Цөмийн хаягдлаар мөнгө олно гэж арай тооцоолоогүй биз, эрх баригчидаа

Жижиг арал дээр оршдог япончуудад нэгэн томоохон бэрхшээл байгаа нь газар нутгийн хомсдол юм. Газар нутгийн энэ бэрхшээлийг нэмсэн зүйл бол Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсэн явдал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнээс үүдсэн цөмийн хог хаягдал, нөгөө талаар олон жилийн турш хуримтлагдсан хог шаар арал дээр оршдог орны шүдний өвчин болоод байгааг шинжээчид өгүүлэх болов. Энэ шүдний өвчнийг нь илааршуулах ганц суваг бол Монгол Улс гэх. Тэр тусмаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлал, “Самурай” бонд гэх мессэжүүдийг зарим эх сурвалж өгөх болжээ. Учир нь газар нутгийн зовлон дунд амьдарч байгаа тус улс цөмийн хог хаягдал, атомын хог шаараа хаашаа булшлахаа мэдэхгүй тэвдэж байгаа. Тиймээс “Самурай” бонд буюу 600 саяас нэг тэрбум ам.долларыг Монгол Улсад зээлдүүлэх нь ямар нэгэн сэжмээр хог хаягдалтай холбоотой гэх мэдээлэл дэгдэх болов. Тэгээд ч цөмийн хог хаягдлыг их мөнгөөр улс орондоо булшилдаг учраас эдийн засгийн дорой байдал ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талаар Япон Улс нь сүүлийн 20 орчим жилд Монгол Улсад хамгийн их зээл тусламж олгосон орноор тодроод байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш. Аюул дагуулсан энэхүү мэдээллийн араас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлуулах нь бүү хэл атомын цахилгаан станц бариулахгүй” хэмээж байв. Гэтэл өнгөрсөн сард Франц Улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж, ураны салбарт хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурчихаад баяртайгаар буцав. Зөвхөн үүнээс харахад л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгээ мартсан бололтой. Өдгөө Францын “Арева” компани Дорноговь аймагт 12, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 15 нийт 27 хайгуулын лиценз эзэмшиж байгаа. “Арева” нь Монголд үйл ажиллагаа явуулаад удаж байгаа бөгөөд туршилтын ажил дуусч, 2014 оноос олборлолтын ажил явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. “Арева” бол ураны салбарт дэлхийд тэргүүлэх акул компани. Тэгэхээр өдгөө эрх баригчид атомын цахилгаан станц барих тухай гэрээ хэлцэл ч далдуур хийсэн тухай албан бус эх сурвалж мэдээлсэн. Мэдээжийн хэрэг хамтарч ажиллана. Олборлолтоо хийнэ гэдэг бол энэ ажил нэгэнтээ гараанаас гарлаа л гэсэн үг. Энэ бүгдээс илүүтэй нэгэн содон ноцтой мэдээлэл өөрийн эрхгүй сонирхол татав. Тиймээс доорхи зурагтай мэдээллийг ямар нэгэн засваргүйгээр хүргэе. Манай нэгэн судлаач, уран бүтээлч цахим ертөнцөөс “Ерөнхийлөгч яагаад Хойд Солонгост айлчилсан болоод яагаад Хойд Солонгосын Ерөнхийлөгч хүлээж аваагүй тухай Японд сурдаг Бурмаа дүү хандлаа. Энэ охины интернэтэд тавьсан постуудыг нь Японы хакерууд эвдээд вирустүүлээд байна гэнэ. Яагаад гэвэл Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын хортой хаягдлыг Монголд булж, оронд нь мөнгө авахаар манай Ерөнхий сайд тохиролцсон бөгөөд ингэж л хямралаас гарах гайхалтай санаа олжээ.

Эхнийх нь зураг бол Фүкүшимагийн хог хаягдлыг БНХАУ, Хойд Солонгосоор дамжуулан Монголд тээвэрлэх план. Маш ноцтой. Гялс шээрлэнэ үү” хэмээжээ. Мэдээллийн тэргүүн магнайд дэвж яваа энэхүү ноцтой зүйлийг зөвхөн өнөөдөр ч яриад байгаа юм биш. Манай улсад эртнээс яригдаж, зарим иргэний хөдөлгөөн, улстөрийн намууд ч эсэргүүцэж байсныг уншигч олон санаж байгаа. Тодотгож хэлбэл, цөмийн хог хаягдлыг Монголд булшлах суурь ажиллагаа эртнээс явагдсан гэхэд болно. Магадгүй , доорхи эх сурвалжийн мэдээллээс харах юм бол бараг 20 шахам жилийн өмнөөс япончууд энэ санаархлаа цухалзуулж байсан ч байж болох талтай аж. Тухайлбал, 2010 онд “Монголд цөмийн хаягдал булшлах гэж байна. Гадаад харилцааны сайд АНУ- ын төлөөлөлтэй энэ талаар гарын үсэг зурчихаад ирсэн” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тухайн цагт үүнийг албаны эх сурвалж няцааж байсан болохоор баттай гэх үндэслэл алга байв. Гэхдээ энэ дагуу мэргэжлийн баг судалгаа хийж, иргэний хөдөлгөөнүүд ч төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Харин судалгааны үр дүнд цөмийн хаягдал хаях эрх зүйн орчныг манай улс бүрдүүлсэн байсныг олж харжээ гэх мэдээлэл хүртэл цацагдсан. Тус мэдээллийг сийрүүлбэл, Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Эрх зүйн хувьд ямар байдалтай байгааг судаллаа. Гэтэл аль хэдийнэ цөмийн хог хаягдлыг эх орондоо булшлах эрх зүйн орчныг бүрдүүлчихсэн юм байна. Товчхондоо 1994 оны зургадугаар сарын 30- ны өдрийн УИХ-ын 56 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 оны долдугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы 48 дугаар тогтоолоор өөрчилсөн. Ингэхдээ өмнөх Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байсан чухал заалтыг аваад хаячихсан байгаа. 1994 оны үзэл баримтлалын 51 дүгээр зүйл буюу “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам”-ын 51.4-т “Хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх”, 51.5-д “Хүний удамшил,хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох” гэсэн заалт. Мөн 54 дугаар зүйл буюу “экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд” гэсний 54.3-т “Байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах”, 54.4-т “Хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох” гэсэн заалтууд байсныг дурдсан байна. Эндээс харахад сүүлийн 20 жил өглөгийн гараа үй зайгүй сунгасан япончууд энэ хэрээр хог хаягдал булшлах эрх зүйн орчныг манай улсад бүрдүүлэхэд нөлөөлөөд байсан юм биш биз гэж харж болохоор. Нөгөө талаар дээрх хуулийн өөрчлөлтүүд тухайн цагийн хууль үйлдвэрлэгчдийн санамсаргүй алдаанаас болов уу, эсвэл япончуудын санаархлыг Үндсэн хууль түүний үзэл баримтлалд зориуд тусгав уу гээд олон асуудал сөхөгдөх нь. Үүнийг үндэсний аюулгүй байдлын зүгээс нь нэг хянаж үзэхэд гэмгүй.

Үүнээс хойш буюу өнгөрөгч жилийн эхээр гарсан бас нэг ноцтой мэдээлэл бол “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж батлагдажээ. Үүнд олон тэрбум ам.долларын хөрөнгөөр цөмийн хог хаягдал булшлах байгууламж барих тухай тусгав хэмээсэн мэдээлэл тарж байлаа. Харин энэ талаар иргэний хөдөлгөөнүүд болон зарим албаны хүмүүсийн эсэргүүцэл ширүүссэн учраас эрх баригчид нэгэн мэдээлэл хийжээ. Өөрөөр хэлбэл, тэд эсэргүүцлийн өөдөөс няцаалт хийх зорилгоор “эмнэлэг, хөдөө аж ахуйд ашигласан жижиг сажиг цацрагийн хаягдлаа хадгалах, бас судалж хэмжих радиохимийн лаборатори байгуулах” хэмээн тайлбарласан. Үнэн эсэх нь эргэлзээтэй ч өнөөдрийн болж байгаа үйл явдал, эрх баригчдын явуулж байгаа ажиллагаанаас харахад энэ хөтөлбөрт тусгагдсан зүйл заалт ч үнэний хувьтай гэж болохоор. Түүнчлэн цөмийн хог хаягдлыг атомын цахилгаан станцтай орнууд төдийлөн эх нутагтаа булшлахыг урьтал болгодоггүй. Болж өгвөл гадагшаа гаргаж булахыг эрмэлздэг тухай албан хүмүүс ярьж байсан. Тэр тусмаа ядуу буурай оронд булшлах сонирхол ихээхэн байдаг аж. Үүгээр ч зогсохгүй В.Путин ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон, Тайвань, Өмнөд Солонгосоос цөмийн хог хаягдал Монгол Улсад 20 тонныг булшлахыг зөвшөөрөх тухай мэдээлэл цацагдаж байв. Учир нь тус хог хаягдлыг Оросоор дамжуулах сонирхол байсан байх. Гэхдээ В.Путин Герман, Францын хог хаягдлыг Томск хотод булшлахыг зөвшөөрч хэл аманд өртөж байсан билээ. Юутай ч хойд гүрэн түүнийг булшлуулаагүй. Цөмийн хог хаягдлыг зүгээр нэг авчраад булчихгүй. Нэг килограмм хог хаягдлыг 500-1000 ам.доллараар булшилдаг гэх мэдээлэл бий. Энэ оны албан бус мэдээллээр бол дэлхий дээр энэ төрлийн хог хаягдал 350 орчим мянган тонн бий. Үүнийгээ хаана булахаа мэдэхгүй сууна.
Манай улсын эдийн засгийн байдал туйлын хүнд хийгээд өрийн сүлжээнд орчихсон байна. Хэрвээ цөмийн хог хаягдлыг тонн тус бүрийг нь 1000 ам.доллараар булшиллаа гэж үзэхэд бид чамгүй мөнгө олчих юм гэж санаагүй л баймаар юм, манай эрх баригчид. Дашрамд дурдахад, Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах тухай зөвхөн дотоодын мэдээллийн хэрэгслүүд бичээд байсан хэрэг огт биш. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Японы “Майничи” сонин болон CNN, Ройтерс зэрэг дэлхийн томоохон агентлагуудаар цацагдсан шүү дээ. Тэр ч бүү хэл Японы парламент цөмийн хаягдал Монголд булшлах тухай нийтлэсэн “Майничи” сонины сэтгүүлч, редакторуудыг дуудаж асуулга тавьсан тухай ч мэдээллийн архивт бий. Тэрхүү мэдээлэлд, “Майничи” сонинд АНУ болон Япон цөмийн хаягдлаа Монголд хадгалахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэхдээ, цунамигаас үүдэлтэй атомын станцын ослоос болж гурван улсын гэрээ байгуулах өдөр нь товлогдоогүй байгаа тухай дурдсан нь бий. Юутай ч “Майничи” сонин борлуултаа нэмэгдүүлэх гэж, CNN, Ройтерс агентлагууд үзэгчдийн тоог өсгөх гэж худлаа мэдээ цацаагүй нь лавтай. Ингэхээр манай эрх баригчид эдийн засаг доройтсон энэ үед ямар нэгэн байдлаар толгой дохисон байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Уг нь Үндсэн хуулиа сөхөж харвал ийм заалт байх юм. Цөмийн энергийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлд “ Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Булшлах, хадгалах бүү хэл түр байршуулах, өнгөрүүлэх ч ёсгүйг цагаан дээр хараар бичжээ. Юутай ч эрх баригчдын хийж байгаа үйлдэл, байгуулж байгаа гэрээнээс харахад Үндсэн хуулиа илтэд зөрчих аж. Зөрчөөд зогсохгүй улс орон, ард түмэндээ аюул занал хийж байна.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих