Ч.Мөнхчимэг: Миний ажил , мэргэжил охид болгоны мөрөөдөл байх аа

Цэлмэг тэнгэрээр дүүлэн нисэх онгоцонд “тэнгэрийн бүсгүйчүүд” ажилладаг. Тэдний нэг МИАТ компаний агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн туслах Чимэддоржийн Мөнгөнчимэгийг бид урьж ярилцлаа. Түүнтэй уулзахаар гэрт нь 16.00 цагийн үед очиход дугаарын зочин маань шөнийн нислэгтэй учраас бэлтгэлээ базааж байна гэсээр нүүрэндээ “маск” тавьчихсан инээмсэглэсээр үүдээ нээсэн.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
-2002 онд МИАТ компанид агаарын хөлгийн үйлчлэгчээр ороод, 2007 оноос агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн туслахаар ажиллаж байгаа. Бараг 12 жил нисэж байна даа.
-Энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бол?
-Миний аав МИАТ компанид 35 жил ниссэн онгоцны дарга хүн. Одоо тэтгэвэрт гарсан. Би багаасаа л аавтайгаа нисэж өссөн дөө.
-Аав тань мэргэжил сонгоход зөвлөсөн гэсэн үг үү?
-Үгүй, ерөөсөө л хүүхэд байхаас миний сонирхол, мөрөөдөл, сонголт ийм байсан.
-Манай сонинд уригдсан хамгийн анхны агаарын хөлгийн үйлчлэгч учраас би танаас ажил мэргэжлийн тань онцлогоос яриагаа эхлэе гэж бодлоо. Энэ мэргэжлийг хүссэн хүн болгон ч эзэмшдэггүй. Ер нь, өндөр шалгууртай гэж сонссон?
-Тиймээ, ер нь шалгуур өндөр шүү. Дээд сургууль төгссөн, хоёроос дээш гадаад хэл эзэмшсэн. Мэдээж, биеийн өндөр, жин заасан байдаг Хамгийн гол нь эрүүл байх ёстой гэсэн үндсэн шалгуурууд бий.
-Биеийн өндөр, жин хэд байх ёстой гэж…?
-Эмэгтэй үйлчлэгч 165 см-ээс дээш, эрэгтэй нь 175 см орчим өндөртэй, тэгээд биедээ ямар нэгэн шарх сорвигүй, өөртөө тохирсон жинтэй байх ёстой. Үргэлж жингээ барих ёстой. Эрүүл мэнд бол маш том үзүүлэлт. Энэ шалгууруудад тэнцсэн тохиолдолд Солонгос руу сургалтад явж, сертификат авдаг. Анх удаа агаарын хөлгийн үйлчлэгч болох хүн бол 14 хоногийн сургалтад хамрагдана. Бид жил болгон Солонгост давтан сургалтад суудаг
-Насны хязгаар бас бий юу?
-Байгаа. 45 нас хүртлээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаад газарт ажиллаж болно.
-Олон улсын нислэгийн үйлчлэгч, орон нутгийн нислэгийн үйлчлэгч гэсэн ялгаа бий юу? 
-Манай компани өмнө нь орон нутгийн нислэг хийдэг байсан. Одоо бол зөвхөн олон улсын нислэг үйлдэж байгаа.
-МИАТ-д хичнээн үйлчлэгч ажилладаг вэ? 
-Үндсэн 90-ээд үйлчлэгчтэй.  Зуны улиралд нислэгийн тоо нэмэгддэг учраас түр гэрээгээр 50-60 үйлчлэгч авч ажиллуулдаг юм.
-Та бүхний ажил, амралтын дэглэм хатуу байдаг байхаа? 
-Завтай үедээ унтаж амрахыг л боддог. Найман цаг амарч байж дараагийн нислэгт гарна. Холын нислэгээс буусан бол 24 цаг амарна.
-Жишээ нь, Берлин рүү нислээ гэхэд… 
 -Берлин манай хамгийн холын нислэг. Замдаа Москвад буугаад цаашаа нисдэг. Цагийн зөрүүтэй, дээр нь бууж суусан цагтайгаа нийлээд арваад цаг тэнгэрт аялна. Тэнд экипаж солигдоод, амарч байсан нислэгийн багийнхан нислэгт гарч, бид амардаг. Өвөл нислэгийн давтамж нь долоо хоногт хоёр удаа учраас Берлинд бид 3-4 хоног амардаг юм. Зун болохоор долоо хоног тутам дөрвөн нислэгтэй, очоод л маргааш нь буцна. Цагийн зөрүүтэй болохоор хэцүү шүү.
-Юу билээ, 10 мянган метрийн өндөрт гэдэг билүү. Би тэгж сонссон. Олон цагаар тийм өндөрт ажиллана гэдэг газар дээрхтэй адилгүй л байх гэж бодох юм.
-Миний л сонгосон ажил, мэргэжил шүү дээ. Хэцүүг нь мэдээж анхнаасаа мэдэж л байсан. Гэхдээ үнэхээр ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай болохоор ажил, амралтаа зохицуулаад л явдаг Ядрах үе байлгүй яахав.
-Та өнөөдөр шөнийн нислэгтэй, бас л нисэх нь дээ. Надад бол гоё л сонсогдож байна. Аяллын өмнө ямар бэлтгэл хангах вэ?
- Шөнийн 03:00 цагт Бээжингийн нислэгтэй. Бээжингийн нислэг хамгийн амархан нислэг. Миний бэлтгэл аль хэдий нь эхэлчихсэн л байна. Хамгийн түрүүнд маш сайн унтаж амарч биеэ бэлдсэн байх ёстой.
-Та тэгээд хэзээ энэ нислэгээс ирэх вэ? 
-Маргааш 11,00 цагийн үед л бууна даа.
-Онгоцны үйлчлэгчид гоё л бүсгүйчүүд харагддаг. Монгол Улсын нүүр царай болж байгаа учраас гоо сайхандаа их анхаарал тавьдаг байхаа?
-Бид Солонгост жил болгон давтан сургалтад хамрагддаг гэсэн шүү дээ. Тэр сургалтын хөтөлбөрт гоо сайхны хичээл багтдаг. Нүүр будах, үс арчлах, боох гээд нарийн зүйл заана. Бүх зүйл стандарттай. Ажлын гутал хүртэл. Нислэгээс өмнө ахлах үйлчлэгч юмуу, туслах нь бусад үйлчлэгч нарынхаа бэлтгэлийг шалгана. Хумс хуруу гар, үс, нүүрний будалт ямар байна. Үнэртэй ус түрхэж үү гэдгийг ч шалгадаг .
-Үнэртэй ус түрхэхгүй гэж үү?
-Заавал түрхэнэ. Үнэртэй усны үнэр хурц уу, үгүй юу гэдгийг нь, гутлаа тосолсон байна уу,  хувцасны индүүдлэг ямар байна гээд бүгдийг нь шалгадаг.
-Маш нарийн шалгууртай юм байна. Жишээ нь  уруулаа, хумсаа ямар өнгөөр буддаг вэ?
-Хумс будах тогтсон өнгөнүүд байна л даа. Жишээ нь, жижиг хумстай бол өнгөгүй будгаар будаж болно. Ажлын дүрэмт хувцас өмсдөг учраас аль болох даруухан өнгөөр буддаг. Ер нь, улаан хүрэн өнгө бидэнд их зохьдог. Уруулаа тод өнгөөр будаж байж онгоцны гэрэлд гоё харагдана. Онгоцны гэрэл бүүдгэр шүү дээ.
-Нислэгээс хэдэн цагийн өмнө онгоцон дээрээ очсон байх ёстой вэ?
-Гэрээсээ бол бид нисэх цагаасаа гурван цагийн өмнө автобусандаа сууна. Хоёр цагийн өмнө компани дээрээ очсон байна. Компани дээр нислэг болгоны өмнө хооллодог. Нислэг эхлэхээс яг цагийн өмнө онгоцон дээр очно. Онгоцоо болон хоол хүнсээ хүлээж авна. Мөн онгоцны цэвэрлэгээ бүх зүйлийг шалгаж дуусаад бусад ажилчдыг гарсны дараа нислэгийн өмнөх аюулгүй ажиллагааны үзлэг хийнэ.
Онгоц нислэгт бэлэн байна уу, аюулгүй байна уу гэдгийг дахин нягтална гэсэн үг. Тэгээд нисэхээс 30 минутын өмнө багийнхны нислэгийн өмнөх хамтарсан яриа болдог. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа бүгд ярилцдаг. Онгоцын дарга мөн 10 минут мэдээлэл хийнэ. Түүний дараа зорчигчдоо хүлээж авна даа…
-Галт тэрэгний үйлчлэгчид вагоны үүдэнд зорчигчдоо хүлээж авдаг. Та бүхэн зорчигчдоо хэрхэн угтаж авах вэ? 
.-Бид ч адилхан шүү дээ. Инээмсэглэж, мэндэлж угтаж аваад, суудлыг нь зааж өгнө. Хүүхэдтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл өндөр настай зэрэг тусгай халамж шаардагдсан зорчигчдыг суудалд нь суулгаж өгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. Ослын үед та аль хаалгаар гарах вэ, үйлчлэгчийг яаж дуудах вэ? гэх зэргээр зааварчилгаа өгдөг Үйлчлэгч болгон өөр өөрийн хариуцсан газраа зорчигчоо хүлээж авдаг
 -Нэг онгоцонд хичнээн үйлчлэгч ажилладаг вэ? 
-Боинг 737 онгоцонд зургаа+4 үйлчлэгч, Боинг 767 онгоц дээр найман үйлчлэгч ажилладаг.  Нэг үйлчлэгч нэг хаалга хариуцдаг. Ямар нэгэн осол боллоо гэхэд хариуцсан, хариуцсан хаалгаа онгойлгож зорчигчдоо аврах ёстой. Хаалганы тоогоор үйлчлэгч явдаг гэсэн үг. Нислэгийн өмнө бүх үйлчлэгчид ажлыг нь хуваарилаад өгчихдөг. Өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай.
-Нислэг болгон дээр өөр өөр хүмүүсээр баг бүрддэг үү? Эсвэл байнга хамт нисдэг баг байдаг уу?
-Нислэг болгон дээр нэг баг бүрдээд л явдаг. Сард дээд тал нь 100 цаг нисэх ёстой. Сарын эхэнд нислэгийн хуваарь гарна л даа. Бүгдээрээ өдөр бүр нарядаа хараад шалгаад л явдаг.
-Агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн туслахын хувьд та ямар ажил хариуцдаг вэ?
-Би агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд тусална гэсэн үг. Ахлах бол бүх хүмүүсээ хариуцна. Би хойд талын үйлчилгээг хариуцдаг .
-Танай компани ямар чиглэлүүд рүү нислэг үйлдэж байгаа вэ?
-Манай үндсэн нислэг Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Берлин- Москва -Улаанбаатар гэсэн чиглэлд үндсэн нислэгтэй.
-Олон улсын нислэгээр Монголчууд маань их зорчиж байна уу, гадны зорчигчид олон уу?
-Монголчууд маш их зорчдог болсон шүү дээ. Банког, Сингапур, Дубай, Вьетнам руу захиалгат нислэгүүд их үйлдэгддэг. Захиалгат нислэгүүдийн зорчигчид нь Монголчууд .
-Та ямар чиглэлд дуртай вэ? 
-Берлин /инээв/
-Яагаад? 
-Охид болгоны мөрөөддөг мэргэжлээр ажиллаж байгаа гэж би боддог юмаа. Энэ мэргэжлийн онцлог нь газар үзэх. Берлинд бидэнд амрах, газар үзэх боломж илүү олддог. Бусад нислэг бол очоод цаг болоод л буцна.
 -Арван хэдэн жилийн өмнөх хамгийн анхны нислэгээ дурсахгүй юу? 
-Анхны нислэг Улаанбаатар-Сөүл-Токио-Сөүл-Улаанбаатар гэсэн чиглэлд ниссэн. Олон цаг, олон буулт суулттай их ядардаг нислэг байсан. Тэгэхэд юугаа ч мэдэхгүй хүүхэд байлаа шүү дээ. Шууд япон, англи хэл дээр зарлан сонордуулга унш гэсэн.
Сандраад л… Одоо бодоход юу ч уншиж байсан юм бүү мэд. Үнэндээ, надад тэр аймаар хүнд нислэг байсан шүү. Тэгэхэд юу уншиж байснаа нислэгээс буусан хойноо бодоод олдоггүй юм. /инээв/ Одоо бол бүх юм гарт орчихож дээ. Япон хэл дээр зарлан мэдээлэл уншдаг
-Ингэхэд та хэдэн хэлтэй вэ?
-Миний үндсэн мэргэжил япон хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер. Мөн орос, англи хэлтэй.
-Түрүүнээс хойш би таны ярианаас хэдийд нь амардаг юм бол гэж бодоод байна л даа. Ар тал найдвартай байхгүй бол ч… 
-Харин тиймээ, ар гэртээ цаг гаргаж чаддаггүй. Амьдрал ер нь, орхигдчихдог л доо. Нэг харахад л, хүүхэд том болчихсон байх юм. Би хүү, охин хоёртой. Том нь долоо, бага нь дөрвөн нас хүрч байна. Аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа болохоор тэдэндээ хүүхдүүдээ орхиод л явдаг
Гэр бүлийн хүн ажлыг минь ойлгохгүй байх их хэцүү байдаг юм билээ. Манайхны ар гэрийнхэн ажлыг нь их ойлгодог, хувцсыг нь хүртэл бэлдээд тавьчихсан байдаг. Ер нь, гэр бүлээрээ нисэхийн амьдралд дасчихсан, биднийг ойлгож, сэтгэл зүрхээрээ дэмжсэн хүмүүс байдаг даа.
-Чөлөөт цаг гарвал юунд зарцуулдаг вэ? 
-Гэр бүлийнхэнтэйгээ байхад л зарцуулна. Хүүхдүүдтэйгээ хамт байх л миний хувьд хамгийн сайхан амралт болдог. Аав минь нисгэгч байсан болохоор багаасаа нисэхийн амьдралд дурлаж бас дассан. Багадаа аавынхаа барааг бараг хардаггүй байлаа. Одоо өөрөө л тийм хүн болчихоод байна./инээв/
 -Нислэгт гарахад бэлтгэл гээд зав бага байдаг байх. Бууж ирсэн үед юу бодогддог вэ?
-Нислэгээс буугаад л сэтгэл амсхийдэг. Ар гэр, үр хүүхэд, өөр бусад зүйлийн тухай бодох завтай болдог. Нислэгийн өмнө тэнгэр цэлмэг, буулт зөөлөн байгаасай гэж үргэлж боддог.
 -Нислэгийн үед янз бүрийн хүндрэл гарах тохиолдол хэр вэ? 
-Ер нь, гарна шүү. Хүн өвдөнө, төрнө. Дээр үед манай орон нутгийн үйлчлэгч Сувдаа эгч хүүхэд эх барьж авч байсан гэдэг юм. Одоохондоо олон улсын нислэгт тийм зүйл тохиолдоогүй байна. Гэхдээ бид бэлтгэгдсэн байдаг.
Хүүхэд эх барьж авах, хүн аврах, анхны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаад, сертификат авдаг. Бүх шалгуураа давсан учраас аль болох тайван мэддэг, чаддагаа бие биедээ зааж зөвлөөд явцгаадаг .
-Таны хүсэл мөрөөдөл…?
-Мэдээж, өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөл байгаа. Ажил мэргэжлийн хувьд хамгийн сайн үйлчлэгч болохыг хүсч байна /инээв/. Нэг хүн ч гэсэн манайхаар үйлчлүүлээд буухдаа сэтгэл хангалуун, “Ямар сайхан үйлчлэв ээ. Та нарт баярлалаа” гээд.буухад л бидэнд маш том шагнал болдог. Урмын үг сонсоход хамаг ядаргаа мартагддаг даа.
-Таныг 2012 оны ажлаараа компанийхаа агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн шилдэг туслахаар шалгарсан гэж сонссон. Тэгэхээр таны хүсэл зорилго биелж л яваа юм байна даа? Сүүлчийн асуултыг танд үлдээе. 
-Хамт олондоо ажлын амжилт хүсье. Тэнгэр үргэлж цэлмэг, нислэг болгон минь амжилттай байг!
Б.Гүнж
Эх сурвалж: “Ганзам” сонин

URL:

Сэтгэгдэл бичих