Төр, хувийнхны тэмцэл хэр удаан үргэлжлэх бэ?
О.МАГНАЙ:
ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ ЁСТОЙ“Эдгээр дэлгүүрт жилийн өмнө шалгалт хийхэд зах зээл дэх давамгай байдлаа ашиглаад үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон дарамтыг бий болгож байсан. Харилцагчдад ялгавартай хандаж, янз бүрийн шимтгэл нэрийн дор бараа бүтээгдэхүүнээс хувь тооцож авдаг нь тогтоогдсон. Тухайн үед зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн ч өнөө хүртэл арилгаагүй байна. Тиймээс “Номин” холдинг компанийг 1.1 тэрбум, “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр торгосон” гэсэн юм. Тухайлбал, “SKY” гэдэг жүүсийг анх импортоор оруулж ирсэн нийлүүлэгч тал 1620 төгрөгөөр худалдах гэж “Миний дэлгүүр”-т өгчээ. Гэтэл “Миний дэлгүүр”-ийнхэн жүүсээс нь шимтгэл гээд үнийн дүнгийн 3.5, мөн жижиглэнгийн үнэ зохионо гэж 22.9 хувийг нэмж авчээ. Өөрөөр хэлбэл, нийт 445 төгрөгөөр нэмэгдүүлж тухайн жүүсний үнэ 27.5 хувиар өссөн байна. Үйлдвэрлэгч өөрөө 3-5, импортоор оруулж ирж буй байгууллага 10 хувийн ашиг харж байхад эдгээр компани давамгай байдлаа ашиглан 20-30 хувийн ашиг олж байгаа аж. Ингэснээр эцсийн үр дүндээ хэрэглэгчид хохирч буйг О.Магнай хэлж байв. Харин ШӨХТГ-аас торгууль ногдуулснаас нь хойш түүнийг 9911…. дугаараас “Чамайг ална” хэмээн сүрдүүлж, дарамт үзүүлж эхэлсэн гэнэ. Улмаар мэдээлэл хийхийнх нь өмнө О.Магнайн өрөөнд “Миний дэлгүүр”-ийн захирал Х.Ариунболд хэдэн хүний хамт дайрч орон сүрдүүлжээ. Тиймээс тэр дор нь тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаа дуудан өгсөн тухайгаа хэлэв. Тэрбээр “Одоо эндээс гараад Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл өгнө. Ажлаа хийж байгаа намайг дарамталсан учраас зүгээр орхихгүй. Монгол Улс хуультай л юм бол иймэрхүү хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага тооцдог байх ёстой” гэлээ. Ийнхүү ШӨХТГ-ын дарга мэдээлэл хийж дуусмагц түүнийг сүрдүүлсэн гэх Х.Ариунболд ирсэн байсан бөгөөд энэ үеэр сэтгүүлчдэд хариу тайлбар өгсөн юм.
Х.АРИНУНБОЛД: О.МАГНАЙ БОЛ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ, СЕНСАЦИ ХӨӨЖ ЯВДАГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
“Та бүхэн О.Магнай даргын яриаг сонслоо. Түүний хэлж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Миний хувьд ална тална гэж ер хэлээгүй. Энэ хүн ямар ч үндэслэлгүй зүйл ярьж олон нийтийн толгойг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эргүүлж байна. Ер нь О.Магнайн урьд нь ярьж байсан олон асуудал бий. Ямар нэгэн асуудлын үзүүрээс барьж авангуутаа шууд л олон нийтийн өмнө ажил хийсэн мэтээр ярьдаг. Цагдаа шүүхээр тогтоогдоогүй, үндэслэлгүй зүйлийг ингэж болохгүй биз дээ. Би үүнийг нь л түүнд буруу шүү дээ гэж хэлсэн. Яг үнэндээ О.Магнай дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн ямар үнэтэй байдгийг мэдэхгүй. Есийн тосыг л гэхэд бид сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан 2900 төгрөг буюу хамгийн доод үнээр нь худалдаалдаг. Харин ч төрийн зүгээс биднийг дэмжих ёстой байтал 450 сая төгрөгөөр торгоно гэдэг байж боломгүй асуудал. Бид ч үүнийг хүлээж авахгүй. Тиймээс зохих байгууллагад нь хандана. О.Магнай бол амьдрал мэдэхгүй, сенсаци хөөцөлдөж явдаг утсан хүүхэлдэй” гэв. Тэрбээр шүүхийн тогтоол шийдвэр гараагүй, буруутай нь нотлогдоогүй байхад хэвлэл мэдээллээр үндэслэлгүй мэдээлэл тарааж буйг нь буруушааж байгаа аж. Улмаар О.Магнай “Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргана”, харин Х.Ариунболд “Холбогдох газарт нь мэдэгдэнэ” гэсээр хэвлэл мэдээллийн танхимыг орхицгоолоо.
URL: