Хүүхдээ хайхардаггүй эцэг, эхчүүд Монголд олон байна
-Өнгөрсөн онд 18 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алдаж, 165 хүүхэд бэртжээ-
Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн 455 хэрэг Цагдаагийн газарт бүртгэгджээ. Хэдийгээр урьд жилүүдийнхтэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй байгаа ч бас л их тоо. Харин бүтцийнх нь хувьд үзвэл бусдын эд зүйлийг хулгайлах, гэмтээх, хүчиндэх, дээрэмдэх, танхайрах хэргүүд эзэлж байна.
Мөн архидан согтуурсны улмаас 38 хүүхэд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх юм. Хүүхдүүд яагаад гэмт хэрэгт холбогдох болов. Уг нь хүүхэд нас гэдэг хамгийн , цагаахан, гэнэн, бүх зүйлийг сайхнаар харж, төсөөлдөг тийм л нас баймаар. Гэтэл хүүхдүүд энэ л гэгээхэн насандаа гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа нь харамсалтай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Хүүхдийн төлөө газраас хийсэн судалгаанаас харахад гэмт хэрэгт холбогдогч хүүхдүүд эцэг эхийн хайр халамж дутсан, гэр бүлийн тоогүй орчин, хүчирхийлэл, уруу татагдах, хайхрамжгүй байдлаасаа болдог гэнэ. Мөн хүүхдүүд дийлэнхдээ 22-06 цагийн хооронд гэмт хэрэг үйлддэг гэсэн байна. Мэдээж энэ цагийн хооронд сургууль, номын сан зэрэг хүүхдүүдэд хэрэгтэй газар л лав онгорхой байхгүй нь тодорхой. Үүнээс үзэхэд хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож буйг эцэг эхийн хайхрамжгүй байдалтай холбон ойлгоход буруудах зүйлгүй.
Уг нь хүн бүр л өөрийн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллаж, тэднийгээ юугаар ч дутаахгүй амьдруулахыг хүсэх нь тодорхой. Гэхдээ хамгийн гол нь анхаарал, халамж. Хүүхдүүдэд хэдийгээр юугаар ч дутахгүй, өмсөх хувцас, идэх хоол, сурах сургуультай байгаа ч анхаарал халамж байхгүй бол хайр дутаж байна л гэсэн үг.
Хүүхдээ хаагуур юу хийж хэнтэй нөхөрлөж байгааг нь ч мэдэхгүй явсан эцэг эх гэмт хэрэгт холбогдсоных нь дараа л өөрийнхөө халамж дутаж байсныг хүлээн зөвшөөрдөг хэмээн албаны хүмүүс ярьдаг юм билээ.
Саяхны нэгэн жишээг дурдъя. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Цаг агаарын аюулт үзэгдлээс болж, Дундговь аймагт нэг нас зургаан сартай эрэгтэй хүүхэд осгож нас барсан хэрэг гарсан. Байгаль дэлхий аашаа хувирган, цас хаялсан жихүүн өдөр бяцхан үрдээ анхаарал тавьсан бол бяцхан хүү яахан гэрээсээ гарч төөрч, осгох билээ дээ. Мөн доорх баримтууд эцэг, эхчүүдэд эрхгүй нэгийг бодогдуулах буй за.
ӨНГӨРСӨН ОНД ГОЛЫН УСАНД 30 ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Эцэг эхийн хараа хяналт хамгийн их сулардаг үе зуны улирал. Сурагчдын амралт эхэлж, хүүхэд бүр өөрийн хүссэнээрээ чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тэд зуны бүгчим халуунд бусдын хараа хяналтгүйгээр сэрүүцэхээр гол усанд шумбасанаасаа амиа алддаг байна. Зөвхөн 2010 онд усанд унаж осолдон, 30 хүүхэд амиа алдсан харамсалтай баримт байна. Одоо сурагчдын амралт эхэлж, зуны улирал ирж байна. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарлаа хандуулаасай осол гэмтлийн
УЛМААС 0-19 НАСНЫ 21.713 ХҮҮХЭД БҮРТГЭГДЖЭЭ
Гэр орон сууц нь ердийн, цахилгаан болон уурын халаагууртай, асран хамгаалагчид нь хүүхэд багачуудад анхаарал халамж тавьж чаддаггүйгээс ахуйн гэмтэлд хүүхэд хамгийн их өртдөг байна. Өнгөрсөн онд Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд осол гэмтлийн улмаас 0-19 насны 21713 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс яаралтай тусламж авах, халуун бодист өртөж, түлэгдэх нь 69.7 хувьтай байна.
Түлэгдэлт нь ахуйн ослын дотор хүүхдийн амь нас бүрэлгэх, хөгжлийн бэрхшээлтэй болгох, насан туршид нь сорвитой болгож гоо сайхны болон сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээг хийх асуудал зохих түвшинд байж чадахгүй байгаа нь харамсалтай.
Б.Батчимэг
URL: