Гей мисс Энхриймаа буюу Т.Юна : ”Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг, надад ч тийм эрх бий”
-“Амьдрал шатрын нүүдэлтэй адилхан” гэж хэн нэгэн хэлсэн санагдана. Хэрвээ анхны нүүдлээ зөв хийвэл тоглоом цааш үргэлжлэх боломжтой, магадгүй хожно. Гэтэл нэг л буруу шийдвэр гаргавал тоглолт дуусна. Ингэж амьдралыг шатрын нүүдэлтэй зүйрлэвэл та өөрийгөө хэр зөв алхам хийсэн гэж боддог вэ?
-Амьдралд болох ёстой юм л болдог гэж би хэлэх дуртай. Би хийх ёстой зүйлээ л хийсэн. Өөрийнхөөрөө байхыг хүссэн. Хэнийг ч, тэр тусмаа өөрөө өөрийгөө хууран амьдарч, хэн нэгний дүрд тоглосоор насыг барахыг хүсээгүй. Ганцхан олдох энэ хувь тавиландаа хүссэнээрээ амьдармаар байсан. Хүн бүр л аз жаргалтай амьдрахыг хүсдэг биз дээ. Надад ч тийм эрх бий. Тиймээс хэзээ ч өөрийгөө буруу нүүдэл хийсэн гэх бодол төрж байгаагүй.
-Таныг гадаадад суралцаж байгаа талаар сонссон. Монголд байхгүй эрх чөлөөг эдэлж байгаа хэдий ч эх орноо санаж байгаа болов уу?
-Санадаг. Ялангуяа гэр бүлийнхнээсээ хол амьдарна гэдэг сэтгэл зүйн хувьд их хэцүү. Эрх чөлөөг хайсаар эцсийн эцэст ингээд дотны хүмүүстэйгээ уулзаж учрах эрхээ хүртэл хасуулаад хүний нутагт сууж байна гэдэг шударга бус санагддаг. Монголын нийгэм эндхийнх шиг ийм нээлттэй, эрх чөлөөтэй байсан бол эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, элэг бүтэн амьдрах байсан даа гэж харамсдаг. Мэдээж Монголдоо үзэн ядалт, гадуурхалтыг тэсч тэвчээд амьдарвал амьдрах л байсан байх. Гэхдээ би чинь хүн шүү дээ. Бусдаар доромжлуулж, хүний тооноос хасагдаж амьдрахын төлөө энэ хорвоод мэндлээгүй. Намайг байгаагаар минь хүлээж авах энэ мэт нийгэм байсаар байтал тэнд хайран сайхан залуу насаа хувь тавиландаа гутарч, хувь тавилангаа үгүйсгүүлж өнгөрөөхийг хүсээгүй.
-Бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг гадаад орны амьдрах орчны талаар сонин сайхнаас хуваалцаач?
-Нидерланд дэлхийн хамгийн амар тайван улсуудын нэг. ЛГБТ (лесби, гей, бисекс, трансжендер) хүмүүсийн хувьд ч амьдрахад таатай улсуудын жагсаалтад дээгүүрт орно. Хуулиараа хүлээн зөвшөөрчихсөн. Хууль нь ч хүмүүсийг заавал ойлго, ойлгохгүй бол шийтгэнэ гэж хүчилсэн маягаар үйлчилдэггүй байх. Хүмүүсийн сэтгэхүй, боловсролын төвшнөөс их зүйл хамаарч байна. Хүүхдүүд гэхэд бүр жаахан байхаасаа бэлгийн чиг баримжаа олон янз байдаг тухай мэдээлэлтэй. Нэг хэсэг хүмүүс эсрэг хүйстэндээ татагдаж байхад, нөгөө хэсэг нь ижил хүйстэндээ татагдахаар төрөх нь чи эрэгтэй, би эмэгтэй төрсөнтэй л адил хэвийн зүйл гэдгийг нийгэм нь ойлгуулаад өгч байна. Гудамжинд гей залуус хөтлөлцөөд алхаж байна, үнсэлцэж байна, тэглээ гээд тэр бүхнийг харж суугаа хүүхдийнхээ нүдийг аав ээж нь таглахгүй байна. Чи яагаад ижил хүйстнээ сонирхдог юм бэ гэж асуувал урдаас чинь чи тэгвэл яагаад эсрэг хүйстнээ сонирхдог юм гэж л асуух тийм эрх тэгш нийгэм.
-Та найз залуутай юу?
-Тийм ээ, найз залуутай.
-Таныг хүйсээ солиулах гэж байгаа талаар сонссон. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Хүйс солих мэс засалд энэ ондоо багтаад орохоор төлөвлөж байсан ч хойшлуулсан. Өнгөрсөн хугацаанд маш их мэдээлэл цуглууллаа, хүйс солих мэс засалд орсон олон транс эмэгтэйчүүдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Мэс заслын дараах олон янзын хүндрэлээс эхлээд эерэг гэхээсээ илүү сөрөг талууд нь их юм билээ. Тиймээс ахиад хэсэг хугацаанд хүлээхээр шийдсэн. Шинжлэх ухаан өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж байна. Энэ төрлийн мэс заслыг хийх арга барил улам боловсронгуй болох байх. Надад яарах шалтгаан үнэндээ байхгүй. Би одоо 25 настай. Гормоны эмчилгээгээ үргэлжлүүлээд амьдарч байгаа минь одоохондоо хангалттай.
-Та нэгэн ярилцлагадаа “Монголын нийгэмд бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох явдал үгүй болсон цагт би эх орондоо очно” гэж хэлсэн. Ер нь эх орондоо ирэх бодол бий юу?
-Намайг Монголоос явж байх үетэй харьцуулбал ЛГБТ хүмүүсийг их эерэгээр хүлээн авдаг болсон байна лээ. Боломж бололцоо олдвол эх орондоо очихыг хүсэлгүй яах вэ. Тийм өдөр ирэх байх.
-Ээжтэй хүн баян гэдэг. Хамгийн сүүлд ээжтэйгээ хэдийд уулзсан бэ?
-Бараг таван жил уулзсангүй. Би ээжтэйгээ их дотно өссөн л дөө. Ээж хүүхэд хоёр гэхээсээ илүү эгч дүүс шиг. Тийм нээлттэй, хамаг нууцаа хоорондоо ярилцдаг байлаа. Урьдынх шигээ ярьж суухсан, зөвлөлдөхсөн гэж үгүйлдэг.
-Ээждээ барьсан хамгийн том бэлэг?
-Үр хүүхэд нь эрүүл саруул л аж төрж байвал ээж хүн бүрт түүнээс илүү том бэлэг гэж байдаггүй байх.
-Эрх чөлөөг та хэрхэн тодорхойлох бэ?
-Хүссэн зүгтээ хүссэнээрээ алхаж буй алхам бүр эрх чөлөө.
-Эрчүүдийн талаар ямар бодолтой явдаг юм бол?
-Эрчүүдгүйгээр эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдгүйгээр эрчүүд оршин тогтнохгүй шүү дээ /инээв/.
-Т.Юна толинд хараад өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Хангалуун байхыг хүсдэг. Өөрийгөө өөлж голохоосоо илүүтэй эрүүл энх, эрхтэн бүтэн байгаадаа талархаж амьдаръя гэж боддог.
-Ижил хүйстэн хэмээх бэлгийн чиг хандлагыг гаж өвчний жагсаалтаас 1973 онд эрдэмтдийн шинжилгээ нотолгоогоор хассан. Гэтэл Монголын нийгэмд энэ хандлага одоо болтол гаж өвчин хэвээр байна. Үүнийг өвчин хэмээн үздэг хүмүүст та юу гэж хэлмээр байна вэ?
-Хорвоод хар цагаан гэдэг хоёрхон өнгө байдаггүйтэй адил хүмүүс бид ч өөр өөр дүр төрх, бие хаа, хүсэл сонирхол, бэлгийн чиг баримжаатай төрдөг. Тиймээс хүнийг хайрлахад суралцах хэрэгтэй, хүнийг хайрлах хэрэгтэй. Хүнийг хүн гэдгээр нь хайрлаж чадвал тэр хүний бор шар, худалч хулгайч, гей лесби хэн байх нь огтхон ч чухал биш шүү дээ. Бид бүгдээрээ л хүмүүс. Тэгээд ч бид нэгнээ үзэн ядсаныхаа хэрээр үхүүлж, хайрласныхаа хэрээр мөнхрүүлж чадахгүйгээс хойш сэтгэл цэвэр, өрөөлд сайн сайхныг ерөөж амьдрах нь зөв гэж боддог доо.
URL: