ДОХ-ын эсрэг вакцины туршилт амжилттай болжээ
Америкийн эрдэмтэд ДОХ-ын эсрэг урьдчилан сэргийлэх тарилгыг туршлагын амьтан сармагчинд туршсан нь үр дүнгээ өгсөн байна. Эрдэмтэд амьтан дээр туршсан туршилт амжилттай болсон учир удахгүй хүнд туршихаа мэдэгдлээ. Орегоны вакцин болон гений эмчилгээний хүрээлэнгийн эрдэмтэд эл бүтээлээ Их Британийн шинжлэх ухааны “Байгаль” сэтгүүлд нийтэлжээ. Тэд туршилтаа эрүүл гэх 24 “макак” буюу нохой сармагчин дээр явуулсан байна. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тэдгээр амьтны 13-т нь ХДХВ-ийн үржил нь зогссон байжээ. Харин 12 сармагчинд вакциныг хийснээс нэг жилийн дараа биед нь дархлаа суусан байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар тэдний гаргаж авсан вакцин нь ДОХ-ын вирусийн халдварыг бүрэн хянаж, цуснаас бүрэн цэвэрлэж болох боломж нээгдэж байгааг онцолсон байна. Судалгааны удирдагч, профессор Луис Пикер энэ талаар “Бид вакцинаа хүн дээр сорихоор төлөвлөөд байгаа. Гэхдээ сорилтыг гурван жилийн дараа л хүн дээр явуулах болно” хэмээжээ. Урьдчилан сэргийлэх тарилгын бүтэц нь одоогоор түгээмэл тохиолддог цитомегало вирус аж. Генийн инженерчлэлийн аргаар вирусийн бүтцэд өөрчлөлт оруулж, улмаар ой тогтоолтын Е-эс гарган авсан байна. Энэ нь дархлааны тогтолцоог сэргээж улмаар дархлал хомсдолын вирусийг устгах үйлчилгээтэй юм.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: