МАХН мэдэгдэл гаргалаа
МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргалаа. Сүүлийн үед МАХН-аас сонгогдон улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй нэр бүхий гишүүдтэй холбоотой ташаа мэдээллүүд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан ийнхүү мэдэгдэл гаргах болсон байна.
Мэдэгдэлд “МАХН-ын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд хийгдэж буй ажлыг харлуулах, намыг дотроос нь хагалан бутаргах зорилгоор гүтгэлгийн чанартай мэдээ материалыг сүүлийн үед Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим хуудсаар тарааж байгаа нь туйлын харамсалтай. МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар Сайд Д. Тэрбишдагвыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өөрийг нь дэмждэг цөөн тооны хүнийг цулгуулж аливаа асуудлыг шийддэг мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдож улмаар үүрэгт ажлаас нь огцруулахыг нам дотроос нь шаардсан мэтээр үндэслэлгүй мэдээлэл нийтлэн гүжирдэж, хувь хүний болон намын нэр төрд халдсан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн намын байгууллагаас албан болон албан бусаар дээрх агуулга бүхий ямар ч мэдээлэл гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Н.Удвалыг Элчин сайдаар явах гэж байна гэсэн мэдээллийг нийтэлж байгааг эрс няцааж, ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Цаашид МАХН болон тус намаас УИХ, Засгийн газарт ажиллаж буй гишүүд рүү чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээлэл гаргасан холбогдох байгууллагуудад хуулийн дагуу хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тэмдэглэжээ.
Ч.Олзвой
URL: