Тойрогтой гишүүдэд 4.5 тэрбум төгрөг нэмж хуваарилжээ

chuulgan3Улсын төсөв хүндэрч, зардлаа танаж буй энэ үед гишүүд тойрогтоо зарцуулахаар төсөвт 4.5 тэрбум төгрөг нэмж суулгахаар зэхсэн байна.

Одоогоор нэг гишүүн жилд 100 сая төгрөг зарцуулах эрхтэй байдаг ажээ. Үүнд өөрийн болон зөвлөх, туслахынх нь цалин, гадаад, дотоодын томилолтын зардал, хууль сурталчлах зардал, сонин хэвлэл захиалгын төлбөр багтдаг гэнэ.

Үүнийг чамлалтай гэж үзсэн учраас 4.5 тэрбум төгрөг нэмж авахаар шийдсэн гэнэ. Үүнийг нэмж тооцвол нийт гишүүдэд 12.1 тэрбум ногдож байна. Дээрх 4.5 тэрбум төгрөгийг тойргоос сонгогдсон 48 гишүүнд хуваавал 190 сая төгрөг болж байгаа юм.

2014 оны Төсвийн тухай тойрогтой гишүүдэд 4.5 тэрбум төгрөг нэмж хуваарилжээ. Хууль хэлэлцэх явцад АН-ын гишүүд өөрт ногдох 100 сая төгрөгөө багасгах санал оруулж ирсэн бол МАН-ын гишүүдийн зүгээс нэмэх нь зүйтэй гэж үзжээ.

Гэхдээ үүнээс өөр санал хэлэх гишүүн ч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Би ойлгохдоо нийт гишүүний мөнгө гэж үзсэн. Ажлын хэсэгт нь байхгүй учраас нарийн мэдээлэл алга. Хуучин гишүүн бүрт нэг тэрбум төгрөг ногдож байсан шүү дээ. Үүнийг шинэ парламентын үеэс зогсоосон. Бүр нэг ч төгрөггүй болгож зогсоосон. Тэгэхээр 4.5 тэрбумаа 76 гишүүндээ хувааж таарах байх” гэсэн хариулт өгч байна. Өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг сэдэв нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байв. Алтны худалдаатай холбоотой асуудлаар гишүүд нарийвчлан ярилцах шаардлагатай тул энэхүү асуудлыг хаал т тай горимоор хэлэлцэе гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ирэх оны улсын төсвийг батлах хугацаа тулчихаад байхад эхний ээлжинд төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд, дээрх асуудлыг дараа нь хэлэлцээд явж болохгүй юу гэсэн санал гаргасан ч нийт гишүүд Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулиа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд хаалттай хуралдаж эхэлсэн юм.

Харин удалгүй УИХын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжиж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч гишүүдийн 38.2 хувийн саналаар төсөл уналаа. Ингэснээр дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаах болж байна. УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан нөхцөлд ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьд хүрэх байсан юм.

Засгийн газар гадаад зах зээлд хоёр их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах эрх үүсэх байв. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргасан нөхцөлд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх ёстой. Харин өчигдөр болсон санал хураалтад гишүүдийн гуравны нэгийн дэмжлэг хүлээсэн учраас төсөл унаж буцах болж байна. Санал хураалтад 68 гишүүн оролцсоноос 38.2 хувь нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээсэн бол бусад гишүүд эсрэг санал өгсөн юм. Дугаар шилжих мөчид 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байв.

Д.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих