Хотын Мээр дараагийн нэр хайрлалтаараа “Улаанбаатар”-ын нэрийг онилжээ

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгон өөрчилөх шийдвэрийг гаргаж нэрийг нь солиод удаагүй байгаа билээ. Энэ асуудлаар Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс судалгаа хийсэн. Улаанбаатар хотод нийт зургаан дүүргийн 500 хүнийг хамруулан судалгаа явуулж, дүнг гаргасан байдаг.

Уг судалгаанд хамрагдагчдын 80.3 хувь нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн үр дүн гарсаар байхад санал асуулгаар олонхи нь өөрчлөхийг дэмжив гээд л олонхийн нэрийг барьж хөөрхий Сүхээ ахын талбайг Чингис хааны талбай болгон нэрийг нь өөрчилж орхисон юм.

Ийн нэр солих асуудлаар манай улсын түүхийн хуудас нэгээр нэмэгдчихсэн. Тэгвэл олонхийн саналаар хэмээн буруу дадал манай нийгэмд бий болчихлоо гэхэд нэг их буруудахгүй. Хотын дарга дараагийн нэр солих асуудалдаа ханцуй шамлан оржээ. Учир нь  89 жилийн түүхтэй Монгол улсын нийслэл хотын “Улаанбаатар” нэрийг өөрчлөхөөр яригдаж байгаа хэмээн ойрын эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн захирагч гэх суудалд сууснаас хойш Бат-Үүл хэдэн хөшөө, талбайн нэрүүдийг дараалан өөрчлөх бодол тээж явсан хүн болов уу гэмээр хар төрүүлж буй. Түүний энэхүү шийдвэрээс хараад байхад хувь хүний сонирхлоор л хийгдээд байна уу гэлтэй шийдвэрүүд гаргаад байх юм. Нөгөө социализмыг үзэн ядах синдром нь хөдлөлөө гэж бодоход энэ удаад арай л биш санагдаж байна.

Монгол улсын нийслэлийн үүх түүхээс,

Өргөө /1639-1651 он/

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.

Өргөө нь:- Монголын шарын шашны төв,  Халх Монголын улс төрийн төв, Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон юм.

Номын хүрээ /1651-1706 он/

Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.

Их хүрээ /1706-1911 он/

Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан..

Нийслэл хүрээ /1912-1921/

Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/

1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг “Улаанбаатар” хот хэмээн өөрчлөхөөр болсон. Харин 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн аж. 1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болсон.

Өдгөө Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай. Засаг захиргааны 9 дүүрэгт хуваагддаг.

Ийнхүү Монгол улсын нийслэл хотын нэр таван удаа өөрчлөгдөж байсан түүхтэй. Харин Бат-Үүл захирагчийн тушаалаар зургаа дах удаагаа солигдох нээ. Чухам ямар нэр хайрлах юм бол. Захирагчийн тушаалаар гэж түүх дурсгалтай хөшөө болон талбайн нэрийг өөрчлөөд байх нь хэр зохистой зүйл вэ. Мөн Дэлхийд танигдсан нийслэлийн нэрийг солих нь манай улсад ямар ашигтай вэ гэдгийг Хотын Мээр таниас асуумаар санагдах юм.

Х.Даваа

 

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих