Хүүхдээ нуух гэж үү
Сонин гарчиглаж суутал “Цэвэрч, нямбай, архи уудаггүй хүнд хажуу өрөө хөлслүүлнэ. Жич: Хүүхэдтэй бол залгахгүй байхыг хүсье” гэсэн зар байхыг олж уншив. Хүүхэдтэй хүн залгах хэрэггүй гэнэ үү.
Түрээсийн байраар орон гэр хийгсдийн дийлэнх нь залуу гэр бүл байдаг. Мэдээж залуу гэр бүл бага насны хүүхэдтэй байх нь ойлгомжтой. Хашаа, байшин, орон сууц худалдаад авчих чадалгүйгээс хойш түрээсийн байрнаас хаа холдох билээ. Эцгийн гэрээс өрх тусгаарлачих санаатай, гэвч байр, орон сууц худалдаад авчих боломжгүй залуу гэр бүлийн хувьд түрээсийн байр л эцсийн сонголт шүү дээ. Гэтэл залуу хосууд маань байр түрээслэхийн тулд хүүхдээ нуух шаардлага тулгарах нь. Шөнө орой уйлаад унтуулахгүй, өдөр нь дүрсгүйтэж, үймүүлээд толгойг нь эргүүлнэ гээд ад үздэг байж болох юм. Гэхдээ л өөрөө үр хүүхэдгүй юм шиг ингэж өрөөсгөл загнах нь зүйд нийцэхгүй хэрэг.
Миний хувьд ч ялгаагүй түрээсийн байр хэсч явсан үе бий. Эздийн таашаалд нийцүүлж амьдарна гэдэг амаргүй даваа. Гэхдээ үр хүүхдийг минь тэд арай ч ингэж ад үзэж байсангүй. За хүүхэдтэй, тэр тусмаа бага насных бол түрээсийн байр лав олдохгүй цаг ирчихэж. Гэтэл албан байгууллагууд бүсгүйчүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ойрын 3-5 жилийн дотор хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж болохгүй гэсэн шаардлагыг тавьдаг болоод багагүй хугацааг үдэж буй. Дүү маань ч сургуулиа төгсөөд нэгэн хувийн эмнэлэгт ажилд орохдоо ойрын гурван жилийн дотор хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхгүй хэмээн ам өчгөө өгсөн байдаг юм. Ингэхээр ажилд ормогцоо хүүхэд төрүүлэх тухай бодоод ч хэрэггүй.
Нялх хүүхэдтэй хүн ажилд орно гэж бүр саналтгүй. Хүүхдийг нь харах хүнтэй байсан ч нялх хүүхэдтэй гэдгийг нь сонсоод л шууд ажилд авахаас татгалздаг болсон тухай нэгэн танил маань ярьж байсан юм. За ингээд хүүхэдтэй хүнд түрээсийн байр, ажил олдохгүй гэдэг нь эндээс харахад илэрхий. Хүүхэдтэй ганц бие ээж, аавуудад амьдралын ханьтай болох аз тэр бүр тохиогоод байдаггүй нь бичигдээгүй хууль.
Үүнээс гадна орчин цагийн охид, бүсгүйчүүд сурч боловсрох, амжилт гаргахыг чухалд тооцож, нэн тэргүүний зорилтоо болгодог болсон. Тиймээс ч 30 хэвийсэн насандаа анхныхаа хүүхдийг төрүүлэх нь хэвийн үзэгдэл болчихоод буй. Хэт баруунжсан соёл, сэтгэхүйн нөлөө гэхэд ч буруудах зүйлгүй. Арай гэж хүссэн ажилдаа орж байхад юун хүүхэд гэх бүсгүйчүүдтэй ч нэг биш удаа таарч байлаа. Өчнөөн жил суралцаж, сая нэг боллоо гээд ажилд орчихоод хэн ч өөрийгөө таниулж, амжилт гаргаж, карьераа эхлүүлж чадаагүй байж гэрийн мухар сахихыг хүсэхгүй. Тэр ч бүү хэл заавал хүүхэдтэй байх албагүй гэж боддог нэгэнтэй ч таарч байв.
Энэ бүхнээс харахад хүүхэд орчин цагийн хүмүүсийн амьдралд дараа болоод байна уу гэсэн асуудал ургаж байгаа юм. Гэхдээ үүнд иргэд буруугүй. Мэдээж хүн юм чинь үр удмаа үлдээхийг хэн ч хүснэ. Гагцхүү хуруун чинээ хүүхдээ нуух шаардлагагүйгээр, амар жимэр амьдрах боломж, нөхцлийг нь бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Ядаж түрээслэгчид хүүхэдтэй хүнд толгой хоргодох эрх олгоосой. Ажил олгогчид хүүхэдтэй, ганц бие гэж ялгаварлалгүйгээр эн тэнцүү хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлээсэй. Хүнтэй гэрлэхийн тулд үр хүүхдээ нуудаг юм гэнэ билээ, зарим нь. Гэтэл одоо ажилд орохын тулд, байр түрээслэхийн тулд төрсөн үр хүүхдээ үгүйсгэж, нуух шаардлага тулгарах нь дээ, янз нь.
Х.Өнөржаргал
URL: