Төсвийн урсгал зардал 10 дахин өсчээ
Нээлттэй нийгэм форумаас “Монгол Улсын 2014 оны төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хашчулуун манай улсын эдийн засаг өнгөрсөн арван жилийн нэрлэсэн хэмжээгээрээ өсч байгааг дурьдаад 2014 оны төсөв маш онцлогтой гэдгийг хэлэв. Үүний дараа 2014 оны улсын төсвийн зарлагын талаар Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт танилцууллаа.
Түүний мэдээлснээр манай улсын төсвийн зарлага 2006 оноос хойш эрчимтэй өсчээ. Энэ жил л гэхэд төсвийн орлого 790 орчим тэрбум төгрөгөөр буурсан байхад урсгал зардал нэмэгдсээр л байжээ. Тухайлбал, төсвийн урсгал зардал 2006-2012 оны хооронд дээд хэмжээнд хүртэл 30-62 хувь хүртэл өссөн байна.
Урсгал зардлыг 2006 оныхтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Зардлын 40 гаруй хувийг тэтгэвэр тэтгэмж, халамж, 31 хувь нь төрийн албан хаагчдын цалин нэмэх, 20 гаруй хувь нь инфляцийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой аж.
Б.Золзаяа
URL: