“Herbalife” хоол биш хор
Улс орон хөгжиж, гадаад харилцаа хөгжихийн хэрээр сүлжээний бизнес хийж, амархан мунхрах дутагдалтай хүмүүсийн халаасыг “ухах” сэргэлэн нөхдүүд олширсоор. “Орифлейм”-ээс эхлэлтэй энэ бизнес сүүлдээ эм, тариа, бэлэн мөнгө, тураах хоол энэ тэр гээд олон салбарыг хамарсан. Тэр дундаа илүүдэл жинтэй, турах хүсэлтэй охид, эмэгтэйчүүдийг тархийг угааж, хэрэгтэй хэрэггүй зүйл шахдаг “Herbalife” гэдэг бүтээгдэхүүний сүлжээ Монголд газар аваад байна.
Хербалайфын бүтээгдэхүүнийг 30 жилийн туршид АНУ-д хоол хүнс судлалын салбарт судалгаа явуулж,туршсан бөгөөд олон хэрэглэгчидтэй болсон төдийгүй одоогоор дэлхийн 72 оронд шууд худалдааны салбар нэгжээр борлуулалт хийж байгаа гэж танилцуулаад байгаа. Хэрвээ тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол чухам л залуужаад, эрүүлжээд, тураад, мисс болох юм байх. Ямар ч байсан ингэж сурталчилаад л байгаа юм. Гэтэл яс юман дээрээ үр дүнд хүрэхээсээ илүү сөрөг нөлөөлөл ихтэй гэдгийг хэрэглэж үзсэн хүмүүс нь баталж ярьсаар байгаа юм.
Тэгээд ч тийм л сүрхий тураадаг бүтээгдэхүүн юм бол Америкчууд нь өөрсдөө хэрэглээд, тураад сүйд болох нь яасан юм. Тэгээд ч Америк, Европт аль хэдийн хэрэглээнээс гараад, сөрөг үр дагавартай болох нь батлагдсан гэдэг юм байна. Тийм байтал манайхан оруулж ирээд, зараад, хүн хуурч, эрүүл мэндээр нь тоглоод байж байна. “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан нэг хүн “Тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэж байлаа. Үнэхээр сэнхэртэл ярьж чаддаг хэдэн авгай 100 айлд илүүдэл жинтэй хүүхнүүдийг тойруулж суулгачихаад ухуулж өгдөг юм билээ. Би 500 гаруй мянган төгрөгөөр өглөөний нэмэлт бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн. Ямар ч үр дүн гараагүй, бараг хуучнаасаа илүү таргалсан. Бөөн луйварчингууд байдаг юм шиг байна билээ” гэж цахим хуудасны сэтгэгдэл дээр өөрт тохиолдсон зүйлээ бичсэн байсан.
Тэгвэл өөр нэг хүн “Би гэдэс цэвэрлэх цай гэдгээс нь авч уусан юм. Тураана энэ тэр гэж хэлээгүй. Цайг нь ууж эхлээд хэд хоногт гайгүй турсан. Тэгээд цайгаа дуусгаад, уухаа больсон чинь маргаашнаас нь эхлээд л өмнөхөөсөө илүү таргалсан” гэж ч бичсэн байна. Энэ мэт жишээ бол “Herbalife” хоол биш, тураадаг ч биш, яг үнэндээ хор юм гэдгийг баталж байгаа юм. Түүгээр барахгүй энэ бүтээгдэхүүнийг зардаг хүмүүс улаан цагаан луйвар хийж байгаа нь бараг л үнэн. “Өглөөний хоол” гэж нэрлээд хэдэн ширхэг бор, шар үрэл нь их үнэтэй. Зөвхөн нэг өглөө уух нь л 6500 төгрөг. Манайхны дундаж амьдралтай хүмүүсийн өглөө, өдрийн хоолны мөнгөтэй дүйж байгаа биз дээ.
Гэтэл тийм үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх үедээ нас барсан хүмүүс ч байна гэнэ ээ. Яг энэ бүтээгдэхүүнээс болж бие нь өвдсөн гэж дүгнэхэд хаашаа юм. Гэхдээ л цоо эрүүл, гунхаж явсан залуус, охид “Herbalife”-ын бүтээгдэхүүн хэрэглэж, сүлжээнд нэгдсэний дараахан ходоод, элэг, хорт хавдраар өвчилж, энэ хорвоог орхисон жишээ олон байх юм. Зарм мэргэжлийн эмч нарын дүгнэж байгагаар “Herbalife”-ын бүтээгдэхүүн нэмэлт амин дэм хэтэрхий ихтэй байдаг учраас хорт хавдрыг тэжээдэг гэсэн онош гараад байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, цэгийн чинээ хорт хавдар байлаа гэхэд богино хугацаанд аягын чинээ болгодог гэсэн үг.
Гэхдээ хүн бүрт тэгж үйлчилнэ гэсэн үг. Маш сайн судлаад, шинжлээд, тухайн хүний биед тохирох уу гэдгийг нь мэдчихвэл тохирох хүндээ маш сайн үйлчилдэг аж. Ямар ч сөрөг нөлөө гардаггүй гэж байгаа . Гэтэл манайд энэ төрлийн бизнес хийж байгаа хүмүүс ямар ч мэргэжлийн биш. Хэн ч ирсэн бушуухан бүтээгдэхүүнээ шахаад л, зарахаа л бодно уу гэхээс шинжилгээ аваад, тохирох эсэхийг нь хардаггүй. Түүнээс нь болоод хүмүүст сөргөөр нөлөөлж, цаашлаад өвчин, хорт хавдар энэ тэрийг нь даамжруулдаг байж болох юм.
Өөр нэг жишээ дурьдаад үзье. Бас л нэг биеийн жиндээ санаа зовсон эмэгтэй “Herbalife”-ын сургалтад нь сууж. Сүлжээнийхэн чинь бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд хүмүүс цуглуулж, сургалт зохион байгуулж, үнэмшилтэй нь аргагүй ярьдаг даа. Тийм л нэг хурал. Тэгээд хурлын дундуур “Зохион байгуулагч нь байна уу, энд мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөх байна уу” гээд асуучихаж. Гэтэл нөгөөдүүл нь “Чи хэн бэ. Багш чинь хэн байна. Чи хэр удаан хоол идэж байна” гээд л өөдөөс нь баахан юм асуусан байгаа юм. Тэгэхээр нь “Би өглөө л нэг удаа идсэн. Миний багш хэн байх нь чухал биш. Мэргэжлийн эрүүл мэндийн ажилтан байвал уулзаж юм асуух гэсэн юм” гэж. Тэгсэн чинь “Та энд байх ёсгүй хүн байна, одоо яв” гэж хөөсөн аж. Тэгэхээр нь яагаад хөөгөөд байгааг нь асууж, тэр зуур хөөрхөн маргаан дэгдэхгүй. Ингэж байтал нэг эмэгтэй үүдэнд гарч ярилцъя гэж.
Ашгүй мэргэжлийн хүн юм байх гэж бодтол бас нэг зохион байгуулагч байж. Тэгээд бас л “Яах гэж үймээн гаргаад байгаа юм, байх газар чинь биш” гээд л хөөж. Тэгэхээр дахиад учир начраа хэлтэл, “бид бүгд хоолны мэргэжилтнүүд” гэж ирээд баахан загнаж. Тэгэхээр нь “Танай бүтээгдэхүүн яг надад тохирох юм уу гэдгийг асуух гэсэн юм. Хүмүүс янз бүрээр ярих юм байна шүү дээ” гэтэл “Бид ам руу чинь цутгаагүй хордож үхвэл тэр л биз, бидэнд ямар хамаатай юм. Тэгж их асууж мэдмээр байгаа юм бол мэргэжлийн хяналт, шүүх цагдаагаараа яваад мэдэхгүй юу” гэж томорсон байгаа юм.
Энэ мэт жишээнээс харахад, ямар ч мэргэжлийн бус хүмүүс “Herbalife”-ын бүтээгдэхүүн сурталчилж, зарж байгаа нь хүний амь насыг аюулд оруулж ч магадгүй болоод байгаа юм. Үнэндээ “Herbalife” хоол уу, хор уу гэдгийг тогтоох, шалгах цаг аль хэдийнэ болж.
Н.Пунцагболд /Монголын мэдээ/
URL: