Үхрийн хорт салст халуурал өвчин илэрчээ
Орхон аймгийн Жаргалант сумын Долоон Хайлаастай гэх газарт үхрийн хорт салст халуурал өвчин илэрчээ. Өвчний шинж тэмдэг өнгөрсөн сарын 24-нд илэрсэн бөгөөд аймгийн онцгой байдлын газар болон мал эмнэлгийнхэн дээж авч шинжилгээнд оруулсан гэнэ.
Шинжилгээний хариу энэ сарын 4-нд гарч, өвчилсөн малыг устгалд оруулж, тухайн газарт нэг сарын хугацаатай хорио цээр тогтоон, пост ажиллуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар энэ өвчний шинж тэмдэг дахин илрээгүйг албаныхан мэдээлж байна. Үхрийн хорт салст халуурал өвчин нь хүйтний улиралд гарах магадлал өндөртэй байдаг бөгөөд өвчилсөн тохиолдолд устгалд оруулахаас аргагүй болдог байна.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: