Шинэхэн мисс эрдэнийн шигтгээтэй усны хувцсаар гангарав
Саяхан “Ертөнцийн гоо бүсгүй”-гээр тодорсон венесуэл бүсгүй Габриэла Ислер од болон гялалзсан эхний өдрөө л сэтгүүлчдийн өмнө нэг сая ам.долларын үнэтэй усны хувцас өмсөн гарч ирсэн байна. Уг уралдааныг ивээн тэтгэж, хамтран ажилласан байгууллагууд энэ хувцсыг ялагч бүсгүйд зориулан тусгайлан бүтээжээ. Усны хувцсыг 900 ширхэг үнэт чулуугаар чимэглэсэн аж. Тэдгээрийг алтаар бүрсэн гэнэ. Ялангуяа ташаа орчимд гурван каратын жинтэй үнэт чулуу байрлуулсан байна. Тэдгээр нь нийлээд Италийн төрийн далбаа шиг харагдах юм. Учир нь, энэ гоёмсог усны хувцсыг Италид бүтээсэн байна. Усны хувцас нийтдээ 480 грамм жинтэй аж. Энэ удаагийн “Ертөнцийн гоо бүсгүй” уралдаан Москва хотод болсон билээ. Ялагчаар нь Венесуэлын 25 настай бүсгүй Габриэла Ислер тодорчээ. Түүнтэй дэлхийн 84 орны гоо бүсгүй өрсөлдсөн байна. Дэд байрт Испанийн 23 настай гоо бүсгүй Патрисия Родригес орсон бол гуравт Эквадорын 22 настай гоо бүсгүй Констанца Баес бичигджээ.
URL: