Ё.Отгонбаяр: Тэтгэлэг олгосноос хойш сурлагын амжилт нь ахисан эсэхийг судлах хэрэгтэй

yo_otgonbayar(1)Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар батлав. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

 

-Таныг Боловсролын сайд байсны хувьд оюутнуудад тэтгэлэг олгодог хуулийн төслийн өөрчлөлтийн талаар байр суурийг тань сонирхоё. Гишүүд янз бүрийн саналтай байгаа шүү дээ?

-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд оюутнуудын тэтгэлгийг олгохдоо сурлагын амжилтаар урамшуулалт тэтгэлэг олгодог байхаар заасан байдаг. Анх энэ хуулийг батлахдаа 70 мянган төгрөгийг бүх оюутанд олгон, дээр нь урамшуулалт тэтгэлэг гэж дүнгийн голчоор хамаарч хувилж нэмж олгохоор болсон. Хамгийн дээд тал нь 140 мянган төгрөг авдаг байхаар баталсан. Гэтэл энэ хуульд өөрчлөлт оруулж, тодорхой шалгуур тавих гэж байгаа нь нэлээд маргаан үүсгэж байна. МАН-ын бүлгийн хувьд суурь тэтгэлгийг олгосон хэвээр үргэлжлүүлээд, урамшуулалт тэтгэлгийг нэмэгдүүлж болно гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү болгож өөрчлөхөөр төслийн анхны хувилбарт тусгасан. Харин гишүүд сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан зэрэг сурлагын амжилт зэргийг харгалзана гэсэн босго тогтоох санал гаргасан нь хэр оновчтой вэ?

-Шалгуурыг хэлэлцэх үеэр би дэмжсэн. Бүлгээс зөрүүтэй санал илэрхийлсэн гэсэн үг. Цаашид шалгуур тавих нь зарчмын хувьд зөв. Гэхдээ С.Баярцогт тэргүүтэй гишүүдийн оруулсан санал амьдралд нийцэхгүй. Яагаад гэвэл, аттестатчлагдсан гээд нэг хэсэг сургуулийг орхигдуулна. Хэдий сайн сурсан ч гэсэн сургуулийн үйл ажиллагаанаас хамаараад оюутан тэтгэлэг авч чадахгүйд хүрнэ. Мөн төгсөөд ажлын байраар 50-иас доошгүй хувь нь хангагдсан байна гэдэг маш осолтой заалт. 2011 оны статистик мэдээгээр 36 мянган хүн их, дээд сургууль төгсч, харин 17 мянган дээд боловсролтой хүмүүст зориулсан ажлын байр бий болсон тооцоо гарсан байдаг. Орон даяар бий болсон ажлын байрны тоо, төгсч буй хүмүүсийнхээ тооны 50 хувьд ч хүрэхгүй байхад ингэж ялгах нь угаасаа л тэтгэлэг өгөхгүй гэсэн бодлого. Эсвэл сургуулиуд худал мэдээлэл бүрдүүлдэг тогтолцоо бий болно. Бие биенийгээ хуурсан бодлого цаашид явах нь гэсэн үүднээс шүүмжилж байгаа.

-50 хувийн босгын шалгуурыг тогтоох нь учир дутагдалтай гэж гишүүд ярьсан. Гэхдээ тодорхой хувь тавьсангүй баталлаа.Энэ нь сургуулиудыг цөөлөх бодлого ч гэж байсан?

-Анх энэ хуулийг хэлэлцэн батлахад их маргаантай байсан. Хавтгайруулсан нийг­мийн халамж болно гэж шүүмжилж байлаа. Энэ төслийг анх санаачлагчид нь сарын 70 мянган төгрөг, 10 сарын турш 700 мянган төгрөг болно. Тиймээс Сургалтын төрийн сангааас буцалтгүй тусламж авдаг байсан катигор буюу малчны нэг хүүхэд, төрийн албан хаагчийн нэг хүүхэд тэтгэлэг авдаг байсныг хассан. Бүгдэд нь 700 мянган төгрөг олгодог болно гэсэн тайлбараар хассан юм. Гэвч энэ удаад байр сууриа өөрчилж байна. Ингэснээр тэр хэсэгт олгогддог байсан дэмжлэг алга болчихож байгаа юм. Ер нь шалгуурыг хуулиар зохицуулах биш үе шаттайгаар, Засгийн газрын журмаар зохицуулалт хийх ёстой. Сургуулиуд төгсөгчдөө ажлын байраар хангадаг байх хөшүүрэг бий болгож байгаа нь зөв ч энэ нь хэтэрхий өндөр байна.

-Их, дээд сургуулиу­дын төгсөгчдийн ажлын байранд орсон тоо судалгааг зарим хэвлэлд гаргасан байна. ШУТИС-иас бусад нь 50 хувьд хүрэхгүй, томоохон сургуулиудынх 20-30 хувьтай л байдаг юм билээ. Ер нь ийм төвшинтэй байдаг уу. Та сайд байсны хувьд сайн мэдэх байх?

-Судалгааг нь хар­сан. Их эргэлзээтэй тоо харагдсан шүү. Миний мэдэхээр ийм тоо гарахгүй. Ажлын байртай болж буй нь цөөхөн гэдэг нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Үүнд ажлын байртай гэхээс гадна мэргэжлээрээ гэж заасан байхгүй юу. Нэг мэргэжлээр төгссөн хүн мэргэжлийнхээ  ажилд орж байж л үүнд тооцогдоно. Тухайлбал, манайд жилд 7000 хуульч төгсч байгаа. Тэд хуульчийнхаа ажилд орж байж л ажлын байрны үзүүлэлтийг хангана гэсэн үг. Зөв бодлогын үүднээс буруу зохицуулалт хийчихвэл цаашид сургуулиуд  нарийн мэргэжлээр заах нь багасаад ерөнхий мэргэжлээр зааж эхлэх байх. ШУТИС-ийн төгсөгчид ажлын байраар сайн хангагддаг нь үнэн. Тэднийх голдуу уул уурхайн чиглэл, инженер бэлтгэдэг болохоор цаг үеэ дагаад ажлын байртай болох нь элбэг байдаг.

-Оюутнуудад тэтгэлэг олгохыг дэмжиж буй гишүүдийг хувийн сургуультай гэж хардах юм. Харин дэмжихгүй байгааг нь оюутнуудыг гадуурхлаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ асуудалд хандахдаа эхлээд хууль хэрэгжиж эхэлснээс хойш оюутнуудын сурлагын амжилт ахисан эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Тэгээд энэ тэтгэлгийг цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдгийг зохицуулах нь зөв. Сурлагын амжилтаар ялгаж тэтгэлэг олгох нь хуурамч дүнгийн араас хөөцөлддөг учир дутагдалтай болно. Намайг салбарын сайд байхад хувийн их, дээд сургуулиудын оюутнуудын голч дүн төрийн өмчийнхөөс арай өндөр гэсэн судалгаа гардаг байсан. Бидэнд хуурамч дүн байх вий гэсэн болгоомжлол байсан.

УИХ-д хувийн сургуультай гишүүд байгаа. Өмнө нь ч байсан. Гэхдээ тэдэнд хатуурхах шаардлагагүй биз дээ. Миний бодлоор хуулийг батлахдаа гишүүд хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, хувийн сургуультай гишүүд санал хураалтад оролцуулахгүй байя гэсэн саналтай байсан. Хоёрдугаарт, их дээд сургуулиудыг хадгаламж зээлийн хоршоо гэж зарим гишүүн хэлж байна лээ. Их, дээд сургуулиудын олгож буй боловсролын чанарт анхаарах зүйл байгаа нь үнэн. Гэхдээ хадгаламж зээлийн хоршоо гэж хэлэх нь алдаа. Тэгээд сургууль төгсч буй олон мянган хүнийг хадгаламж зээлийн хоршооноос гарсан бүтээгдэхүүн гэж хэлэх үү.

-Оюутнуудын тэтгэлэг байгаа оноогүй гэдэг. Нэг хэсэг нь 70 мянгаа өөр зүйлд зарцуулдаг, зарим нэг нь сургалтын төлбөр зэрэг хэрэгтэй зүйлдээ зардаг гэдэг шүү дээ?

-70 мянган төгрөгийг үр ашиггүй зарцуулдаг хүүхдүүд байдаг байх. Түүнийг үгүйсгэх аргагүй юм. Үр ашигтайгаар зарцуулдаг оюутнуудад үнэхээр хэрэг болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Оюутнуудад шууд бэлэн мөнгө биш өөр ямар нэгэн хөшүүрэг болох зүйлд олгож болдоггүй юм уу?

-Ер нь сургалтын төл­бөрт суутгадаг байх зарчмыг суулгаад өгчихмөөр л байгаа юм. Гэвч сургуулиуд тэтгэлгийн мөнгийг сургалтын төлбөрт авах сонирхолгүй байдаг. Учир нь сургалтын төлбөрийг тухайн хичээлийн жилийн эхэнд бөөнөөр нь авчихдаг. Жилийн турш мөнгөний хүү нь тооцогддог учир бөөнөөр нь авах сонирхолтой. Харин 70 мянган төгрөг улирал бүрт буудаг учир мөнгөний хүүг алдах гээд байдаг юм.

-Ерөнхийлөгч оюутнуудын тэтгэлгийг санаачилсан. Одоо өөрчилж сайн, муу сурдаг гэдгээр нь ялгаварлаж АН-ынхан Ерөнхийлөгчийн эсрэг зүйл хийж байна гэх юм. Энэ тухай танай намын голдуу гишүүд ярьсан шүү дээ?

-Боловсролын асууд­лыг ингэж улстөржүүлэх хэрэггүй. Ерөнхийлөгч харж байгаа байлгүй. Хориг тавих эрх нь ч түүнд бий. Хүүхдүүдийн сурлагын амжилтыг илүү сайжруулах бодлогыг нэг бол улстөржүүлэх, нэг бол хавгайруулж болохгүй гэж боддог. Ер нь төсөвт хүндрэл үүсч байгаа учраас оюутнуудад олгож буй тэтгэлгийн хэмжээг тодорхой хэмжээгээр хасах бодлогоор л ийм өөрчлөлт хийсэн болов уу.

 

М.ГАН /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих