Зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэр зэс гаргаж, худалдаалах нь маш чухал
“Metals Mongolia 2013” хоёрдугаар чуулга уулзалтад МАК ХХК-ийн дэд еренхийлөгч Г.Даваацэрэн “Цагаан Суваргын алт-молибдены төслийн явц” гэсэн илтгэл тавьсан. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулган боллоо. Энэ чуулганы гол асуудал бол хөрөнгө оруулагчдыг татах тухай асуудал хэлэлцлээ. Та энэ талаар санал бодлоо хэлнэ үү?
Чуулга уулзалт гол асуудал Монгол Улсад цаашид уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, металлургийн чиглэлээр яригдсан нь сайшаалтай. Монгол Улсад өнөөдрийг хүртэл зэс алтыг боловсруулах үйлдвэр ховорхон байна. “Эрдэнэт” компанийг эс тооцох юм бол ихэнх уул уурхайн бүтээгдэхүүн гадагшаа боловсруулалтгүй гарч байгаа юм. Металлургийн салбар гэдэг тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог салбар. Монголд хар, өнгөт, үнэт металлургийн чиглэлийн салбар хөгжих боломжтой. Өнөөдрийн байдлаар нэгд, алтны тухай ярьж байна. Бидэнд өмнө нь алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан сургамж бий. Гэтэл өнөөдөр хүмүүсийн ярьж байгаагаар алтны олборлолт буураад, гаалийн хяналтгүй гадагшаа их хэмжээний алт гарч байгаа гэсэн асуудал тавигдлаа. Хоёрт, Оюутолгой ашиглалтанд орсноор зэс их хэмжээгээр гадагшаа гарч байна. Харин манай компани “Цагаан суварга” -ын ордоо ашиглалтанд оруулахаар бэлтгэж байна. Монгол Улсад их хэмжээний зэсийн баяжмал хуримтлагдана. Энэ баяжмалыг яах вэ гэдэг асуудал энэ чуулганд яригдсан гол асуудал болж оршлоо. Бид үндэсний хэмжээний хайлуулах, боловсруулах үйлдвэр барих тухай олон жил ярьж байгаа. Мөн “Зэс” хөтөлбөрийн хүрээнд ч ярьсан. Тэгэхээр зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэр зэс гаргаж, худал-даалах нь маш чухал. Энэ хурлын үеэр төрийн бодлогыг зэс, алтны салбарт чиглүүлэх хэрэгтэй юм. Зэс, алтыг хайлуулж, боловсруулахад шинэ техник технологийн бодлого нь төлөвлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл.цэвэр зэсээр бүтээгдэхүүн хийх нь туйлын чухал. Одоо Монголд энэ боломж байхгүй байна. Тиймээс бүтээгдэхүүний харьцаа эцсийн бүтээгдэхүүн, өртөг шингэсэн оюуны өгөөжтэй бүтээгдэхүүний хувь хэмжээ хэд юм бэ гэдгийг оновчтой тогтоох асуудал чухал байна.
Таны ажиглаж байгаагаар оролцогчид голдуу ямар асуудал хөндөж тавьж байна вэ?
Сүүлийн үед уул уурхайн салбарт бодлого алдагдсан. Цаашлаад металлург, химийн аж үйлдвэрийн салбар хоорондоо уялдаатай. Энэ салбарын бодлого алдагдсан талаар хүмүүс ярьж байна. Энэ бол үнэний ортой юм. Тиймээс уул уурхайн салбарын бодлогыг иж бүрнээр нь металлург, өнгөт, хар металлургийн салбар, гангын үйлдвэрт чиглүүлж, боловсруулах талаар гол чухал асуудал яригдаж байна. Энэ бол маш чухал асуудал юм л даа. Ер нь төрийн бодлого ч энэ салбарт алдагдсан гэдгийг хэн хүнгүй л хэлж байна.
Б.Баярмаа
URL: