О.Магнай минь “битгий уйл”, тайвширч аваад уужуу бод
ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа О.Магнай асуудалтай тулгарахгүй байна гэж бол хэзээ ч байхгүй. Аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж, торгууль тавьсаныхаа төлөө элдвээр доромжлуулж, зануулах нь энүүхэнд биз. Гэхдээ гудамжны зангаа гаргаж, “шоу”-даад байх нь зохисгүй байх.
ШӨХТГ-аас “Миний дэлгүүр” сүлжээ нь нийлүүлэгчдээс өгсөн барааны үнийн дүн дээр 20-30 хувийн нэмэгдэл нэмж, хэрэглэгчдийг хохироодог учир 450 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан талаар мэдээлсэн билээ.
Мэдээлэл хийсэн өдөр нь буюу өнгөрсөн мягмар гарагт “Миний дэлгүүр” сүлжээний захирал Х.Ариунболд нь утсаар болон ажлын байран дээр нь ирж “ална” хэмээн сүрдүүлсэн тухай О.Магнай сэтгүүлчдэд мэдээлж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өгөхөө мэдэгдээд байсан юм. Харин Х.Ариунболд нь өрөөнд нь орсон маргасан гэхдээ “ална” гэж хэлээгүй гэж буй.
Цагдаагийн байгууллага О.Магнай даргын гомдлын дагуу шалгаж, захиргааны хариуцлага хүлээлгэх тухай саналыг Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлжээ. Энэ асуудлаар О.Магнай болон Х.Ариунболд Чингэлтэй дүүргийн шүүхэд очиж мэдүүлэг өгсөн байна.
ШӨХТГ-ын даргын хувьд энэ асуудал дээр захиргааны хариуцлага хүлээлгээд өнгөрөх биш харин эрүүгийн хэрэг үүсгүүлэхийг шүүхээс хүсчээ. Тэрээр хэлэхдээ “Цагдаагийн байгууллагын зүгээс захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Үүнийг нь би эсэргүүцэж байна.
Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Төр хууль хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаа хүнээ хамгаалдаг байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй нэг нь хууль хэрэгжүүлэх гэж ажилладаг. Нэг нөхөр өрөөнд орж ирээд л ална хядна гэдэг. Ийм зүйл байж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байгаа” хэмээжээ.
Харин Х.Ариунболд “Би бол ална гэж хэлээгүй ээ. Тэгэхээр одоо шүүхээр “ална” гэдэг үгийг хэлсэн, хэлээгүйг тогтоолгох хэрэгтэй байна” хэмээсэн юм.
Адгийн зарга арван хоног гэж хүн бүр л ярьдаг. Өнгөрсөн мягмар гаргаас эхэлсэн маргаан ирэх долоо хоногт ч үргэлжлэх бололтой юм. “Ална” гэдэг үгийг дуу хураагуурт буулгаагүй л бол хэлсэн, хэлээгүйг хэн ч нотолж үл чадна. Дуу хураагуурт буулгасан байлаа ч тухайн хүний дуу хоолой мөн эсэхийг шалгаж, шинжилнэ.
Гуравдагч, дөрөвдөгч этгээд л байхгүй бол хоёр хүний хооронд гарсан маргааныг нотолох нь боломжгүй. Харин цагдаагийн байгууллага, шүүх хэн нэгэн нотлогдоогүй зүйлийг хэн нэгэн хүний үгээр шийдвэрлэнэ гэдэг бүр ч учир дутагдалтай. Хуулиа мэддэг хүмүүс бол үүнийг сайн ойлгох биз.
Хэрвээ О.Магнайгийн үгээр Х.Ариунболдод хүний амь насанд заналхийлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгээд аавынх руу явуулчихвал “хэлмэгдүүлэлт” гэгч нь болно.
Тэгэхээр энэ хоёр хүний хооронд гараад байгаа “ална” гэсэн, “ална” гээгүй маргаан нотлогдоход тун бэрх. Иймэрхүү зүйл дээр сүр дуулиантайгаар маргаад явах нь ч ичгэвтэр биз. Энд би Х.Ариунболдыг өмөөрч, О.Магнайг буруутгах гэсэнгүй. Нотлогдохгүй хэрэг дээр “шогтоод” явах нь зохисгүй юм биш үү л гэдгийг сануулах гэсэн юм.
Юм л бол аав ээждээ ховлоод уйлаад гүйдэг хүүхэд шиг зан гаргах нь зөв үү буруу юу гэдгийг бодож үзээсэй гэсэндээ үзэг цаас нийлүүлж сууна. Энэ хэрэг энэ чигээрээ цааш үргэлжлэвэл арай л өөр өнцөг харагдах гээд байна.
Одоо ч бараг О.Магнайгийн хэлсэн ярьсанаас ажиглахад муудалцаж, доромжлуулсаныхаа төлөө “өс” өвөрлөөд яваа юм биш байгаа гэх хар буух. Шударга өрсөлдөөн бий болгохын төлөө, хэрэглэгчийн төлөө ажиллаж байхад муу үгээр бичлээ гэж бүү гомдоорой.
Цааш явах замд чинь Х.Ариунболд шиг түргэн ууртай, омголон нөхөд олон тааралдах бий. Тэр болгонд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж улайрвал “нэр нүүрэнд” чинь муу биз. Нэг албан байгууллагын дарга байна даа. Тулхтайхан шиг суугаад “гомдолтой байгаа бол хуулийнхаа дагуу ажил даа” гэж хэлээд сууж болсонгүй юу.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: