Гарьд Гантогтох маань “горьд” цолтой болох вий
Удам дамжсан бөх, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Гантогтох улс төрд хөл тавихаар шулууджээ.
Тэрээр бусдыг манлайлан, энхрий хайрт намдаа хандив нэртэй “авилга”-аа өгсөн гэж ирээд л өөрийгөө гайгүй сайн рекламдаад байгаа. УИХ-ын гишүүний суудал гарьдад их л энүүхэнд санагдаад болохгүй байгаа юм байх. Өмнө нь аав нь АИХ-ын депутат байж үзсэн.
Дараа нь ахиж дэвшин санаатай нутгаараа сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байж л дээ. Тэгээд иргэдтэйгээ уулзаж байхдаа –Би нутгаасаа олон сайхан бөх төрүүлнэ, гэтэл хүмүүс дунд байсан нэгэн эмгэн босч ирээд, -Баянмөнхөө, чи битгий балайраад байгаарай одоо чамд балбуулж байдаг сэвгэр гэж манайд лав байхгүй шүү гэсэн гэдэг.
Манай аварга болохоор их бэлтгэл хийлгэж нутгаасаа олон сайхан бөх төрүүлэх бодлоор хэлсэн байлгүй. Нөгөө эмгэн болохоор бас л өөр утгаар ойлгосон юм байх. Ингээд хөөрхий аваргын хүсэл талаар болсон гэдэг. Үнэн ч юм шиг, онигоо ч юм шиг ийм яриа амнаас ам дамждаг.
Харин аавынхаа дутуу үлдээсэн хүслийг хүү нь гүйцээхээр шийдсэн бололтой. Бас л нэг эмгэн элдэв юм яриад эрхэм гарьдын маань хүслийн жигүүрийг гэмтээчихвэл, эрхэм ГАРЬД маань ГОРЬД хэмээх гуншинтай үлдэх нь магад. Нэгэнт зорьсон бол зүтгээд байгаарай, УИХ-ын танхим, төв цэнгэлдэх, энэ хорвоо гурав эгээ адилхан бөөрөнхий шүү. Наадмын талбайд байдаг шигээ дэвж шавж байгаад наанаа суугаад аваарай Гантогтох оо.
URL: