15 оны намар МАН-д очоорой

imagesdsdsdsdӨ.БАТХҮҮ

“Түүхэндээ  хоёрхон  удаа    сөрөг    хүчин    байж  үзэж  байна”  хэмээн онгирдог МАН-ын XXVII Их  хурлын дараах шуугиан ерөнхийдөө намжжээ. М.Энхболд  даргатай, Ж.Мөнхбат генсектэй болсон тус нам  улс орны амьдралыг Тусгаар тогтнолын ордныхоо тасалгаанаас ажиглах бус Төрийн ордноос удирдах үндсэн зорилгоо дахин биелүүлэхээр одооноос ханцуй шамласан нь мэдээж байх.

МАН гэдэг айлд   шинэчлэл  зайлшгүй хэрэгтэй  гэж Их хурлын өмнө дор бүрнээ ярьж, дарга, цэргээ  ил,  далд  шүүмжлэх гишүүд  олон  байв. Харин нэгэнт  бороо ороод  татарсаны  хойно  нөгөө хэл, ам ихтэй зарим нь ирээдүйгээ  бодоод бөөрөнхий яриатай  болсон  харагдана лээ. Гэхдээ  энэ удаад  нам шинэчлэгдсэн, үгүйг орхиод  дүрэмдээ  ямар өөрчлөлт  оруулсан тухай уншигчиддаа  сонирхуулъя.  МАН-ын  дүрэмд  өөрчлөлт  оруулах ажлын хэсгийг  тус намын экс генсек Ж.Сүхбаатар ахалсан  юм.  Гишүүдээс дүрмийн өөрчлөлтийн 100 гаруй санал  ирснээс 80 гаруйг  нь  тусган дүрмээ  өөрчилжээ. Дүрмээ өөрчлөөд л 100 хувь  шинэчлэгдэхгүй ч, ямар  ч  байсан нам эрүүлээр  хөгжиж,  сонгуульд  ялалт  байгуулахад  дэм  болно  гэж  үзэж  буй аж.  Тус намын 13  бүлэг, 48 зүйлтэй дүрмээс сонирхолтой заалтуудыг онцолж  байна.

МАН-ын эрхэм зорилго нь эх орноо хөгжил  дэвшилд хүргэж, ард  түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт  амьдралтай  болгоход оршино гэжээ. Мөн төрийн болон  нутгийн өөрөө  удирдах байгууллагыг байгуулах  сонгуульд  ялалт  байгуулах буюу олонх болж  бодлого, хөтөлбөрөө  хэрэгжүүлэх гэж заасан нь  ямар ч улс төрийн намын  хувьд үндсэн зорилт нь байх. Дүрмийнхээ эхний хэсэгт  тус нам  бүсгүйчүүдэд  хандсан өөрчлөлт  оруулсан нь  олны анхааралд  байсан. Энэ  бол  намын бүх шатны сонгуульт  байгууллагад  болон  намаас  санал болгон томилогддог, сонгогддог  албан тушаалд 25-аас  доошгүй хувь  нь эмэгтэйчүүд  байна гэсэн заалт юм. Нэр дэвшүүлэхэд болон санал хураалтыг ч  энэ хувиар тогтоож,  үндэсний  цөөнхийн төлөөллийг харгалзана гэдгээ  дүрэмдээ  оруулжээ.  Намын  нэр хүндийг  унагасан,  хариуцлага  алдсан  хүмүүсийг хэрхэн  донгодож  байхыг  дүрэмдээ тодорхой тусгах  ёстой  гэж намын Их хурлын өмнө  нь  гишүүд дуугарч байв. Шинэ  дүрмээрээ  бол сонгуульд нэр дэвшигчтэй  зэрэгцэн,  нам  болон  намаас  нэр дэвшигчийн  эсрэг  сурталчилгаа  хийсэн, намаас томилолт  авч  албан тушаалд очсон үедээ авлига авсан, санал  худалдаж авах  үйлдэл гаргасан, намын  шийдвэрт  саад  хийсэн, улс төрийн  өөр нам,  бусад этгээдийг дэмжсэн  бол намаасаа  хөөнө  гэжээ.  Мөн  гишүүдэд хариуцлага тооцох тухайд Бага хурлын 310 гишүүн хүндэтгэх  шалтгаангүйгээр хуралдаа хоёроос дээш  удаа  суугаагүй, гишүүний  татвараа дөрвөн улирал  төлөөгүй, үүрэг даалгавараа  хангалтгүй биелүүлсэн, намын  хорооноос тухайн  гишүүнийг эргүүлэн  татах  санал  гаргасан бол Бага хурлын  орон тооноос хасч гишүүн  нөхөн элсүүлэхээр  болсон байна.

Сонгуульд  намаа  ялуулсан дарга Ерөнхий  сайд  болдог  дүрмийг хэвээр үлдээсэн  байна.  Харин  нам  ялагдаж цөөнх  болсон  тохиолдолд намын дарга  нь Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалахаар  заажээ. Энэ хурлыг  намын  генсек  ахладаг журамтай  аж.  Удирдах  зөвлөл дэргэдээ Санхүүжилтийн хороо гэгчийг байгуулсныг  чухал  гэж үзэж буй гэнэ. Энэ  хороо  нь намын мөнгө, төгрөгний  асуудлыг  ерөнхийд нь  базах  бололтой. Мөн гишүүдийн  татварыг  аймаг, нийслэл, сум , дүүргийн үүрүүд төвлөрүүлж,  зарцуулах эрхтэй  болгожээ.  Энэ нь намын  анхан  шатны  байгууллагуудын  үйл  ажиллагааг  эрчимжүүлэхэд  тус  болно гэж  үзсэн  гэв.

МАН дүрэмдээ  оруулсан  бас нэг сонирхолтой заалт нь бүх шатны сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой юм. Дүрмийн 36.3-т “УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн өмнөх жилийн  аравдугаар сарын 1-нээс өмнө тухайн сонгуульд нэрээ дэвшүүлэх  хүсэлтэй намын гишүүн УИХ-ын сонгуулийн тухайд намын Удирдах зөвлөлийн ажлын  албанд, орон нутгийн  сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн намын хороо, намын  анхан шатны  байгууллагад  энэ талаарх мэдүүлгээ ирүүлсэн байна гэжээ. Тэгэхээр ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихийг одооноос  горилж  буй  хүмүүс 2015 оны  намар  намдаа  хандиваа өгч, тал засах хэрэгтэй  болсон  байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих