сайд та өөрөө буруутныг ол. Олж хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө бурууг нь үүр. Танай сууцны ховхорч унасан хавтан бүрийг сайдаасаа эхлээд төрийн нарийн бичгийн дарга чинь үүрэхгүй гэж үү.
Хагас тэрбум гаруй төгрөг хэмнэх саналаас татгалзан байж, татвар төлөгчдийн халааснаас 4,4 тэрбум гаргуулан барьсан барилгаа харсан бол тухайн үед тендерт шалгаруулсан ажлын хэсгийнхнээ цуглуулаад хэн буруутайг олоход буруу байхгүй. Бодлого, хяналтын төв газрыг ингэж элэг барьж байгаа юм чинь үүнээс дөрөв дахин их төсөвтэй эмнэлгийн байрыг яаж хийх бол, тэр барилгын компанийнхан. Ядаж л тэнд хотын төвийг бодвол салхитай гэдгийг тооцож л үзээсэй билээ, “Пума” минь.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих