Ураны асуудлаар хэн юу хэлэв

Ураны асуудлаар хэн юу хэлэв

Цөмийн хаягдлыг Монголд булшлах нь хэмээн яриад багагүй хугацаа өнгөрч байна. Л.Болд сайдыг Францын Гадаад хэргийн сайдтай нууц гэрээ хийсэн хэмээн хардаж байгаа. Төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудлаар хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд Засгийн газраас албан ёсоор үгүйсгэсэн билээ. Энэ гэрээний асуудалд холбогдсон болон хүчтэй шүүмжлүүлсэн хүмүүс байр сууриа илэрхийллээ.

Гадаад харилцааны сайдын зөвлөх А.Батпүрэв:
-Францын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хоёр талаас албан ёсоор гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар тухайн үед ил тод мэдээлж байсан. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт л гарын үсэг зурсан.
Зориудаар мушгин тайлбарлаж буй асуудлын хувьд гэвэл цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 1997 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанитай Монголын төрийн өмчит “Мон-Атом” хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан байна. Ингэхдээ хамтын ажиллагаа нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-той нийцэж байх ёстойг манай тал мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Цөмийн хаягдал булах гэсэн асуудлаар олон хүн санаа зовж асуужээ. Тийм зүйл төрийн асуудал шийдэх төвшинд яригдаагүй. Цөмийн хаягдал газар шороондоо булшлахгүй гэсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгаа.

Засгийн газар: -Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчилэн ярьжээ.Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Дэд сайд О.Чулуунбат: -Наадах чинь улс төрийн шинжтэй гүтгэлэг байна. Тэгэхээр би тайлбар өгөөд байх шаардлага алга. Би уран олборлохыг дэмждэг. Бид уранаа олборлох ёстой. Гэхдээ цөмийн хаягдал булшилна гэдгийг ямар ч хүн дэмжихгүй. Улс төржиж байгаа хэсэг хүмүүсийн гүтгэлэг. Наад яриаг чинь би нэг жилийн өмнө Японы телевизэд өгсөн. Тэгээд ч яриа нь дуулдахгүй байна лээ. Худлаа мэдээлэл.

Б.Балжир /Монголын мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих