ЮНЕСКО-гийн тэргүүн улиран сонгогдов
ПАРИС. /АП/. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова НҮБ-ын соёлын тус агентлагийн тэргүүнээр дахин дөрвөн жил ажиллахаар боллоо.
ЮНЕСКО-гийн нэгдсэн чуулганы үеэр дахин сонгогдсон, Болгарын Софи хотоос гаралтай тэрбээр төсөв танасантай уялдуулан ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг цомхотгон, оновчтой зохион байгуулан ажиллахаа амласан байна.
Тус байгууллагын төсвийн дөрөвний нэг хувийг гаргадаг байсан АНУ хандиваа зогсоосон билээ. Энэ нь 2011 онд Палестиныг ЮНЕСКО өөрийн гишүүнээр хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм. Төсвийн маргааны улмаас санал өгөх эрхээ алдсан АНУ ЮНЕСКО-гийн тэргүүний сонгуульд оролцсонгүй.
АНУ-ын Эрх чөлөөний хөшөө, Малигийн Тимбукту зэрэг дэлхийн соёлын өв газруудыг хамгаалах ажлаар ЮНЕСКО хамгийн их алдаршжээ. Тус байгууллага хэт давруу үзлийг эсэргүүцдэг юм.
Л.Урангуа МОНЦАМЭ
URL: