Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн ямар ч шатны сонгуульд өрсөлдөх боломжгүй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад албан ёсоор өргөн бариад буй билээ.
Үүнтэй зэрэгцэн, түүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль явуулж болзошгүй болоод байгаа.
Тэр бүү хэл уг тойрогт нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч байна.
Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр юм.
Гэхдээ тэрээр УИХ-ын төдийгүй улс төрийн ямар ч шатны сонгуульд өрсөлдөх боломжгүй ажээ.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 26.1-д сонгуульд нэр дэвшиж буй хүн татварын өргүй, цэргийн алба хаасан, ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгүүлсэн бол ялгүй болсон байх ёстой гэж заасан байдаг.
Ялгүй болсон гэдгийг тодорхой тайлбарлавал:
Хөнгөн гэмт хэргээр ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлснээс хойш дахин нэг жилийн дотор гэмт хэрэг үйлдээгүй, хүндэвтэр гэмт хэргээр шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор дахин хэрэг хийгээгүй, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдээгүй, онц хүнд гэмт хэрэгтэн ялаа эдэлж дуусаад 10 жилийн дотор дахин хэрэг хийгээгүй бол тус тус ялгүй болсон гэж үздэг хуулийн заалттай юм байна.
Харин Н.Энхбаяр шиг хувьд ялаас хугацаанаасаа өмнө суллагдсан этгээдүүдийн хувьд ялгүй болох хугацааг чөлөөлөгдсөн үеэсээ эхэлж тоолуулах аж.
Өөрөөр хэлбэл суллагдаад нэг жил ч болоогүй байгаа Н.Энхбаяр улс төрийн сонгогдох эрх эдлэхгүй юм байна.

М.Гал SONIN


URL:

Сэтгэгдэл бичих