Иргэн та шүүгч болох эрхтэйгээ мэдсэн үү?

Д.БОЛОРМАА

Иргэн та өөрийгөө шүүх хуралдаанд оролцож бусдын гэм бурууг шүүн тунгаах эрхтэй болсон гэдгээ мэдсэн үү. Мэдээгүй гэвэл танд ийм боломж нээгдсэн гэдгийг дуулгая. Шүүхийн багц  хуулиар иргэдийн төлөөлөгч шүүгчийн дайтай эрх мэдэлтэй болж, танхимд суух гурван хүний нэг нь болж байгаа юм. Хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цөөнгүй иргэн ч олгогдсон эрхийнхээ дагуу шүүн таслах ажиллагаанд оролцсон тухай мэдээллийг шүүгч нар өгч байгаа юм. Иргэдэд ийм боломж олгосон нь шүүх эрх мэдлийн байгууллага ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих бололцоог бий болгох зорилготой.

Энэ нь мэдээж бүрэлдэхүүнтэй шүүх хуралд хамаатай.  Угтаа бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхаглан заасан ард түмэн. Нийгмийн шударга ёсны тогтолцоог хангахад иргэдийн оролцоог хангах нь маш чухал гэж. Гэвч Шүүхийн багц хууль батлагдахаас өмнө шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцдог гэх бэлгэдлээс өөр тодотгол байсангүй.  “Хүний эрхийн үндэсний төв”-ийн 2009 онд хийсэн судалгаагаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцох иргэдийн төлөөлөгчдийг сонгох шалгуурыг тодорхойлсон эрхзүйн акт байдаггүй.

Дээрээс нь ардын төлөөлөгчөөр ажиллаж байсан тэтгэврийн насны хөгшид, өмгөөлөгч, шүүхийн үйлчлэгч, манаач, жолооч, хуулийн сургуулийн дадлага хийж буй оюутнууд л оролцдог байлаа. Бүр тодруулбал, зарим хүн иргэдийн төлөөлөгч болж 2-18 жилийн туршид тасралтгүйгээр шүүх хуралдаанд оролцож байж.  Байнгын тогтвортой ажил болж байгаа хэрэг. Ингэснээр зарим иргэдийн төлөөлөгч өөрсдийгөө шүүхийн ажилтан гэж ойлгож, шүүх хуралдаанд өөрсдийн хүсэлтээр оролцох, зарим шүүхийн Тамгын хэлтсийн дарга иргэдийн төлөөлөгчдийг сонгон шүүх хуралдаанд оролцуулах үүргээ иргэдийн төлөөлөгчид шилжүүлээд хэвшил болчихсон байлаа. Ингэхдээ зөвхөн бэлэгдлийн чанартай суудал бөглөх гэж орно. Одоо бол иргэдийг шүүх хуралд шүүгчийн нэгэн адил эрхтэйгээр оролцуулснаар жирийн иргэн шүүхийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдэнд хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.  Хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн үйл ажиллагаа хөндлөнгийн хяналттай болохоос гадна аливаа хүн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана. Ингэхдээ иргэдийн төлөөлөгчөөр  шүүх хуралд оролцох хүмүүс хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тухайлбал, Монгол Улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн,  тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг. Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх мэтчилэн хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан хүнийг нэрсийн жагсаалтад багтааж, шүүх хуралд оролцуулна. Ингээд Шүүхийн Тамгын газрынхан нэрсийн жагсаалтаас тохиолдлын журмаар сонгож шүүхэд дуудна.

Мөн шүүх хуралд оролцохоор сонгогдсон иргэнд эдлэх эрх хэмжээ чиг үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар тодорхой мэдээллээр хангаж ажиллах юм. Ер нь шүүн таслах ажиллагаа бол мэргэжлийн шүүгч нарын хийдэг ажил л даа. Шүүгчид бол мэргэжлийн үүднээс тухайн хэрэг маргааныг нотлох баримтад үндэслэж, үйл явдлыг тогтоон, түүнд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэдэг. Харин жирийн иргэн хүн талуудын мэтгэлцээн дундаас өөрийн дотоод итгэлээр гэм буруугийн талаар шийдвэр гар­гах, олон нийтийн са­нал бодол шүүхийн шийдвэрт тусгагдана гэсэн үг. Мэдээж хуулийн мэдлэггүй хүн шүүх хурлыг таслахад гарах хүндрэлүүдийг тооцоолсон. Тэднийг шүүх хуралд хэрхэн оролцох заавар зөвлөгөөг шүүх хурал болохоос өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дуудаж, тодорхой мэдээлэл өгөх юм. Ингэснээр тухайн хүн шийдвэр гаргах төвшинд хуралд оролцох боломжтой гэж үзжээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүн хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хуралд заавал оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаан байвал нотлох баримтаа шүүх хурлын өмнө шүүхэд бичгээр авчирч өгнө. Ажил  олгогчийн хувьд ажилтандаа чөлөө олгож, иргэдийн төлөөлөгчийн хуралд оролцох бо­ломжийг олгох ёстой. Хэрэв  чөлөө олгоогүй тохиолдолд хуульд заасан хариуцлагыг  хүлээлгэнэ. Ингэхдээ иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, ажил олгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор хуульчилсан байна.

Иргэдийн төлөөлөгч хараат бус бие даасан байдлаар шийдвэрээ гаргана. Хараат бус байдлаа хангахын тулд нөлөөллийн мэдүүлэг бичнэ. Шүүхийн шийд­вэр гаргах төвшинд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид хэргийн оролцогч нар янз бүрийн байдлаар нөлөөлөх оролдлого  гарахыг үгүйсгэх аргагүй. Аюулгүй байдалд нь  заналхийлэх оролдлого ч гарч болох юм. Эсвэл авилгын  шинжтэй үйлдэл ч байж болно. Тийм учраас шүүх хурлын тов гарснаас хойш оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрийг нууцлах юм байна.  Түүнчлэн иргэдийн төлөөлөгчид нөлөөлөхийг оролдсон бол зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Шүүгч, иргэдийн  төлөөлөгчид нөлөөлөхийг оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг бичиж зохих газарт нь мэдэгдэх ёстой. Олон нийтэд ч гэсэн мэдээлэх үүрэгтэй.

Хэрэв төрийн албан хаагч шүүгчид нөлөөлөхийг оролдсон бол төрийн албанд ажиллах эрхийг хасна. Харин гадаад улсын  иргэн ийм үйлдэл хийвэл Монгол Улсаас албадан гаргахаар заажээ. Дээрээс нь иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэн хууль эрх зүйн мэдлэггүй ч гэсэн иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө дотоод итгэлээр гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн боломжтой. Тухайн иргэн шүүх хуралд оролцсоноор шүүхийн үйл ажиллагааны талаар зөв ойлголттой болохоос гадна хуулийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой байна. Иргэн танд анхан шатны шүүх нээлттэй учраас  шүүн таслах ажиллагаанд оролцох эрхээ эдлэхээ мартуузай.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих