Гандангийн хашаанд үнсэлдэж болох уу ?

Ингэж асуумаар үе таарах юм. Бүсгүй хүнтэй тэврэлдэн зогсоо ламхайг харахад нэг л сонин. Нүдэнд дасаагүй болоод тэр биз. Нэгэнтээ би хурал ном хурах буяны үйл ажиллагаа явуулж байх үед лам нартай сүмд ба хашаанд хувийн болон албан хэргээр хэн нэг хүн уулзах явдал шашны зуршилд үл нийцэх тул цээрлэн тэвчих учиртайг мэдэгдье гэсэн санамж бичээсийг аль нэг сүмийн хаалган дээр байхыг олж харсан санагдана.

Гэтэл үйлийн үртэй энэ хайранд умбан үнсэлдэж зогсоо ламтанг хараад үсрэхээр мярайсан ирвэс харсан юм шиг цочин золтой л “туйлчихалгүй” холдов.

- Би хэдийгээр хүнийхээ хувьд сайхан бүсгүй хараад сэтгэлийн таашаал тердег боловч сахил санваараа дээдлэх үүднээс лам хүнд хайр сэтгэлийн асуудал байж болохгүй гэж боддог хэмээн XIV Далай багш хэлсэн байдаг сан. Хүний амьдрал л юм хойно лам, хар (хүнд) ялгаагүй идэж уух, өмсөж зүүх гээд ахуйн асуудал тулгардаг нь мэдээж. Олны дунд сайн, муу янз бүрээр хэлэгддэг залуу лам нар маань ингэхэд дээрх асуултанд ямар хариулт өгөх бол…

Залуу лам С.Баянчойжил: Үнсэлцэж яаж болохов. Гандан хийд гэдэг буяны газар. Би авгай авахгүй ээ. Шашны мер хөөнө гэж боддог. Сахил санваар, дэг жаягаа жинхэнэ ёсоор сахиж чадаж байгаа хүнийг лам гэдэг биз дээ.

Залуу лам Цэдэнжав: Болохгүй гэсэн бурханы сургаалийг зөрчиж авгай аваад жил гаруй боллоо. Эхнэр маань удахгүй төрнө. Одоохондоо хамт олноосоо нууц маягаар амьдарч байна. Миний ажигласнаар авгай авсан залуу лам цөөн байдаг. Дурлал гэдэг хүний сэтгэлд бий болсон шунал тачаал буюу ад юм. Үүнийг номын хүчээр дарж чадвал сэтгэл ариусдаг. Гандангийн хашаанд… Зүгээр… Үнсэлдэж болно оо. Гэхдээ зөв ухамсар гэж бий.

Энэ бүхэнд дүгнэлт бичих нь илүүц биз ээ. Бурханы айлтгал, судар номын ухааныг судалж, ертөнцийн явдлыг шинжин буй зарим лам нарын үзэл бодол ийм байна. Үнэхээр Гандангийн хашаанд үнсэлцэж болох болов уу?

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих