“Нутгийн нөөлөг” алтны компани хүний амийг 400 мянган төгрөгөөр үнэлжээ

​ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагааявуулдаг “Нутгийн нөөлөг” компани болон тус компанийн ажилчдын буруутай үйлдлээс болж 20 гаруйхан настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уурхайн хүнд даацын автомашин барьж явсан залуус нэгнийгээ дайрснаас энэ хэрэг гарсан байна. “Ковш“ маркийн автомашины дугуй хагарахад, жолоочид нь туслахаар очсон  талийгаач Д-г араас нь нэг цуваанд явсан тус компанийн хүнд даацын автомашины жолооч дайрснаас болж, хохирогч газар дээрээ амиа алджээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэс уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хоёр хүнийг буруутгаж буй ажээ. Учир нь “Нутгийн нөөлөг” компанийн жолооч үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлсний энэ хэрэг гарсан байна. Иймд жолооч болон үнэмлэхгүй хэрнээ жолооны ард сууж явсан хүнд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Талийгаачийн ар гэрийнхэнд тус компанийн зүгээс оршуулгын зардал гэж 400 мянган төгрөгийн эд зүйл авч өгчээ. Үүгээрээ “хүүгийн маань амиа алдсан асуудлыг чимээгүй өнгөрөөхийг хүссэн” гэж хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдээд байна. Талийгаачийн эгч Б.Дуламтогтох “Нутгийн нөөлөг” компанийн захирал н.Батчулуун гэдэг хүн ирж уулзсан. Оршуулгын ажилд зориулж 400 мянган төгрөгийн эд зүйл авч өгсөн. “Хангалттай их юм авч өглөө. Танай дүүгийн үхлээс болж манай дүү нар хэрэгт ороогдоод байгаа” гэж хэлсэн. Манай дүүгийн амийг тэд 400 мянга төгрөгөөр үнэлсэн. Бид тухайн компаниас мөнгө нэхсэн зүйл байхгүй ч, хүний амийг юман чинээ бодохгүй байгаад харамсаж байна. Өмнө нь энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нэг залуу амиа алдаж байсан. Тиймээс ийм хэрэг дахиж битгий гараасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Осол гарах болсон шал­тгааныг тухайн компани хөдөл­мөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гаргаагүйгээс болсон гэж хохирогчдын зүгээс тайлбарлалаа. Тэдний зүгээс хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх эсэхэд ч эргэлцэж буй ажээ. Учир нь “Нутгийн нөөлөг” компанийн ажилтнуудыг энэ хэрэгт холбогдсоноос үүдэн компанийн удирдлагууд  хэргийг өөрсдийн талд шийдвэрлэх, хэрэгт хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж үзэж буй юм.

 

Т.Амартүвшин

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих