Төсвийг хянадаг багтай болъё

money_sbys-middle“Авлигажсан төсөв” хэмээн ончтой нэрийдсэн Н.Алтанхуяг сайдын мэдэгдлээс хойш манай улстөрчид гэнэтхэн л ухаан орж эхлэх шив. Төсөв хариуцлагагүй байгааг ярьж, босоо тогтолцооноос салах талаар ярьж эхлэв. Мөн авлигажсан төсөв гэдэг нь ямар утга агуулсныг шалгуулна гэж дөвчигнөж ч байх шиг.

Энэ мэтээр ирэх оны төсвийг тойрсон элдэв, маргаан, мэтгэлцээн парламентын танхимд өрнөж, шүүсийг нь шахсан бяслаг шиг нэн хатуу, үрэлгэн цамаан байдлыг арилгасан төсөв батлах талаар ярилцав. Мэдээж жил жилийн төсөв батлахаас өмнө улстөрчид энэ мэт үлгэр ярьдаг бичигдээгүй хуультай. Үрэлгэн цамааныг нь гайхаж, хэн хэн гэгч нөхөд хэдэн төгрөг төсвөөс завших гэж байгааг нь эрж сурдаг ч жил бүрийн төсөв алдагдалтай гарч тодотгол хийдэг байлаа.

Төсөв алдагдалтай гарсан шалтгаан мэдээж тодорхой. Н.Алтанхуяг сайдын хэлсэнчлэн авлига шингэсэн барилгууд жил болгон төсөвт өртгөө нэмж, аль нэг газрын хурган дарга нар сандал ширээ, машин унаа авах мөнгөө төсөвт нэмж тавьдаг байдлаас болж төлөвлөгдөөгүй тооцоо судалгааны асуудал гарч ирдэг учраас энэ мэт алдаа дутагдал гардаг байв.

Энэ жилийн хувьд бүх зүйлийг олж харан засч залруулахаар хичээж байгаа юм. Тухайлбал, жил бүрийн төсөвт мөнгө нэмдэг, баригдах гэж он удаан жил болдог төсөвт дандаа дарамт учруулдаг барилга обьектуудын төсвийг царцааж байгаа. Өөрөөр хэлбэл, авлига шингэсэн эсэхийг шалгуулсны дараа хэдэн барилгад хэчнээн тэрбум төгрөг зарцуулахыг тооцох бөгөөд үүнд шаардлагатай мөнгийг нь төсөвт асуудалгүй суулгаад өгчихнө.

Үүнийг хөрөнгө оруулалтын реформ гэж нэрлэж байгаа бөгөөд төсөвт суусан мөнгөө авч чадахгүй, баригдаж дууссан эсвэл өмнөх жилийнхээ мөнгөөр баригдчих боломжтой барилгын мөнгөөр өөр барилга байшин барих боломж байгаа эсэхийг Төсвийн тодотгол хийх явцдаа шийдэх ажээ. Энэ мэтээр алдаа оноогоо жилээс жилд эргэж харан хянадаг ч тэгтлээ сайжрахгүй байгаагийн шалтгаан нь төсвийн хяналт байхгүйд байгаа юм.

Тиймээс бид төсвөө хянадаг, зарцуулалт нь зөв явж байгаа эсэхийг хянадаг, алдаа эндэгдэл гараад зарлага бий болох эрсдэл үүсвэл тэр даруйд нь УИХ, холбогдох яамдууд дээрээ хэлэлцэж гарцаа олж хардаг байдлаар зохицуулмаар байгаа. Энэ нөхцөл байдал алдагдаж байгаагаас болоод бид өнөөдөр төсвөө буруу зарцуулж, жил бүр төсөвтэй тодотгол хийж, тэрний, энэний буруу хэмээн хэрэлдэж, хэлэлцэж сууна. Төвөгтэй асуудлаас гарах гарц болох үүднээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн хяналтын баг ажиллуулах хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Энэ нь дээр хэлсэнчлэн бүтэн жилийн турш төсвийн зарцуулалт, орлого, зарлагад хяналт тавьж, хаана нь алдаа эндэгдэл гарч байгааг хянах баг юм.

УИХ-ын дэргэд байгуулагдах учраас эрсдэл үүссэн, төсөв алдагдалтай гарсан тохиолдолд энэ багийнхан асуудлыг тэр даруй УИ Х-аар хэлэлцүүлээд явдаг болчихвол төсвийн хариуцлага ч дээшилж, үрэлгэн цамаан үр ашиггүй гэх хар бараан тодотголоос төсөв өөрөө салах учиртай. Тэгэхээр улстөрчид жилийн жилд амаа цангатал хариуцлага гэж ярих бус хяналт тавьдаг багийг нь байгуулах ажлыг дэмжээд өгчих хэрэгтэй.

Тэр багт бүх яамдын мэргэжилтэн, УИХ-ын гишүүд, эрдэмтэн, эдийн засагчид зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамруулах хэрэгтэй. Улсын өр нэмэгдсэн, эдийн засгийн хөгжлийн шинэ үе ирж байгаа ирэх жилүүдэд ч бид хариуцлагаа илүү ухамсарлаж, зарцуулалтаа зөв тооцоолохгүй бол алдагдал нь ахиад хэдэн тэрбумаар тоологдохыг тааж хэлшгүй.

Б.Өнөртогтох /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих