Богд Дунгаа хоёр
Монголын наймдугаар Богд Жавзандамба хутагт гучин насны түмэн өлзий гийсэн өдрүүдээрээ Ахай гүний хошууны Бургалтайн |өнөөгийн Сэлэнгэ, Баруунбүрэн сум| Амарбаясгалан хийдэд залрахаа урдаас айлдан эл хэргийн учир хошуу ноён Лувсанхайдавт элч илгээсэн ану. Өнөөдөр өлзий гийсний өмнөх өдрийн өглөө Богд ийнхүү эртлэн аян замдаа гарч буй. Богд хаан эгэл хүний адил эцгийн үрээс үүдэн, эхийн умайгаас мэндэлсэн энэ өдрийг “өлзий гийсэн” хэмээнэ.
Далх уулнаас Баян уул, Бүрэнханы эх, Ивэн голын хөндий дагуух хэсэг бүхэлдээ түүнээс доош Цагаан толгой, Хушаат Орхон голын баруун эрэг Гурамсан хүртэлх газар нутаг Их шавийн буюу Богд хааны эзэмшилд багтаж байсны учир Амарбаясгалан болон бусад сүм хийд, Их шавийнхан цөм хөл болж улсын эзэн ирэх сургаар нутгийн ноёд түшмэлүүд, хийдийн том лам нар, Богдын эзэмшил болох Манлайн жасынхан ихэд бажга алдан эртнээс бэлдэж, газар газрын мөргөлчид Богд гэгээн буюу амьд бурхныхаа дүр барааг олж харан хиймор лундаагаа сэргээхээр энд хуран цугларснаар Ивэн голын хөндий айл гэр, асар майханд дарагдлаа.
Их шавийнхан гэдэг нь бүр тэртээ 1641 оноос Өндөр гэгээн Занабазарыг Монголын анхдугаар Богдын дүрд тодруулан залахад халхын хаад, ноёд хамаг албат ардаасаа, харъяа газар нутгаасаа харамгүй таслан Өндөр гэгээнд шавь болгон өргөсний учир Их шавийн албат халх даяар бий болсон түүхтэй юм.
Бадруулт төрийн хоринтав буюу 1899 оны шороон гахай жилийн намрын адаг сарын найман дөхөж хутагтын залрах өдөр хаяанд ирсэн тул Ахай гүний хошуу бүхлээрээ их үйлд базаан цаг наргүй оволзож байв. Түүний ирэх замын дагуух бартааг арилган, чулууг түүлгэж, гол ус гатлахад саадгүй болгон модон гүүр тавьж, залрах шар халзан өргөөг хийдийнхээ баруун жигүүрт Ивэн голын хөвөөн дэх Зоогийн хотгорт Цац толгой хэмээх жижиг товцог дээр барьж дуусган улсын эзний хиймор сүлд бүхий туг хийсгэн үүдэнд сахиул манааг хянуулан тавьжээ. Энэхүү өргөөний өмнө хаалга дагуу хоёр талаар өндөр шонд хэц татан шар улаан өнгө хосолсон хиймор замбалзугай зүүж гэрийн хойморт торгон хөшиг дээр тус хийдийн гол шүтээн, Бурхан багшийн хөрөг, түүний дор торгон баринтагт ном судар гүнгэрваатай олон бурхадын өмнө зул, үнэр сайтай арц хүж тэргүүтнийг эгнүүлэн хутагтын мөргөл үйлдэх хэсгийг тусгайлан засч хажууд тоос арилгах өдөн дэхүүр тавьсан байв. Газраар битүү шар эрээн хивс дэвсэж баруун дээд хэсэгт хутагтын нойрсох цагаан зандан орны өмнүүр ялаа шумуул аль хэдийнээ төрөл арилжсан ч хамгаалах нарийн замаа хөшиг бусад хэсгээр суух олбог, гар зуурын юм тавих мэлхий хөлт мөн өнгийн зандан ширээ, аяга, завъяа жүнз, зүүн хэсгээр угаал хийх гадар, сав, тэвш тэргүүтнийг чамбайлан тавьжээ.
Зөвхөн ганц өргөөг тусгайлан барихад тохиромжтой энэ товцог дээр өндөр гэгээн Занабазар тус хийдэд залрах үедээ өргөөгөө бариулж байсан түүхтэй гэдэг.
Хошуу ноён ахай гүн Лувсанхайдав, хийдийн Тарган хамба нар Богдод үйлчлэх албат нарыг өөрийн хошууны бэйс, бэйл болон бусад тойн лам, хувраг нараас тохоон томилж хоол хүнсийг их шавийн мэдлийн Манлайн жасын хоньчид, үхэрчид, малчдаас тусгайлан бэлдэж, эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн үйл сая цэгцэрч Лувсанхайдав гүнтний багцаалснаар их ажил гар дор нь болов. Богд хаан хийдэд залрах үеэр даншиг хуруулж, мандал өргөж, цам Майдар эргэж, наадам хийхээр эртээс бэлдэж бэлэн болсон ч төрийн албанд угаас хашир суусан Лувсанхайдав гүнтэн аливааг дутуу орхих вий хэмээн нягтлах ажлаа эцэслээгүй л байлаа. Жавзандамба хутагт Амарбаясгалан хийдэд залрахдаа ёс ямбын дагуу суух сэнтий, унах учиртай зургаан цагаан морь хөллөсөн алтан чимэгт сүйх тэрэг нь өнөөдөр хүрээнээс ирж анх удаа энд Богдын цам үзүүлэх бэлтгэл ёсоор болсон тул бүх ажил бэлэн боллоо хэмээвч ахин дахин нягтласаар л байв.
Өлзий гийсний өмнөх цагаагчин тахиа өдөр бэйл түшмэл нар зарж хол угтуулан Жавзандамба хутагтыг газарчлан яваа Цэцэнхан аймгийн жонон ван Цогбадрах нартай уулзан хутагтыг тосох газрыг урдаас товлон Лувсанхайдав гүнтэн өөрөө их үд хэвийх үеэр нутгийн ноёдын хамт Бүдүүн хэмээх уулын энгэрээс дурандаж аяны урт цуваа Ивэн өгсөн гарч ирэхэд товлож тохирсон Хүрдэн толгойн өвөрт ёс төртөй угтан түүний хишигт, бадам хадаг барин мөргөж гүнээ хүндэтгэл үзүүлэн бүгд хутагтаас адис хүртэх ялдамд өөрсдийн хийж бэлдсэн зүйл бүхнээ эрхэт ёсны эзнийхээ өмнө ёсоор мэдүүлж айлтгав.
Энэ өдөр Богд шилэн форд чичаан хөлөглөн Ивэн голын хөндийгөөр дээш өгсөх замын хоёр талаар Амарбаясгалан хийд хүртлэх хагас өртөө шахам зайд үргэлжилсэн морьтой, тэрэгтэй, явган мөргөлчдийн уртын урт цуваа эзэн хааныхаа араас хийдийн зүг цувлаа. Хааны чийчаан хийд хүрч байхад цувааны адаг Дарь-Эх хэмээх хавчиг толгойн шилээр дөнгөж давж байв.
Ивэн голын эх, үзэсгэлэн төгөлдөр Бүрэнхан уулын өвөрт анх Манжийн хаанаас Монголын анхдугаар Богд, өндөр гэгээн Занабазарт зориулан Найралт төвийн тавдугаар он буюу 1727 оны үеэс эхлэн арван жилийн туршид босгож 1737 онд бүтээсэн Амарбаясгалан хэмээх эртний түүхт хийд бий.
Цагийн тайванд дотроо 50 гаруй сүм дуган, зургаан аймаг, арван дацантай Халх Монголын хамгийн том энэ хийдэд 3000 хүртлэх лам хуврага шавилан хурал ном хурж байсан түүхтэй.
Ахай гүний хошууны төв Улаан хошууны дуганын газраас Бумбат, Жаргалант болоод Бүдүүний эхээр аль ч талаар шулуун замаар, Орхон голын Гурамсангийн гармаас буюу Их хүрээ зүгээс Ивэн голын хөндийг өгссөөр голын дагуух үзэсгэлэнт байгаль, өнө эртний түүхийн ул мөр бүхий энэ хөндийн эхэнд арван түмэн лан алт, ганц ч хадаасгүй, оньсон чагтаар бүтээсэн дундад зууны Азийн уран барилгын сор болсон Буддын шашны мөргөлийн ариун дагшин энэхүү хүрээ хийдэд хүрч ирдэг билээ.
Мөргөлийн энэ ариун сүм Бүрэнхан уулын элгэнд үүсэн тогтносон цагаас эхлэн замнасан зам нь цаг үеийн ааш ариншин дор өөр өөр байлаа. Соён гийж, сүйдэн эмгэнэж, сэргэн мандсан түүх бүхий энэ хийд бурхны олон шавь нарынхаа хамт элдэв хавчлага эрхшээлээс шантралгүй харгис хатуу үеийн зовлон гачлинг өвч биеэр амсан, хүний эрхийг дээдэлсэн нэгэн сайн цагийг сэтгэлийнхээ гүнээ эрэлхийлэн тээсээр үе үеийнхны чин сүсэг, гүн итгэл, түүх соёлын гайхамшгаа зуун зуунаар өртөөлөн өнөөг хүртэл нандигнан хадгалсаар ирсэн юм. Энэ сүмд зориулан ээж аавынхаа элбэрэл, эгэл түмнийхээ эв нэгдэл, энх тунх оршихыг билэгдэн Өндөр гэгээн Занабазарын зохиосон Цагийг тохинуулагч буюу Жанлавцогзол хэмээх мөргөлийн номыг монголчууд гурван зууны турш ам дамжуулан өвөг дээдсээсээ үр ач нартаа дамжуулан , үе удмаараа сүсэглэн шүтэж ирсэн билээ.
Мөнх ногоон ойгоо өвч биедээ нөмөрч, Наранбулаг хэмээх нандин рашааныг халгиулан сүртэйеэ дүнхийн харагдах Бүрэнхан уулыг алс тэртээгээс харахад ногоон дээлтэй эмэгтэй өвөр дээрээ хүүхдээ хөхүүлэн суугаа мэт. Сайн ажиглаваас ногоон Дарь эх гэмээр. Эгэл түмний энэ насных нь нүгэл хилэнцийг нимгэлж, эрхэм буян, эрхэлсэн үйлсийг аривжуулахын төлөөнөө хатуужил даяаныг бясалгаж ил далд ертөнцийн бүхий л зовлон зэтгүүрийг амсан туулж энэ хорвоод ирээд сүсэгтэн олноо ивээн тэтгэгч асар ид хүчийг олсон ачит ногоон Дарь эх, Оюу Бодьсад хөвгүүнээ элгэндээ тэврэн нэг хөхөөрөө хүүгээ амлуулж, нөгөө хөхнөөс нь хүн амьтныг ундаалах ариун авшиг дусалж буй шинжтэй. Унаган байгалиас захиас мэт бүтээгдсэн энэ зохис цогцолбор зовлонд автсан хүмүүний сэтгэл санааг ариусган гэгээрүүлж, буян хишгийг аривжуулан түүний хаалгаар орсон ямарч хүнд дөнгөж хөл тавингуут л өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж бишрэн шүтэх сэтгэгдэл төрүүлэнэ. Арц хүжийн ариун үнэр ханхалсан мөргөлийн гол дуганд асаасан тоо тоймшгүй олон зул гэрэл гэгээгээ түгээн алтан өнгөт бурхдыг гэрэлтүүлсэн нь энд буй бүх бурхад мэлмий тэргүүнээсээ жаргалын гэгээ цацруулж буй мэт. Чанагш яг амьд мэт урласан эдгээр амирлангуй бодьсадва нарын гол дунд Бурхан багш хоёр шавийнхаа хамт нэн амгалан нигүүлсэнгүй дүртэй сууна. Голын хэсэгт нь лам нар хурал хурж цан хэнгэрэг, бүрээ бишгүүр хангинан хажуугаар мөргөлчид цувран мөргөл үйлдэх аж. Гадаа талд олон шар хүрд чөлөө зайгүй эргэлдэн өнгө өнгийн хиуар дарцаг салхинд дэрвэж, хийдийн орой дахь алтан ганжир, хорол, бодь гөрөөс наранд алс тэртээгээс гялалзан байх нь мөргөлчин олноо урин дуудах мэт.
Амарбаясгалан хийд бол сүсэгтэн монгол түмний олон үеийн мэргэдийн билиг оюуны шүтээн, зон олны сэтгэлийн өглөг дэмжлэг, өвөг дээдсийн минь хойч үедээ үлдээхээр зуун зуунаар халуун амь, бүлээн цусаараа аравнайлан соёрхож ирсэн туурга тусгаар улсын маань уруудан доройтож, мандаж бадарч, байсан үе үеийн түүхийн амьд гэрч, монгол түмний батбэлгэдэлт сүсэг бишрэл, сэтгэл санааны салшгүй нэгдлээр холбогдсон түүх соёлын маань үнэт өв, монгол зон олны мөргөлийн ариун газар билээ.
Үргэлжлэл бий…
Н. Бадарч (Арлингтон)
URL: