ДОХ-ыг шүлсээр 30 минутын дотор оношилж байна

ДОХ-ын халдвар авснаас хойш нэлээд хэдэн долоо хоногийн дараа хүний дархлааны систем вирүсийг эсэргүүцэх эсрэг биет ялгаруулж байдаг учраас цус, шээс, шүлс, нулимснаас тэр эсрэг биет илэрч болно-

Сайхан мэдээ дуулгая. Хүний шүлсээр ДОХ өвчтэй эсэхийг тогтоож чаддаг боллоо.

БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газраас зөвшөөрсний дагуу тус улсад шүлсээр ДОХ-ыг түргэн тодорхойлдог тестийг үйлдвэрлэн худалдаалах боллоо. Тиймээс удахгүй Монголын зах зээлд худалдаалагдах нь гарцаагүй. Ингэснээр хүмүүс ДОХ-той болсон эсэхээ бие даан шалгах боломжтой болж байна.

Бээжингийн эм бэлдмэлийн “Ваньтай” компани, Халдварт өвчнийг оношлох хэрэгсэл болон вакциныг судлах инженер-техникийн улсын төвийн хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүн 30 минутын дотор оношийг тогтоох ажээ. Онош 100 хувийн нарийвчлалтай гарна гэдгийг тус улсын нэр хүндтэй олон байгууллагын явуулсан клиник туршилтын дүн харуулсан байна.

“ДОХ-ын вирүсыг шүлснээс илрүүлнэ гэдэг нь вирүс шүлсээр дамжин халдварлана гэсэн үг биш” гэж дээр дурдсан төвийн орлогч захирал Жан Зюнь тэмдэглээд, ДОХ-ын халдвар авснаас хойш нэлээд хэдэн долоо хоногийн дараа хүний дархлааны систем вирүсийг эсэргүүцэх эсрэг биет ялгаруулж байдаг учраас цус, шээс, шүлс, нулимснаас тэр эсрэг биет илэрч болохыг нэмж хэлжээ.

Одоо Хятадад ДОХ-ыг шинжлэн тогтоох бүх хэрэгсэлд цусыг ашиглаж байгаа нь хүн өөрийгөө хянах шаардлагыг хангаж чадахгүй байгаа билээ. Шээс болон шүлсээр өвчтэй эсэхээ тогтоох арга ДОХ-ын халдвар авсан эсэхээ хянах нийт үндэстний болон дэлхий нийтийн чиг хандлага болж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих