ДУУДАХ НЭР, ТӨӨРСӨН БУДЛИАН

\эргэцүүлэл бүхий цуврал-02\

Дуудах нэрийг эцэг эх өгдөг

Дуурсах алдрыг өөрөө олдог           \зүйр цэцэн үг\

*Баримт -01:

Тэрээр 2000 оны эхээр АНУ явах санаатай материалаа бүрдүүлээд визний ярилцлагад оржээ.  Өмнө нь эхнэр нь АНУ-д очсон байсан болохоор аж амьдрал, ирээдүйгээ бодсон ч тийшээ явах зайлшгүй шаардлага түүнд байв. Яагаад ч юм бэ? АНУ-ын ЭСЯ ны консул виз өгөхөөс татгалзаж, тэр үеийн заншлаар гадаад паспорт дээр нь “хар тамга” дарж орхиж. Паспорт дээрээ “хар тамга” даруулсан л бол дахиад визэнд хичнээн удаа ороод ч “найдваргүй” гэж найз нөхөд нь халаглана. Эхнэр нь өдөр болгон л утсаар ярьж, яаж ийгээд “ямар нэгэн арга олоод” заавал ирэх хэрэгтэй гэж учирлах. “Ямар нэгэн арга чарга” хайж сураглаад зөндөө л удаж. Гэтэл нэг найз нь түүнд “Чи иргэний үнэмлэхээ солиулаад дахиад материалаа бүрдүүлээд орчих, тийм боломж байдаг гэнэ” гэж зөвлөв.

Иргэний үнэмлэхээ мартаж гээгдүүлсэн хэн нэгний регистрийн дугаар дээр уг хүний зургийг оруулаад шинээр иргэний үнэмлэх олгуулах “сул цоорхой” байсан хэрэг\одооных шиг хурууны хээг авдаггүй байсан\. Мэдээж энэ бүхнийг эрх мэдэлтэн хэн нэгэн “мөнгөөр” хийнэ. Тийм хүнтэй уулзаж, хаа хаана ойлголцоод шинээр иргэний үнэмлэхтэй болсон тэр, уг үнэмлэхээрээ гадаад паспортоо авна. Визний мэдүүлэгт өмнө нь татгалзсан учраас, мэдээж материалаа маш сайн бэлтгэв. Энэ удаад “аз таарч” түүнд АНУ-д зорчих виз дарагдлаа. Тэрээр эхнэртэйгээ хамтад ажиллаж амьдарч байгаа ч нөхрийнх нь “нэр солигдсон” болохоор, хууль ёсоор бол гэр бүл биш\гэр бүлийн баталгаан дээр бичигдсэнээр\. Угтаа бол гэр бүл мөн л дөө. Анхандаа түүнийг ажил дээр нь “хуурамч” нэрээр нь дуудахаар гайхаж цочдог байсан бол одоо аль хэдийн дасчээ.

*Баримт -02:

Америкт ирээд ажиллаж амьдарч, аргаа олж байсан тэрээр хүүгээ өөр дээрээ авахыг хүсчээ. Мэдээж санаж бэтгэрэхийн хажуугаар, ирээдүйг нь бодоод энд сургуульд сургахаар зориглож. Хүүгээ визэнд оруулахад албан ёсны гэрчилгээгээр нь оруулах боломжгүй. Төрсний гэрчилгээн дээр аавынх нь нэр байгаа болохоор, нөгөө талаар өөрөө энд ирээд “харлачихсан” болохоор. Баримт бичгүүдийг  шалгасан тохиолдолд энэ бүхэн илэрч, хүүгээ авах хүсэл нь талаар болж орхих болно. Бас л энэ талаар “арга чарга” хайж, хүмүүсээс сураглаж судлав. АНУ-д зорчих визтэй хүнтэй тохиролцож, тэр хүний хүү гэдгийг нь нотолж байж авчрах боломж байдаг гэнэ. Түүний тулд хүүгийнхээ “төрсний гэрчилгээ”-г солиулах шаардлагатай.

Мэдээж энэ бүхэн мөнгөөр шийдэгдэнэ. Хүүхдийнхээ “Төрсний гэрчилгээ” – г солиулахад “өгөх мөнгө”, хүүг нь визэнд оруулаад нааш авчрах хүнд нилээдгүй хэмжээний мөнгө төлөх шаардлагатай \магадгүй нөгөө хүнд нь зардлын мөнгө хэрэгтэй байсан байх\. Нэгэнт АНУ-д ирээд “хар ажил” хийж байгаа болохоор, хүүгээ авчрахын тулд шаардагдах бүх л мөнгийг тэр гаргав. “Хүү минь л энд ирж байвал бусад нь яамай” гэж бодсон түүний сэтгэлийг баярлуулж, хүү нь Америкт аав дээрээ ирсэн. Хүүгээ дэргэдээ байлгаж, сургуульд нь хүргэж өгч, сургуулиас нь авч, сайн сурах боломжоор хичээж хангаж байгаа болохоор тэрээр баяртай байгаа. Гэхдээ хууль ёсоор бол тэд одоо төрсөн аав хүү бол биш \учир нь овог нэр нь өөр болохоор\. Угтаа бол тэд төрсөн аав хүү мөн л дөө.

*Баримт-03:

Америкт олон жил ажиллаж амьдарч, “хуурамч” бичиг баримтаараа “ногоон карт” тай болсон бүсгүйн Монголд байгаа ээжийнх нь бие муудаж очиж уулзаж, асарч тэтгэх шаардлагатай болжээ.  Олон жил уулзаж учраагүй, насан өндөр болсон ээжийнхээ төлөө сэтгэл нь уймарч шаналсан тэрээр “ямар ч гэсэн амьд мэнд байгаа дээр нь ээждээ л очьё” гэж шийдээд Монгол руугаа нисчээ. Буянт -Ухаад бууж бичиг баримтаа шалгуулахад нь түүнийг саатуулан шалгаж, улмаар нягтлан шалгах шаардлагатай болохыг учирлав \одоо бол бичиг баримтын хяналт нилээд сайжирч, ихэд нарийн болсон юм билээ\. Хяналтынхан нь түүний бичиг баримтыг “хуурамч” болохыг илчилсэн даруйдаа, Монгол Улсын хуулийг зөрчсөн тул түүнийг “баривчилж” хорих, энэ явцдаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх шаардлагатай болохыг мэдэгдсэн гэнэ.

Бие нь муу байгаа ээжийнхээ тухай хичнээн учирлаж хэлж, уйлж гуйгаад ч тусыг эс олов. Бие нь муу байгаа ээжтэйгээ уулзах гэж зорьж ирсэн түүнийг, олон жил уулзаж учраагүй хүлээж байсан ах дүү нар нь зорчигчийн хаалгаар гарч ирэлгүй, шууд “шоронд” ачигдсан гэдгийг дуулаад бүгдээрээ балмагдаж тэвдэнэ. Охиноо одоохон “ороод ирнэ” гэж санасан сэтгэлээ дэвтээн байж хүлээж байгаа бие муутай ээжид нь “юу гэж хэлнээ” гэдэг аймшигт бодол л ах дүүсийнх нь сэтгэлд эргэлдэх. Төрсөн эх орондоо, төрүүлж өсгөсөн ээждээ зорьж ирж байгаа тэр бүсгүйг эх нутгийнх нь зөөлөн хөрс биш, эрх чөлөөг нь хязгаарласан шоронгийн “харанхуй” өрөө угтана гэж тэрээр хэзээ ч төсөөлж байгаагүй. Хэд хоногийн дараа “учир байдлаа олж” гэртээ ирсэн ч, сэтгэл нь аль хэдийн хиртэж, айх айдсанд автсан байв. Ямар ч баяр баясгалангүй, эх орон нь түүнийг ямар хатуу харгисаар угтсанд төрсөн айдас нь хэсэгтээ л арилаагүй.

…Ийм төрлийн жишээ гадаадын олон оронд тархан суугаа монголчуудад маш олноороо бий. Хүн болгоны сэтгэлд түгшүүр төрүүлж, шаналгаа үүсгэж байгаа энэ асуудлыг гаргаж тавин, зөв сайнаар шийдэх цаг нь нэгэнт болжээ. Эс тэгвэл аажимдаа ужигарч, монголчууд бидний бие биенээ хүндэлж ойлгох, эвлэлдэн нэгдэх үйлсэд муугаар нөлөөлж болзошгүй.

*УЧИРЛАЛ:

…Хууль дүрэм журмыг зөрчинө гэдэг муу хэрэг л дээ. Тэр тусмаа бичиг баримтыг “хуурамчаар үйлдэнэ” гэдэг бүр ч муу зүйл. Гэхдээ энэ үйлдэл нь ямар учир шалтгаанаар, ямар үндэслэл дээр, хэрхэн үйлдэгдэв гэдэг талаас нь авч үзэх ахул, сайн муу  талуудын аль аль нь бий.

-1990-ээд оны сүүлч, 2000 аад оны эхээр бичиг баримт хуурамчаар үйлдэж, түүнийг ашиглан гадагшаа гарсан тохиолдлууд нь нилээд давамгай байгаа. Энэ үед бичиг баримтын ашиглалт, хяналт төдийлэн сайн байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд бичиг баримтын чанар болон мэдээллийн агуулга, баталгаажуулалт, хяналтын тогтолцоо нь ихэд сайжирч байгаа. Учиргүй төгөлдөржиж амжаагүй хэдий ч аажимдаа төгөлдөржих шатандаа явж буй. Тэгэхээр дээрх үйлдлүүд нь бүх л хугацааг биш, хэсэгхэн хугацааг хамарч байгаа болохоор харгалзаж үзэх боломж бий.

-Бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан гадаадад гарсан монголчуудын хувьд, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээрээ хамтдаа амьдрах их хүслээс л үүдэлтэй болохоос бус, “эх орноосоо урвах”, “эдийн засгийг сүйтгэх”, энд тэнд “хорлон сүйтгэх”, “тагнан турших ажиллагаа” явуулах зорилго огт байгаагүй.  Тэд зорьсон орныхоо хилийг давсан цагаасаа тухайн орныхоо хууль дүрэмд захирагдан, өөрсдийн боломж чадвараараа ажиллаж, сурч, амьдарч байгаа нь үүний нотолгоо. Зарим оронд цөөн монгол хүн хууль дүрмийг зөрчин шийтгэгдэж байсныг эс тооцвол, ихэнх монголчууд хууль дүрмийг мөрдөж, сахиж сурсан.

-Хэдийгээр  хууль зөрчсөн тохиолдол байгаа ч тэдний зүгээс өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс Монголдоо илгээж байсан санхүүжилт, олон олон ах дүүс айл гэрийн амжиргаанд нэмэр болж байсан хувь, өөрийгөө хөгжүүлж, үр хүүхдүүдээ өндөр боловсрол эзэмшүүлж байгаа тусыг авч үзвэл уучилж үзэх шалтгаан бас бий \энэ тухай өмнөх бичлэгтээ өгүүлсэн байгаа\. Хууль дүрмийг зөрчсөн үйлдэл нь Монгол эх орон, ард иргэдэд “ямар хохирол учруулав?” гэдэг талаас нь авч үзвэл, асуултын хариу нь арай өөр гарах буйз.

…Энэ асуудлыг хөндөж тавихаар “Эх орноо худалдаж, элдэв заль луйвар хийж, ард иргэд олон нийтэд хохирол учруулж байгаа хүмүүсийн дэргэд энэ бол өчүүхэн зүйл” гэж бухимдан өмгөөлөх хүмүүс гарч магадгүй. Аливаа хууль бус үйлдлүүдийг нийтэд хамааруулан зүхэх тийм ч таатай үйлдэл биш. Ялгаж салгаж, эрүүл саруулаар нягтлах зүйл. Хууль зөрчсөн болгон ямар нэгэн хэмжээгээр шийтгэл хүлээж байх учиртай гэдэгтэй би санал нийлдэг. Харин учир шалтгаан хийгээд хор холбогдлыг нь анхаарч үзээд “уучлал үзүүлэх” тохиолдол байж болох юм.

*НАДАД САНАЛ БАЙНА:

Яг энэ асуудлаар Хууль Зүйн сайд Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд оролцсон уулзалт Вашингтон ДС хотноо болж байхад гаргаж  тавьсан л даа.  Харин тэд үүний хариуд “Тийм асуудал байгаа, бид ч үүнийг мэдэж ойлгож байгаа. Харин энэ талаарх тодорхой судалгаа баримтууд бидэнд хэрэгтэй байна. Тэр судалгаа, баримт дээр тулгуурлан энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх боломж байгаа” гэж хариулсан юм.

Харин тэр “тодорхой судалгаа, баримтыг чухам хэн хариуцаж, хэрхэн яаж гаргах юм бэ?” гэдэг асуудал одоо хэр нь тодорхой бус. Дээр нь ийм асуудалтай байгаа хүмүүс хэн нэгний хэлсэн зоргоор явж очоод “далан булчирхайгаа тоочоод” байхгүй л болов уу? Тэдний сэтгэл дахь айдас болгоомжлол нь өнөө хэр оршсоор байгаа. Нэг талаасаа хууль журмыг зөрчсөн харамсал, гэр бүл дэх “албан бус” баримт бичгийн төлөөх харамсал, энэ асуудлаас болж “шоронд орчих вий” гэдэг айдас холилдон байгаа.  Тэгэхээр:

1.Сонгууль болон өөрт нь гадаадад байгаа монголчуудын санал сэтгэгдэл хэрэгтэй болохоор “Эх орондоо ирэхийг урьж уриалсан” сэтгэл уярч, нулимс гүйлгэм үгтэй захидал бичдэг Монгол Улсын Ерөнхийлэгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ асуудалд яг үнэнээсээ анхааралаа хандуулж, комисс ч юм уу томилж, судалгаа хийлгэн, шийдэх арга замыг олж болохгүй юу?

2. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд удаа дараа байгуулагдсан “Гадаадад байгаа монголчуудын асуудал хариуцсан алба” маягийн янз бүрийн нэртэй албад тань яг юу хийдэг юм бэ? Жил болгон ЗГ-аас нилээдгүй төсөв батлуулдаг энэ эрхмүүд ийм ажлыг хариуцан ажил хэрэг болгож болохгүй юу? Тэдний “барааг нь харж, сураг сонсолгүй” удлаа шүү дээ. Тэр жил ийм нэртэй албаны “дарга” ч билүү нэг нөхөр бидэнтэй уулзаад Монголд “ногоо тарих төсөл байнаа, үүнд санхүүжилт олж тусалж чадах уу?” гэсэн утгатай юм яриад явж байснаас хойш сураг нь алдарсан даа.

3.Хэрэв ийм комисс ч юм уу алба ч юм уу? байгуулбал гадаадад байгаа монголчуудаас эсвэл тухайн оронд ажиллаж байгаа ЭСЯ ны ажилтнуудыг ч оролцуулж болох юм. Тэгвэл  амьдралд , хэрэгжилтэд нь арай дөхөм байх болов уу?

4. Ийм ажиллагааг яг тодорхой хугацаа зааж, энэ хугацаанд энэ асуудлаа хэрхэн шийдэх зааврыг мэдээллийн хэрэгслэлүүдээр сайн сурталчилмаар. Мэдээж хуулийн дагуу авах арга хэмжээ нь “мөнгөн торгууль” байвал хаа хаанаа хэрэгтэй баймаар. Ядаж л энэ үйл ажиллагааныхаа зардлын нэг хэсгийг ингэж шийдэж болмоор.

5. Хэрэв заасан хугацаанд энэ асуудлаа шийдүүлж чадаагүй иргэнд цаашдаа ” хуульд зааснаар шийдэх болно” гэж ойлгуулбал хүмүүсийн ухамсарт нөлөөлөх болов уу? Мэдээж энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх нь Монгол Улсын Төрөөс ард иргэддээ үзүүлж байгаа анхаарал халамж гэдэг талаас нь анхаарвал сайн сан. Гэхдээ энэ бол байнга явагдах үйл ажиллагаа биш, нэг удаагийн тодорхой хугацаанд л шийдэх асуудал юм шүү дээ.

…Аливаа асуудлыг яриад л , шийдэхгүй яваад байх тусам хүмүүсийн итгэл алдарч, салхинд хийссээр урагдаж сэмэрч алга болдог гэрийн бүрээс шиг болдог. Хэн ч ноорхой муу бүрээстэй гэртэй байхыг хүсэх билээ. “Ард олондоо хайртай, дуртай” гэж ярьдаг  улстөрчидийн, үүнийгээ “нотлох” боломж нь энэ байж болох.  Өдгөө цагт Монгол эх орон руугаа буцах хүсэлтэй олон монголчуудын хувьд дээрх асуудал “чөдөр тушаа” болж буй. Монголчууд бид “Олуулаа больё” гэж уриалаад бусдыг эх орондоо уриад л байдаг. Чухамдаа бол гадаадаа ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэмэтчилэн буцааж авчрах нь тэргүүн зорилго бус уу?

Тэд Монгол эх орондоо очиж хатуу хэдий ч сэтгэлд “зөөлөн” хөрсөн дээр нь хөрвөөн биеэ амрааж, уул усаа харж нүд сэтгэлээ баясгаж, тэртээд билчих хонин сүргийн захаас хуйлартал хашгирч сонороо мялааж, шуугитал эссэн айргаа хулаар нь залгилан ходоодоо халааж, уртын дууны цээлхэн аялгуунд нарыг аргадах гэж хүсч байна. Тэд олон жил зүүдэндээ үзэж “жаргасан” энэ нутагтаа өөрийн эрдэм чадал, авьяас билгээрээ амар амгалан, сэтгэл бардам ажиллаж амьдрахыг хүсч байна. Эхнэрээ элгэндээ тэвэрч, хүүхдээ мөрөн дээрээ суулгаж сэтгэлийн гүнээс жаргалтай нь аргагүй инээж байхыг мөрөөдөж байна.  “Энэ бол миний эх орон” гэж цэцэг нь дэлгэрсэн хээл талд гараа алдлан хэвтэж, нарны гэрэлд нүдээ анивчихыг хүсч байна. Монголчууд бидэнд үүнээс өөр юу хэрэгтэй гэж?

“АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙГ ХҮССЭН ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХҮСЭЭГҮЙ ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДДОГ” гэдэг дээ. “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨГ”.

 

                                                 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:  gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих