Оюутанд тавих шаардлага, тэтгэлгийн хэмжээг засгийн газар тогтооно
М.ЦЭЦЭГ
Сүүлийн үед гишүүдийн маргааны сэдэв болоод буй оюутнуудын үндэсний тэтгэлгийн талаар өчигдөр байнгын хороогоор эцэслэн хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Эцсийн хэлэлцүүлэгт хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь 10 сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэснийг “тэтгэлэг олгож болно” гэж өөрчилжээ. Үндэсний тэтгэлгийг хичээлийн нэг жилд олгох хугацаа, нэг сард олгох хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчилсүгэй гэснийг Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад гэж өөрчилжээ.
Заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа оюутнуудын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014- 2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Цаашид үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчдад тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээг Засгийн газар тогтооно гэсэн саналыг дэмжив.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг оруулж батлуулъя гэсэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эсрэг байр суурьтай байлаа. Энэ төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгалаа. Мөн найруулгын шинжтэй болон зохицуулалт хийх санал гаргасныг гишүүд дэмжлээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: