Миатын мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо
МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох мөнгө угаасан гэх хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар гурван цаг гаруй хэлэлцлээ. Ингээд МИАТ-ийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бусад зүйл ангиар, тодруулбал, байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүллээ. Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүллээ. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгов. Шүүх хуралд дээрх нэр бүхий зургаан хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр 18 өмгөөлөгч ажилласан юм. Хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс яллагдагчдын үйлдэл, гэмт хэрэг нь нотлогдсон, хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл тохирсон хэмээн үзэж, хэвээр баталсан билээ. Гэвч яллагдагч нарын өмгөөлөгч “Мөнгө угаасан гэх зүйлчлэлээр ял оноосон нь буруу” хэмээн үзэж Дээд шүүхэд хандсан.
Сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байсан билээ.
С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: