Хүхрийн хүчлийн хэрэглээний эдийн засгийг бий болгох ёстой
“Metals Mongolia 2013” хоёрдугаар чуулга уулзалтад Үйлдвэр, хөдөө аж аухйн дэд сайд Г.Цогтгэрэл хүрэлцэн ирж сэдвийн хэлэлцүүлэгт оролцсон юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Монголд металлургийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах талаар ямар бодлого баримтлаж байгаа вэ?
Энэ чуулган их ач холбогдолтой. Саяхан бид хөрөнгө оруулалтын хуулиа баталсан. Хөрөнгө оруулагчдын тавьдаг ганц асуудал бол танай хөрөнгө оруулагчдын эрх зүй орчин байнга өөрчлөгдөөд байна. Энэ нь хөрөнгө оруулж тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш төвөгтэй юмаа гэдэг. Тиймээс бид тогтворжилтийн гэрчилгээ гэдгийг авч оруулсан. Хуулинд заасны дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн компаниуд 10-20 гаруй жил хүртэл үйл ажиллагааггаа явуулах бололцоо нөхцлөөр хангах юм. Тэр хугацаанд татвараа төлнө. Татварын хувь хэмжээ нэмэгдсэн, эсвэл буурсан тохиолдолд ашиглах боломжтой болж байгаа юм. Тодруулж хэлбэл, гаалийн, аж ахуйн нэгжийн, орлогын албан татварын, нөөц ашиглалтын тухай хуулиуд тогтвортой байх болно. Одоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хүнд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байна. Эдийн засийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, манай яамны хамтарсан “Монгол зэс хөтөлбөр”, “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулж байгаа. Тун удахгүй Засгийн газраар батлагдах учиртай. Ийм том том хөтөлбөрүүд хэрэгжих гэж байгаа босгон дээр хөрөнгө оруулалтын хууль хэрхэн хэрэгжих гэх зэргийг ойлгуулах чухал ач холбогдолтой чуулган боллоо.
Энэ салбарыг хөгжүүлэхэд ямар судалгаа хийгдсэн юм бол?
Харин энэ салбарын судалгаа, шинжилгээ хангалттай хийгдсэн байдаг. Зэсийн салбарт хэдхэн орд бий. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн техник, хүн хүч, бололцоонд суурилж, сүүлийн 20-иод жилд янз бүрийн судалгаа хийсэн байна. Дэлхийн 10-аад компани оролцсон Орос, Америк, Австрали, Канад, Японын талтай судалгааг хийсэн. Жишээ нь, судалгаа хийгээд түүндээ ийм технологи нь илүү үр ашигтай, хүдрийн тогтоц болон үзүүлэлтүүдзд тохирч байна гэж дүгнэдэг. Гол асуудал зэс хайлуулахад уламжлалт технологи гэж байдаг юм. Уламжлалт технологиор үйлдвэрлэл явуулахад хүхрийн давхар исэл маш их ялгардаг. Энэ ислийг хааш нь хийх тухай яригдаж байна. Хүхрийн хүчлийн хэрэглээний эдийн засгийг бий болгох ёстой. Хүхрийн хүчил өргөн салбарт хэрэглэгддэг юм. Наад зах нь 50-60 хувь нь бордоонд хэрэглэдэг. Мөн химийн, нефть, будаг, машин механизмын үйлдвэрт, гоо сайхан, хуванцар зэрэг чиглэлийн үйлдвэрт хэрэглэдэг байна. Манай улс бордоондоо хэрэглэх бүрэн боломжтой. Мөн уран баяжуулахад хэрэглэх бололцоотой. Миний хувьд Бүрэн хааны үйлдвэрийг байгуулахдаа хүхрийн хүчлийг ашиглаж, бордоо хийж, хүхрийн хүчилд суурилсан химийн үйлдвэр хегжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэхэд үе шаттай үйл ажиллагаа явуулах, мөн улстөрийн эцсийн шийдэл хэрэгтэй юм.
Б.Баярмаа
URL: