Ирэх оны төсвөөс 129 тэрбум 381 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасна

c1ae9cb830520dae169548388514d72e_LУИХ-ын чуулган  19.20 минут хүртэл үргэлжилж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд навигацын орлогыг 1З.0 тэрбум төгрөг, газрын тосны орлогыг 7.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, Барилга, хот, байгуулалтын сайдын багц дахь төсөвт байгууллагын өөрийн орлогыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулж, Улсын төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинг харгалзан зардлын тодорхой зүйл анги тус бүрээр 5-20 хувиар төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас хэмнэхээр тооцож нийт 20.2 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулж тооцохоор санал хурааж дэмжсэн. Мөн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан төсвийн урсгал зардал нэмэгдүүлэх болон төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотор зохицуулалт хийх, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах саналуудын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг хийж төсвийн төсөлд тусгаж, Хөрөнгө оруулалтын зардалд 199.617.3 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж, 129.381.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хассан байна.
Байнгын хорооноос гаргасан энэ саналын дагуу гишүүдээс санал хураалгасан бөгөөд олонхийн дэмжлэг авснаар ирэх оны төсөв гурав дахь даваагаа давлаа. Харин маргааш өглөө 08.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдаж, дараа нь УИХ төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийснээр ирэх оны төсөв батлагдах юм.
Чуулганы хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг Мөнгөний бодлогын үзүүлэлттэй нийцүүлэн гаргаж, зарчмын зөрүүтэй саналаа нэгтгэсэн юм. Тодруулбал эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшинг 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл 8,0 хувь, 2015 оны 7,0 хувь, 2016 оны 6,0 хувь байхаар санал гаргаж, байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Энэ саналыг УИХ-аар хэлэлцүүлэн гишүүдийн 77.9 хувийн дэмжлэг авч, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Н.Гантуяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих