Дундговь аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам өчигдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 300 шахам км замын ажлыг 2009 онд эхлүүлсэн ба үлдээд байсан 104 км замын санхүүжилтэд зориулан Чингис бондын хөрөнгөөс 49.2 тэрбум төгрөг гаргаж, жилийн дотор барьж дуусгаж байгаа юм. Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр үндэсний гурван компани, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани хамтран ажиллажээ.
“Хөгжил бидний хажуугаар өнгөрч байна гэж ярьдаг байсан Дундговьчууд өнөөдрөөс авто замын сүлжээний гол бүсүүдийн нэг боллоо. Улаанбаатар-Өмнөговийг холбосон их замын дунд орших Дундговь аймгийн энэ зам говийн бүсэд хөгжил тээн хүргэх болно.
Энэ замаар Оюутолгой, Тавантолгойн их бүтээн байгуулалтын тээвэр хийгдэж, олон том ажлыг урагшлуулна. Бүтээн байгуулалт, хөгжлийн үр шим Дундговьчуудын хаалгаар орж, иргэдийн маань амьжиргаанд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж шинэ замыг улсын комисст хүлээн авах ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Энэ замыг дагаж олон сум нийслэлтэйгээ автозамаар холбогдаж байгаа нь орон нутгийн хөгжилд том түлхэц өгөхийг Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар дурьдаж байв.
Шинэчлэлийн Засгийн газар энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгуудыг нийслэлтэй холбосон нийт 1600 км авто зам тавьж дуусгахаар зорьж байгаа ба говийн бүсийн дараагийн замыг удахгүй хүлээн авна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: