Р.Амаржаргалын татгалзал, Н.Алтанхуягийн айдас давхцах цагаар
Ардчилсан намын лидер, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын сэнтийгээс татгалзсан хүсэлтээ өргөн барьснаар Монголын улстөр, тэр тусмаа эрх баригчдын дунд гал асч эхлэв. Хамгийн гол нь эрх баригчдын дунд байсан учир битүүлэг уур амьсгалын гогцоо эндээс тайлагдав уу гэмээр байна.
Товчхондоо, Р.Амаржаргал гишүүний энэ мэдэгдэл олон зүйлийн учгийг тайлж өгөх нь ойлгомжтой. Түүнээс биш Р.Амаржаргалыг УИХ-ын суудлаа тийм ч амархан орхино гэдэгт хэн ч эргэлзэхийн зэрэгцээ өөр учир шалтгаан заавал хайж таарна.
Олон удаа УИХ-д сууж, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг залгуулж явсан манай нэртэй эдийн засагч гишүүдийн нэг Р.Амаржаргал ямар учраас УИХ-ын хэмээх хүндэт суудлаас татгалзав гэдгийг юуны өмнө эргэцүүлэх нь зүйн хэрэг. Өөрийнх нь хэлсэн шалтгаан бол төсөвтэй холбоотой.
Тодотгож хэлэхэд, тэрбээр 2013 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “2013 оны төсвийн тодотголын байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөв оруулж ирсэн санагдаж байна. Харин УИХ төсвийг хэлэлцэж байх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн.
Үүнийг УИХ өөрөө хийсэн ч одоо төсвөө тодотгох гээд сууж байна. Үүний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Юу байна мөнгө байна, хийх ажлаа төлөвлөөд ир гээд байсан сайд хариуцлага хүлээх үү. Оюутолгойн хөрөнгө оруулалтаас 450 тэрбум төгрөг оруулаад ирнэ, чадахгүй бол огцорно гэж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү.
Тухайн үед би эсрэг санал өгч байсан. Тиймээс өнөөдөр УИХ- ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна” хэмээж байсан. Гэхдээ “Та нар сөрөг хүчний бүлгийг байгуулахгүй хааж байгаад төсвөө баталж байсан, тэгэхээр УИХ-ын дарга хариуцлага хүлээдэггүй юм уу” хэмээн нэлээд ширүүн дуугарч байсан нь өдгөө хэвлэлийн архивт байна.
Тэр ч бүү хэл төсвөө 20-30 хувь өсгөчихөөд байхад эвлэрээд сууж буй Ерөнхий сайд, Сангийн сайд хариуцлага хүлээхгүй юм уу гэх зэргээр хариуцлага тооцож болох бүх эрхмүүдэд хаягласан үгээ УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлж байв. Энэ бол албан ёсны биш ч гэлээ түүний өөрийнх нь байр суурь.
Дашрамд дурдахад Р.Амаржаргал гишүүний чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийн дагуу хэн нэгэн хариуцлага хүлээх нь бүү хэл алдаагаа ч ухамсарлаагүй нь туйлын үнэн. Хэрвээ тэр ийм шалтгаанаар хүсэлт гаргасан нь үнэн бол сайн л хэрэг. Р.Амаржаргал гишүүн шиг зүй бустай эвлэрдэггүй гишүүд олон байвал манай парламент хэчнээн цэвэр болох билээ.
АН-ын фракцуудын дотоод зөрчил, Ц.Элбэгдоржоор удирдуулсан “нууц бүлгэм”-ийнхэн. Тэр дундаас аймшиггүй хүсэлт гаргасан Р.Амаржаргалын улстөрийн жүжиглэл нь Н.Алтанхуягийг айдаст автуулаад зогсохгүй дараагийн ээлждээ бараг бууж өгч байгаа тухай ч эх сурвалж хэлж байна.
Засгийн газар байгуулах үед болсон ҮЗХ-ны хуралдаанаар тохиролцсон хоёр хоёр жилээр фракцууд засгаа ээлжилж барина гэсэн нууц тохироо гээд олон шалтгаан нь Р.Амаржаргалыг ийн хүсэлт гаргахад нөлөөлөөд зогсохгүй, Н.Алтанхуягийг бууж өгөхөд нөлөөлж таарсан. Үүнд нөлөөлсөн бас нэг томоохон хүчин зүйл бол МАН-ын Их хурлаас гаргасан улс орны тогтвортой хөгжил, язгуур эрх ашгийн төлөөх “Үндэсний зөвшилцөл” юм. Энэ мэт асуудлыг хойно дурдах болно.
Ц.Элбэгдоржоор ташуурдуулсан далд шалтгаан
Юун түрүүнд ард түмний өмнө урьдын түүхээ /1996-2000 онд АН төрийн эрх барьж байхад дөрвөн Засгийн газар огцорч байв/ давтахгүй гэсэн эрмэлзлэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг өдгөө хүртэл наслуулав. Энэ Засгийн газрын хувьд бол хангалттай урт удаан нас гэж хэлэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.
Түүнээс биш байгуулагдсан мөчөөсөө л огцрох үйлдлээ өөрсдөө хийсээр байв. Тодруулж хэлбэл, Н.Алтанхуяг Засгийн газраа эмхлэн байгуулахдаа яамдын тоог нэмж, төрийн аппаратыг нүсэр болгосноор суудал нь анхнаасаа ганхаж эхэлсэн.
Үүнээс дамжаад төрийн албан хаагчдыг хоморголон халсан, Н.Алтанхуяг Үндсэн хуулийг удаа дараа хэд хэдэн удаа зориуд зохион байгуулалттайгаар зөрчсөн нь Үндсэн хуулийн цэц дээр унасан гээд дурдавч баршгүй их алдааг шинэчлэлийн хэмээх Засгийн газарт нааж болох. Үүний цаана намын дотоод зөрчил маш их бий.
Энэ фракцуудын ил далд тулааныг галаар шүршиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд олон зүйлийг нуршиж болох. Ц.Элбэгдоржийн гэх хаягтай УИХ-ын гишүүд Н.Алтанхуяг уруу нэг жилийн өмнөөс гал нээгээд эхэлсэн. М.Батчимэг, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд байна.
Нөгөө талд УИХ-ын гаднаас ч гал нээгээд эхэлсний нэг жишээ нь УИХ-ын гишүүн асан А.Муратаар ахлуулсан жигүүрийнхэн. Бүгд л “Алтангадас”-ын хэмээх Н.Алтанхуягт хаягласан захидлыг ил далд хэвлэлээр шууруулаад авсан. Р.Амаржаргал бол хамгийн том гал нээж буй нөхөр мөнөөсөө мөн.
Түүнээс биш тэр шударга үнэний төлөө гишүүнээс татгалзсан хэрэг биш л болов уу. Нөгөө талаас Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал нарын нутаг хэмээсэн амь татуу сэтгэл ч энд нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй.
Дээр дурдсан гишүүдийн засаг, парламент уруу дайрсан учир битүүлэг байдал, засагт хамтрагчдын дүлэгнэсэн байр суурь, МАН- ын XXVII Их хурлын шийдвэр, удахгүй болох МАХН-ын Бага хурал. АН доторхи фракцуудын дотоод зөрчил, нам доторхи жигүүрийн далд утга бүхий мэдэгдэл.
Н.Алтанхуягийн танхимын зарим сайдын зөрүүтэй, тоо баримтгүй “цаасан буу”, ажил оромдсон байдал гээд олон учир битүүлэг шалтгааны ганц зангилаа нь Р.Амаржаргал гишүүний энэхүү татгалзал байхаас хаа зайлах вэ. Аливаа зүйлийн тохироо бүрдэхээр нэг ийм л байдаг даа.
Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газрын нас дуусч байна гэсэн үг. Өдгөөгөөс жил гаруйн өмнө Н.Алтанхуягийг Засгийн газраа байгуулах гэж мунгинаж байхад Р.Амаржаргал танхимд орж ажиллах сонирхол байсан. Үүний дараа УИХ- ын дарга болох ч сонирхол байсан.
Харин Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга болох фракцуудын тулаанд тэр яах аргагүй өвдөг шороодсон. Учир нь МҮДН фракцын гол гишүүн тэрбээр “Алтангадас”, Монголын ардчилсан хүчний холбоо хэмээх хоёр том фракцын өөдөөс тулалдаад яаж ч чадалгүй хүч мөхөсдсөн.
Уг нь фракц хоорондын тохироо байсан ч түүнийг хойш тавьсан. Өөрөөр хэлбэл түүнийг АН-ын фракц толгойлогчид “мурьсан”. Тэр уур уцаар л өнөөдөр түүнийг эцсийн арга хэмжээ авахад хүргэсэн болов уу. Энэ үеэр гол “шавар хаасан” нөхдийн нэг нь Х.Баттулга.
Тэгэхээр өнөөдрийн тэмцлийн гол өрсөлдөгчөөр Х.Баттулга байсаар байх болно гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн маргааш АН-ыг 31 суудал авсан мэдээллийн араас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар урьдчилан тодруулж байсан удаатай.
Энэ бүгдэд тухайн цагт гишүүдийн карт сугалан зугтсан “фортуна” Н.Батбаяр ч том нөлөөлөл үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, “фортуна” Н.Батбаяр, Н.Алтанхуягтай нийлж, Р.Амаржаргалын Засгийн газарт орох болон УИХ-ын дарга болох замыг хаасан гэхэд болно.
Тиймдээ ч тэрбээр өөрийнхөө фейсбүүк хуудсаар дамжуулан 15 асуудал илгээж байв. Түүндээ Засгийн газрын шинэ бүтцийг боловсруулахаас эхлээд Монгол Ардын Намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал,
УИХ-ын даргыг ямар учраас яаран сандран томилсон гэх зэрэг Ардчилсан намын Засгийн газар, бүлгээс хүч түрэн гаргасан шийдвэр бүхний цаана ямар улстөр нуугдаж буйг ч илчилсэн. Дээрх байдлаас түүний засаг толгойлох холын бодол нь түүнийг өнөөдөр ийм шийдвэр гаргахад хүргэсэн хэрэг байх.
Худлаа хүсэлт гаргаад нэмэргүй шалтгаан
Р.Амаржаргалын энэ бүх хүсэлт, өргөдөл, чирэгдэл бүгд худлаа улстөр гэдгийг дээр дурдлаа. Үүгээр зогсохгүй тэр өнгөрсөн аравдугаар сарын эхээр харьяаллынхаа дагуу Ховд аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэвээнравданд хандаж өргөдөл гаргасан.
Эрхэм гишүүн өргөдөлдөө “Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод бараг гурван жил өнгөрлөө. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй боллоо. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг намын дүрэмд суулгах санаалчилга ор сураггүй боллоо.
Нөхцөл байдал ийм байхад ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсч байна” гэсэн өргөдлөө өгсөн ч цаадуул нь хүлээж аваагүй. Энэ ч яахав, намын дотоод асуудал гэж бодъё. Р.Амаржаргал ҮЗХ-д байна уу, байхгүй юу гэдэг нь тэр намын дотоод асуудал болохоос биш Монгол Улсын эрх ашиг, ард түмэнд төдийлөн хэрэгтэй зүйл биш байх.
Хамгийн гол нь АН-ын нэр хүндэд харшлах зүйл мөн үү гэвэл мөн. Харин УИХ-ын гишүүн байхаас татгалзана гэдэг бол өөр хэрэг. Хамгийн энгийнээр ойлгоход ард түмнээсээ татгалзаж, улс эх орныхоо эсрэг зогсч, өргөсөн тангараг гээд олон асуудал босно.
Манай парламентын түүхэнд өөрсдийн хүсэлтээр нэрээ татаж байсан түүх тун цөөн бий. Өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газарт шалгуулах учраас нэрээ татсан, хууль ёсны дагуу. Нөгөө нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх. Түүний хувьд гэр бүлийнх нь хүн хүнд өвчин туссан учраас татгалзаж байв.
Энэ тухай хуулийг сийрүүлбэл, УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалт ёсоор УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх хуулийн заалттай аж.
Энд л хамаг учир бий. АН-ынхан түүний асуудлыг хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар чөлөөлөх үү, үгүй юу. Үгүй л байхгүй юу. Учир нь, Р.Амаржаргал гишүүнээсээ бүрмөсөн татгалзаад АН-ын бүлгийн нэг суудал онгойлоо гэхэд АН-д сөргөөр нөлөөлнө. Нөлөөлөх нөлөөлөхдөө асар ихээр.
Тэгээд ч арай гэж луйвардаж авсан 30 гаруйхан суудлаа цөөлөхгүйг хичээнэ. Р.Амаржаргалын араас нэрээ татах гишүүдийн сураг ч АН-ын айдсыг улам л нэмж байгаа. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Зүгээр л улстөрийн тоглолт. Ц.Элбэгдоржоор түрүүлсэн АН доторхи улстөрийн давалгаа. Р.Амаржаргалын Ерөнхий сайд болох хүсэл, АН-ын айсуй хоёр жилийн амьдралын дүр зураг.
С.Баяр
Эх сурвалж:
URL: