Богд Дунгаа хоёр – 2

REWSD540Хоёр- Дунгаа бүсгүй

 

Бурхны энэ ариун орон Амарбаясгалан хийдийн дэргэд Богд хаан олны дундаас онцгой нэгэн бүсгүйг олж харсан даруйд нүд унагажээ. Тэрээр өмнө жил Эрдэнэзуу хийдэд залрахдаа энэ үзэсгэлэнт бүсгүйтэй танилцсан төдий мэт боловч цаг давчуу байдлаас болж тухтай уулзаж чадаагүй өнгөрснөө эргэн санавч чухам тэр бүсгүй мөн эсэхэд эргэлзсээр байв. Нөгөөх бүсгүй ч мөн түүний зүг ширтэх тул тэдний харц ийнхүү мөргөлдлөө. Энэ бүсгүй үлэмж гоё үүлэн хээтэй нуурын цэцгэн  өнгөт цэнхэр магнаг торгон дээл, дариганга  хийцийн сүүжин ээмэг, сувд эрдэнэ чимгийг холбоо хээнд суулгасан шармал суурьт шүрэн сампин бүхий дөрвөн талт тов малгай, дайс бүс, үсний сувдан самаар гоёж насан угалз бүхий зээхий наамал гутал өмсчээ.

 

 

Жавзандамба хутагт Амарбаясгалан хийдэд хөл тавингуут Өндөр гэгээн Занабазарын тугдам шарилд хүндэтгэл үзүүлсний дараа мөргөлийн шар сүмд заларч мөргөл үйлдэх үеэр мөргөлчин олон гадаа хүлээсээр байв.

 

Төдөлгүй ловон лам дотроос гарч ирэн хутагтын зарлигаар мутрын хишиг тараахаар болж урт аргамж мэт боловч хадаг яндраар ороож хиймор зугуй зүүсэн нэгэн урт уяаг хаалганы завсраар гарган олон эгнээ хүрдний дагууд хөврүүлэн татсаар торгон үзүүрийг эцсийн хүрдний голоос торгоох дор энэ мөчийг хүлээсэн мөргөлчид хишиг хүртэж энэ урт уяанаас олж атгахаар хуйлран дайрцгаав.

 

Хүмүүс нөгөөх урт уяанаас олж барихаар уралдан зүтгэцгээж нэг нэгийгээ дайран унагаж дээгүүр гишгэн хуйларсаар нэг хэсэг нь уяа атгаж авснаар сая дуусч нэг хэсэгт нь атгах үзүүр ч хүртсэнгүй тул хоосон үлдлээ. Энэ уяанаас атгасан эхний хүмүүс үйл хэргээ бүтээж дуусахад  дараа дараагийнхан бужигнан дайрцгаана.

 

Шашны энэ үйлийг Богдын сунтаг гэх ба Богд хаан хүн болгоныг өөрийн биеэр адислах боломжгүй тул сунтаг гээч урт уяаны нэг үзүүрийг өөрийн биеэс торгоож нөгөөг нь гадгаш гарган хүрдний голоос уяж түүнээс нь сүсэгтэн олон барьсаар уртын урт цуваа үүсгэдэг байв. Сунтагаас олж атгах нь жирийн мөргөлчдийн хувьд тийм ч амар хэрэг биш аж. Энэ ид шидэт уяанаас олж атгасан хэн боловч түүгээр дамжин амьд бурхантай шууд холбогдож ариун мутраас нь адис авсан мэт болох агаад мөн түүгээр дамжин нүгэл хилэнц арилан, эрүүл энхийн дор нэн арвин буян хурааж түүний ажил үйлс ямагт бүтэмжтэй болдог хэмээн гүнээ сүсэглэн шүтдэг байв. Амьд бурхантайгаа аргамж уяагаар холбогдон ариун мутраас нь адис авсныг гэрчлэн сүсэгтний хүзүүнд нь улаан утас уяж арц, хүж, аршаан өгч Богдын мутрын хишиг хүртээнэ.

 

Ийнхүү мутрын бэлэг тараасны дараа түүнийг сүмээс гарах үед хутагтад газарчлахаар тохоогдсон бэйс Цанлигдорж буюу нутгийнхны нэрлэснээр “Цанлиг бэйс” өөрийн хатан, болон дагуулуудын хамт угтан хурсан олноос зам чөлөөлж хутагтыг өргөөнд хүргэх аж. Цанлиг бэйс бол жонон ван Цогбадрахын төлөөний хүн юм. Хутагт тэдний дунд нөгөөх үзэсгэлэнт бүсгүйг дахин олж харснаас хойш түүний дүр төрх сэтгэлд нь хоногшин үлдэв.

 

Өндөр гэгээн Занабазар Галданбошигтын дайны үеэр Хятадад дүрвэж очиод тэндээс буцаж ирээгүй байсаар 89 насандаа Бээжингийн ойролцоох нэгэн монгол шар сүмд 1723 оны усан туулай жилийн хаврын тэргүүн сарын арвандөрвөнд насан хутаг олсон  бөлгөө. Түүний занданшуулсан шарилыг нь Монгол газар авчирч Да хүрээний Дамбадаржаалин хийдэд хадгалж байгаад 1736 онд Амарбаясгалан хийдэд тусгайлан залжээ. Тус хийдэд 1780 онд Өндөргэгээний шарилд зориулан сүм барьж 1932 он хүртэл хадгалж байгаад ор сураггүй алга болсон гэдэг.

 

“Тэр үед сүм хийдийн эсрэг үйл ажилгаа эхэлж доторхи шарилуудыг гарган шатааж байсан тул Өндөр гэгээний  шарил тэнд  өртсөн байж болзошгүй, эсвэл энэ аюулын өмнө хэн нэгэн сүсэгтэн авч нууцаар оршуулсан нь өнөөг хүртэл илрээгүй байж ч болох талтай” гэж Бургалтайн унаган иргэн, залуудаа Амарбаясгалан хийдэд шавилж байгаад хар болж ардын засагт алба хашсаар ойн Гомбожав буюу Монгол улсын ойн гавъяат ажилтан болсон Налжирмаагийн Гомбожав гуай нэгэнтээ дурсаж байлаа.

 

Замын уртад лагшин чилээж ханиад харшилд өртсөн хутагт энэ оройдоо мөргөлийн дараах ёслол үйл дуусмагц их хийдийн баруунтай Цацын толгой дээрх өргөөндөө залрахаар зургаан цагаан морь хөллөсөн алтан чимэгт сүйх тэргэнийхээ араас олон дагуулаа цувруулсаар хөдлөв. Замын явдалд алжаасан тэрээр маргааш өглөө эртээс Богд хааны түмэн өлзий гийсэн энэ өдөрт зориулсан тус хийдийн лам нарын гол хуралд өөрийн биеэр оролцон мөргөл үйлдэж лам нарт адис хүртээх тул ийнхүү эртлэн амраахаар бэлдэцгээсэн ажгуу.

 

Маргааш өглөө нь түүнд зориулсан мянган лам нарын хурал болж дараа нь Мандал өргөх ёслолд хүрээнээс хутагтын хамт ирсэн лам нар тус хийдийн лам нартай ном хаялцах наадам болов. Энэ шашны ёсны тэмцээн наадамд Амарбаясгалан хийдийн лам бүдүүн дуут Дамдин унзад бусдаас тод байсан тул Богд хаан түүнийг зориуд анхааран шашны эд зүйл хувцас шагнаж дархан унзад хэмэн өргөмжлөв.

 

Мандал өргөх ёслол дууссаны дараа их хутагт түүнд бэлдсэн өргөөний зүг залрав. Эзэн хаандаа мөргөж, олон цагаан морь хөллөсөн сүйх тэрэг, өөрөө явдаг мухар тэрэг шилэн чийчааныг олж харах нь хэзээний сониуч зантай хөдөөгийн олонд зөвхөн сүсэг бишрэлийн хувьд ч бус амьдралдаа үзээгүй зүүд зэрэглээ мэт маш сонин үйл байлаа. Хутагтыг залрах замд Цанлиг бэйс өөрийн хатны хамт газарчлахаар газар сайгүй дагалдсан олон мөргөлчдийн дундуур зам чөлөөлөн сүйх тэрэгний дөрвөн талд хамгаалагч бүрэн зэвсэг агссан хиа, тахар нар морин дээрээсээ уртын урт саваа шилбүүрээр агаарт хий шавхуурдан  “зам тавь, зам тавь” хэмээн хашгирч явна. Түүний өргөөний зүг хуйлрах мөргөлчдийг цааш гаргасангүй хөл хорьж ойр хавийг харуул гарган хамгаалжээ. Өөрт нь бэлдсэн өргөөндөө дуртайяа тухалсан залуу хутагтад цай идээ барих үйлийг сая энэ хийдэд ирэнгүүд л харц мөргөлдсөн шаавай бүсгүй залгуулсан нь Эрдэнэзуу хийдэд анх харсан нөгөөх эмэгтэй яах ч аргагүй мөн байв. Анхан энэ урт замыг яахан туулж, энэ хол аяныг хэрхэн давах тухай санааширч явсан хутагт энэ удаад явсан газар бүр тааралдах энэ ер бусын учрал түүнд онцгой тааламжтай санагдаж энэ бүсгүйг олж харснаар алжаал зовлонг тэр даруй мартжихуй.

 

Энэ бүсгүй бол Цанлиг бэйсийн хатны аягач хэмээх авч яг аягач гэхэд эргэлзмээр содон, хорин хоёр насны босгыг дөнгөж алхаж яваа үзэсгэлэн гоо Дунгаа билээ. Богд хаан ямар их буян хишиг, ямар их хувь тавилангаар ийм сайн тохиол болов хэмээн догдолсон ч сэтгэлийн жолоог тарнийн хүчээр барьсаар л байлаа.

 

Одоо тэрээр ханиад хүрсэн ядлай хувраг бус, цоо эрүүл залуу чийрэг эрийн дүрээр түүнтэй ярилцахыг ихэд хичээнгүйлэв. Ийм үед тэрээр эзэн хааны алтан титэмт гүнгэрваа жаазнаасаа хөндийрч эгэл жирийн махан бодит эр хүн гэдгээ эргэн мэдрэх энэхүү дүрдээ дуртайяа холбирчихдог байв. Хөнгөн шаламгай Дунгаа бүсгүй мөнгөн завьяатай авшиг, элдэв амттан, аяга сав барин хааны өмнө гурвантаа мөргөөд түүнд бэлдсэн зоог идээг зөөж байлаа. Аягач бүсгүй

 

-Та алжаалгүй сайн морилж  ирэв үү? хэмээн мөргөхөд Богд

 

-Сайн явж ирлээ. Та амархан сайн байна уу? хэмээн мэндлэв. Тэрээр бүсгүйн бэлдсэн идээнээс дуртайяа амсаж тухлан суулаа. Их л сайхан яриа үүсгэх гэвээс эхлэх үг нь эвлэж өхгүй юу гэе дээ байж гэж  бодож байтал… Аягач бүсгүй

 

-Гэгээнтэн Таны ам цангаж буй. Танд би Танд Наранбулагийн авшиг, мөн сүүний ууранд жигнэж болгосон цагаан төмсний булцуу авчирлаа болгоож ажаам уу… гэсээр түүний өмнө мэхийв. Богд хаан сая сэхээ авч бүсгүйн өмнөөс найртайгаар инээмсэглэн

 

-Ам цангаж буй гэж жигтэйхэн…  Сархинаг хатах гэж байх шиг… хэмээхэд  залуу бүсгүй жуумалзаж байснаа тэссэнгүй бололтой хамт хэзээ язааны танилууд мэт инээлдэв. Хутагт сая бүсгүйн авчирсан зүйлд хараагаа шилжүүлж

 

-За тэгье хө, Таны гараас авшиг хүртчихье

 

-Сайхан хүний гараас хүртсэн идээ лавтай жаргаах буй хэмээвээс Дунгаа юу хэлэхээ олохгүй ичингүйрч зогсчихуй дор хутагт даруй яриагаа өөрчилж

 

-Сүүний ууранд  болгосон цагаан төмсний булцуу гэнээ?

 

-Тиймээ, манай нутагт энэ ургамалын үндсийг цагаан төмсний булцуу гэдэг буй. Зуны сүүлээр боловсорч гүйцэхээр нь ухаж авч дардаг. Ханиад харшилд сайн, бие хямрахад илааршуулдаг бөлгөө.

 

Таны лагшинд тус болуужин хэмээн дөмөгхөн хариулснаа хааны зүг зоог барих ялдамд бүсгүйн өмссөн магнаг торгон дээлийнх нь ханцуй дороос нь луун толгойг хоёр талд унжуулан товойлгож мөнхүү хэсгийг алтаар шарж товчлуур талд унжуулан Ханхөхий хийцээр давхар хаж гарган урласан мөнгөн бугуйвчтай гарынх нь нүцгэн шуу ил гарсан энэхүү ялдмаас сая хараагаа салгаж ядан буй хутагт

 

- Тун сайн хэрэг боллоо. Тийм байна, цагаан төмс байна. Би багадаа өөрөө ухаж аваад иддэг байлаа. Номын нэр нь монгол түвд эм танд ордог одой сараана гэдэг билээ гэхэд аягач бүсгүй

 

-Та үүнийг халуун бүлээнээр сүүгээр даруулж ууваас бие илаарших учиртай тул хөргөвөөс нэмэргүй хэмээн уур савсан буй сүүтэй цагаан төмсийг өмнө нь барив

 

-Тэгэлгүй яахав улаан дээр нь давт, бүлээн дээр нь уу гэж мэргэн үг бий хэмээн бүсгүйн бэлдсэн зууш идээг залуу хутагт дуртайяа зооглов. Дараа нь хутагт

 

-Таны алдар хэн билээ? Хоёулаа танилцая хэмээн шулуудан асуулаа.

 

-Жа… миний нэр  Дунгаа хэмээн доош сөгдвөөс

 

-Бос, бос… Зүгээр зүгээр ямар сүм хийдэд байгаа бус. Бүү сөгдөгтүн.

 

-Та өөрөө авшиг хүртэв үү?

 

-Жа… би хүртсээн.Энд ирснээс хойш байнга хүртэж буй.

 

-Та энд ирээд удаж байна уу?

 

-Сар шахам болж байна.

 

-Таны нутаг хаагуур вэ? Эсвэл Та энэ нутгийнх уу?

 

-Жа… Би Цэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны хүн.

 

-Аа тиймүү. Танай сайхан нутгаар би нэгэнтээ явж байлаа. Та лавтай нутгаа санаж буй.

 

-Саналгүй яахав гэгээнтэн минь. Миний гэр орон, аав ээж, ах дүү садан цөм нутагтаа бий. Одоо тэд нар маань бас намайг санажихуй.

 

-За бид сайхан танилцлаа. Би Таны тухай ихийг мэдэж аваад өөрийнхөө тухай ор хэлсэнгүй, энэ харин ёсгүй юм боллоо.

 

-Сүсэгтэн олон бид бултаар өлчир багаас Богд хаанаа гүнээ дээдлэн шүтсээр  мэдэх тул тийм учиргүй билээ хэмээн Дунгаа өчлөө.

 

Богд энэ бүсгүй тун энгийн сайхан яриа хөөрөөтөй хүн юм хэмээн ихэд олзуурхав. Энэ үер гаднаас хутагтын уналга бэлэн болсон тул Цанлиг бэйс хатны хамт түүнд зориулан Лувсанхайдав гүнтний бэлдсэн цайллагад хамт явах цаг болсныг айлдахаар орж ирлээ. Богд хаан Лувсанхайдавт зориулсан тусгайлан зарлиг шийтгэж энэ ёслолд оролцох тул дахин бурхны дүрдээ хувиран шилэн чичаандаа сууж олон албат мөргөлчдөө дагуулсаар Лувсанхайдавын намаржиж буй ойролцоох Хүжийн голын эх өөд хөдөллөө. Хутагт энэ ялдамд хөдөө нутгийн сайхныг сонирхон, лам нарын хүссэний дагуу Зүрхэн толгойн өвөрт буй нэгэн нууцлаг газрыг үзэх учиртай байв. Богд хааны цуваа Ивэн голоос Дарь эх толгой шилээр даван Зүрхэн толгойн өвөрт тэрхүү газар түр саатан Богд сүйх тэргэнээсээ буун маань тарни хэлж сан тавиад цааш хөдлөв. Богд хааны аравнайлсан энэ газар бол Амарбаясгалан хийдийн баруун суганд нэгэн зүрх хэлбэртэй жижиг толгойн өвөр ээвэрт ямагт наран ургах нэгэн задгай энгэр байлаа.

 

Эндээс Богдын цуваа цааш хөдлөн Дунгаа бүсгүй бусад мяндагтнуудын хамт хул алаг морины гүйм хар алхаанд эзэн хааныг даган хөврөх олны өмнө явсаар сая Ахай хошууны засаг ноёны гадаа ирцгээв. Эдгээр морьтнууд, тэдний эдэлсэн зүйл, өмссөн хувцас, унасан хүлэг морьд монголын хөдөө талдаа чимэг болж, засаг ноёны албат олон тэднийг сонирхон харж, тойрон хүрээлж, мөргөн залбирцгаахын хажуугаар морь, үхэр хөллөхгүй мөртлөө өөрөө явдаг энэ тэргийг ихэд гайхан шавцгаана. Хүчит хөдөлгүүр бүхий энэ тэрэг мал хөллөхгүйгээр өөрөө явах тул монголчууд түүнийг мухар тэрэг хэмээдэг байв. Нэгэн настан энэ гоё тэргийг хэн, хаана хийдэг, дугуйг нь юугаар эргүүлдэг эсэхийг шалгааж байснаа эцэст нь

 

-Энэ мухар тэрэг хэдэн морины ачаа даах вэ хэмээвээс жолооч эр

 

-Энэ мухар тэрэг бол 200 морины хүчтэй хэмээхэд бүгд эргэлзэн ямар юм идэхээрээ ийм олиггүй их хүчтэй байдаг юм бол гэцгээн гайхацгаана. Энд яваа үзэсгэлэн гоо Дунгаагийн унасан хүлгийн хул алаг зүс нь халиуны сор мэт гялтагнан, шавхарч жавхайсан уран хэлбэр, сүвээ зурах гурван хавирга, бөөрний гурван судас дурайж хоёр чих нь тормолзон уран толгойгоо хаялан буйг харсан бүхэн шагширч байхад нэгэн сониуч эр

 

-Энэ сайхан морийг Та ямар үнээр авав гэх ба зарим нь

 

-Та Богд хааны юу нь вэ хэмээнэ. Дунгаа бүсгүй энэ сониуч асуултад огтхон  ч ундууцсангүй.

 

-Хул алаг морио би тугалаа дагуулсан таван залуу үнээгээр авсан даа. Би өөрөө бол Богд хааны аягач билээ гэхэд хүмүүс дор дороо шагшин шивнэлдэж орой гэртээ хариад ярих сонинтой болсонд олзуурхана.

 

Лувсанхайдав гүн хатны хамт гадаа хурсан олны дундаас ангид бэлдсэн талбайд туг хиймор хийсгэн тусгайлан дэвссэн цагаан эсгий дээр Богдыг ёс төртөйгөөр угтан түүний мутраас адис авлаа.

 

Үржинжавын Лувсанхайдав тайж Ахай гүний хошууг авч захирснаас хойш хоёргүй үнэнээр идэвхийлэн зүтгэж хил тохинуулан сахих ажлыг нямбайлан эрхэлж хамжлага ардыг сум иргэдийн тоонд бүртгэн, хилийн манаа сахиул, суман харуул албыг тусгайлан гаргажээ. Татвар хураамж эрхэлсэн түшмэлийг бий болгон хилийн хураамж болон гадаад харъяат иргэд нарын худалдаа наймаа эрхлэх, тариа тарих, жин тээх түрээс хураамжаас улсын санд оруулсан мөнгө засгаас шийтгэсэн хэмжээг үлэмж давсан байв. Хил хязгаарыг хамгаалах ажлыг нэн хичээнгүй зохион байгуулж чадсан түүний зүтгэлийг Богд тусгайлан үзэж өөрийн биеэр ийнхүү залран Монголын төрд хүчин зүтгэсний учир “Улсад туслагч, үе улиран залгамжлах Ахай гүн” цол хүртээж орос зүгийн хилийн харуулын албыг давхар хариуцуулахаар зарлиг буулгав. Үүний дараа найр эхэлж Лувсанхайдав гүн Богд хааны түмэн өлзий гээсэн өдрийн бэлэгдэл бат орших хундага өргөн хүндэтгэлийн хадаг барин мөргөхөд түүнийг даган есоор гүйцэтгэв. Лувсанхайдавын найран дээр Дунгаа бүсгүй  ая барив.

 

Ногоон далайн дундаас төрсөн

 

Номин чулуу нь эрдэнэ хөө.

 

Номын хоёр Будда лам нь

 

Ногоон Дарь-Эхийн бүрэлваатай

 

Цагаан далайн дундаас төрсөн

 

Цахиур чулуу нь эрдэнэ хөө.

 

Цанидийн хоёр Будда лам нь

 

Цагаан Дарь-Эхийн бүрэлваатай

 

Сүн далайн дундаас төрсөн

 

Шүрэн чулуу нь эрдэнэ хөө.

 

Сүмийн хоёр Будда лам нь

 

Шарын шашны бүрэлваатай хэмээн намбалаг сайхнаар  дуулсан нь хааны сэтгэлийн бас нэгэн оньчийг хөндөв.

 

Хутагт засаг ноёныхоос буцах замд Манлайн жасынхан унага тамгалах ёслол эхлэхээр хүлээж байлаа. Энэ ёслолд оролцсон Богд эзний ёсоор эхний эр халиун унаганы зөв талын ташаан дээр өөрийн таван нүдэн тамгаар мялаав. Энэ тамгаар зөвхөн Богдхааны үржил сүргийг тамгалдаг ажгуу. Богд Дунгаа хоёр ёслол найр дуусгаж олон ноёд, мөргөлчдөөс арай гэж сая ангижирч өргөө зүг хөдөлцгөөв.

 

Цанлиг бэйс хатныхаа хамт, Дунгаа бүсгүй Богдыг унтахын өмнө гар доорхи зүйлийг эмхэлсний дараа хамт буцахаар болжээ. Ийнхүү Дунгаа хутагтын хамт түүний өргөөнд түр үлдэв. Энэ бол хутагтад түүнтэй ярилцах нэгэн аятай боломж байлаа. Богд бүсгүйд хандан

 

-Та үнэхээр сайхан дууллаа шүү. Би таны дуулсан дууг дахин нэг сонсох юмсан. Найран дээр бус Таныг яг одоо энд харж байгаа шиг зүгээр л сонсоод баймаар…

 

-Ихэд хичээлээ. Танд таалагдсан нь надад өлзий болно.

 

-Та эр нөхөртөй юу? Дунгаа харцаа доош буулган

 

-Үгүй дээ, Хаантан

 

-Тэгвэл Та эр нөхөртөй болохыг хүсдэг үү?

 

-Эм хүн, эр нөхөртөй болж гал голомтоо бадрааж үр удмаа өсгөдөг жамтай.

 

-Та энэ жамаар явах уу?

 

-Жа тиймээ.

 

-Эр нөхөртөй болвол Та түүнийг хайрлах уу ?

 

-Хайрлана аа, Хаантан

 

-Яаж хайрлах  вэ?

 

-Үсээ цайтал үнэнч явна хэмээн шуудхан хариулав. Богд уртаар санаа алдан

 

-Би ч бас ханьтай болохыг ихэд мөрөөддөг. Дунгаа энэ үед чухам юу гэж хэлэхээ мэдсэнгүй доош харж чимээгүй болов. Богд

 

-Та юу гэж бодож буй. Надад Тань шиг сайхан хань олдох болов уу?

 

-Таны хатан болох хүн бол их аз хиймортой бүсгүй байж таарна.

 

-Би таныг хажуудаа байлгаад чилээж байнаа. Гэхдээ  яриаг тань, дуулсан дууг тань сонсоод л баймаар .Би тантай хамт байхыг л бодох.

 

-Ямар хэцүүг бодох юм бэ. Хаантан минь.

 

-Та надтай хамт баймаар уу?  Дунгаа сая түүний зүг харж

 

-Танд хэлэх үгээ цээжиндээ л хадгалж явъяа даа хэмээн өглөөний зоогийн  бэлтгэл хангахаар гарч одлоо.

 

Дунгааг явсны дараа гав ганцаар үлдсэн хутагт элдвийг бодсоор нойр нь хулжжээ. Хүрээний ганган хүүхнүүдтэй янагийн явдалд умбаж бэлгийн харьцаанд орж эхэлсэн тэр үеэс түүний сэтгэлд нэгээхэн ч дурсамж үлдсэнгүй, саная гэвээс юу ч торсонгүй тэрхэн үеийн янаглал зүүд зэрэглээ мэт одсоныг сая ухаарч энэ бүхэн зөвхөн бэлгийн таашаал байсан гэж үү хэмээн хайр сэтгэл, тохиолдлын бэлгийн харьцаа хоёрын дундах орон зайд анх удаагаа алмайрч хоцров.

 

Одоо түүнд хайр дурлалд нь ханамж үгүйлэгдэж байв. Харин тэр орон зай нь зөвхөн Дунгаад л зориулагдсан  мэт бүх бодролын эцэст эргээд л түүн дээр л тунараад байлаа.

 

“Үнэгний нүд залгисан” мэт цурам хийлгүй хоносон Богд хаан  цагаан зандан орон дээрээ элдвийг бодон хөрвөөсөөр үүр цайлгаж өглөөтөй золгов. Тэрээр энэ өглөө Дунгааг дахин олж харна гэхээс тэссэнгүй үүр цаймагц босч гадаалан харсан зүгтээ алхав.

 

Ивэн голын хөндий болон голын баруунд Дарь-Эх толгой, Хүжийн голоос доош Бүдүүний ар, Хүрдэн толгой хүртэл, зүүн талаар Шар нохойн ам, Тойлбын хошуу, Баянбулагийн ам, Наймааны дэв, их бага Шивээт, Хүйтэн булаг хүртэл нутгийн ардууд мөргөлчдийн гэр майхан өглөөний наранд өнгө ялгаран эрээлжилж дөнгөж боссон айлуудын гэрээс хөх утаа чанх дээш суунаглан гадуур хонь мал ярайна. Бүртийх ч үүлгүй хөх тэнгэрт наран улам дээшилж  намрын шөнө хээр хоносон саран, өглөөний нартай хамт тэнгэрийн мандалд хослон хөвөх энэ үлэмжийн сайхан үзэгдлийг олж харсан хутагтад онцгой сэтгэгдэл төрүүлэв. Энэ өглөөний ер бусаар гайхам наран саран хоёр. Хутагт үнэнхүү үзэсгэлэнт хосыг даган алхсаар л байв.

 

Хаяалбараасаа хальж, харгуй замаасаа хазайн тэнгэрт нартай хоёулханаа үлдсэн энэ өглөөний ичимхий саран нүүрээ таллан нууж байвчиг орчлонгийн амьтан бүхний хараанд ив илхэн буйгаа мэдсэнгүй. Нүүрээ нуугаад нуугдлаа хэмээн боддог нялх хүүхэд шиг өхөөрдөм эрх саранг алсаас харахад Дунгаа бүсгүй мэт нууцлаг, үзэсгэлэнтэй агаад түүнд зөвхөн нүдээр дөхөн таалахаас өөрөөр ойртох боломжгүй.

 

Залуу хутагт ийнхүү зөн совиндоо хөтлөгдөн алхсаар хол явснаа ч, түүний араас даган яваа амь сахисан хоёр дагуул эрийг ч анзаарсангүй сая эргэн харваас тэртээд Амарбаясгалан хийд дүнсийн харагдана. Тэрээр Тойлбын хошууг тойрч явтал морьтон хүмүүс гүйцэж ирсэн нь Цанлиг бэйс мөн түүний дагуулууд, тэдний дунд олж харахаар шөнөжин хүсч мөрөөдсөн Дунгаа нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Хяруу буусан намрын энэ жихүүн өглөө хутагтын унах, ам зөөлөн, явдал хөнгөн, буган халиун морийг хөтлөн яваа үзэсгэлэнт бүсгүй нарийн хурган дотортой, оюу өнгөт ногоон торгон минчүү дээл дээр улаан дурдан бүс ороож үнэгэн лоовууз малгай духдуулан энгийн маягаар хувцасласан нь мөн л түүнд зохисон гэж яриагүй. Түүний унасан хул алаг морь нь шавхарч гэдсээ татан, согоо чихээ солбилзуулан, ялаа батгана аль хэдийнээ төрөл арилжсан намар цаг атал толгой хаялан дүүхэлзэнэ. Хутагт нимгэн хувцастай гарснаа сая мэдэрч хөтөлж ирсэн моринд ганзагласан булган доторт хүрмээ өмсөөд мориндоо дуртайяа мордон хүслэнт бүсгүйн хамт дөрөө хавируулан ергүүлсээр өргөөн зүг хөдлөв.

 

Замд тааралдсан малчид түүнийг монгол хүний адил морь унан хатируулж явааг харсан даруйд мориноосоо бууцгаан сөгдөн мөргөжихүй.

 

Намрын энэ өглөө жиндүү атлаа хутагтад  цаанаа л нэг сэтгэл ариусам дулаан, явдал сайт хурдан хүлгийн нуруунд хатируулж яваа нь далавч ургасан мэт санагдаж өглөө ганцаар бодол тээн алхсан энэ замаар хүслэнт бүсгүйн хамт чих алгадан сэнгэнэх хөдөө талын салхиар цээж дүүрэн амьсгалж явлаа. Хутагт энгүй жаргалант энэ мөчийг удаан тогтоохыг хүсэвч хурдан хүлгийн хурц дөрвөн туурай хивс мэт зулсан Ивэнгийн ногоон хөндийг алиргасаар төдөлгүй өргөөндөө ирлээ. Мөнхийн жаргал гэж байдаггүй ч аз жаргалтай үе гэж хүн бүрт байдаг ажгуу.


URL:

Сэтгэгдэл бичих