Бурхны нэрээр хаацайлсан авлигын үүр

“ИХ ЦОГЧЭН ДУГАН”-ЫГ БАРИХАД ИРЭХ ЖИЛ ДАХИАД Л МӨНГӨ НЭМЖ ТӨСӨВЛӨХ ҮҮ”
Сүүлийн хэдэн жил улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй барилгуудын олонхийнх нь ажил удааширч, он дамжих бүртээ төсөв нь нэмэгддэг жишиг тогтож, эцэстээ байх ёстой энгийн үзэгдэл мэт болоод удаж байна. Тухайлбал, Гандантэгчэнлин хийдийн 1080 лам ном хурах “Их Цогчэн дуган” 2009 оноос хойш өнөө хүртэл ашиглалтад ороогүй ч төсөв нь нэмэгдсээр байна. Саяхан Ерөнхий сайд улсын төсвийг үр дүнгүй зарцуулж, төсөвт өртөг нь жил бүр өсдөг ч ашиглалтад ороогүй барилгуудыг нэрлэхэд “Их Цогчэн дуган”-ы барилга тэргүүлж байсан. Тиймээс ч “Авлигажсан төсөв баталж байна” хэмээн Н.Алтанхуяг сайд бухимдах нь аргагүй. 2009 оны долдугаар сараас “Си Эйч Си” ХХК энэхүү барилгын ажлыг эхлүүлсэн ч төсөвт өртөг нь жил бүр нэмэгдэхээс өөр ажил тэнд бараг хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн дотор төсөв нь 18 тэрбум болтлоо нэмэгдсэн нь олон хүнийг гайхшралд оруулаад буй. Үүнийг УИХ-ын олон гишүүн дургүйцэж “Гандангийн удирдлагууд гэх бурхны нэрээр далайлгасан хүмүүсийг давраан, авлигыг өөгшүүлж байна” хэмээн шүүмжлэх ажээ. Арга ч үгүй биз. Анх 2009 онд 2.5 тэрбум төгрөгөөр барина хэмээн улсын төсөвт суулгасан ч 2011 онд 11.7, улмаар энэ жилийн төсөвт 12.9 тэрбум болж өссөн байна. Гэтэл УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэх үед өнөөх “Их Цогчэн дуган” маань 18 тэрбум төгрөгөөс нааш ашиглалтад орохооргүй болсон гэнэ. Энэ нь зарим гишүүний дургүйцлийг ихээхэн хүргээд авлаа. Бид бурхан шүтдэг байж болно. Харин бурхны нэрээр мөнгө угааж, авлига бий болгож болохгүй. Үүнийг таслан зогсоох шаардлагатай хэмээн тэд үзэж буй. Ард иргэдийн хувьд ч Гандангийн барилгын ажил зогссонд дургүйлхэж, улсын төсвөөс биш, сүсэгтэн олны хандивын мөнгөөр босгох ёстой гэж хэлж байгаа юм. Учир нь сар, жилийн ямар ч нөхцөлд бараг 24 цагийн турш үүд нь нээлттэй байж иргэдээс хандив, сүсэг бишрэлийн мөнгө цуглуулдаг ганц байгууллага бол Гандан. Гэвч тэр их мөнгө хаашаа урсдагийг удирдлагуудаас нь өөр хэн ч мэдэхгүй байх. Уг нь иргэдийн татвараас бус өөрийн сангийн мөнгөнөөс дуганаа барьж, түүгээр ч зогсохгүй сургууль, цэцэрлэг барихад нэмэр туслалцаа үзүүлж болохоор санагдана.

СҮСЭГЛЭЭД ОЧСОН ХҮНД ЛАМ НАР МЕССЕЖ УНШИЖ ӨГДӨГ

Ээжийгээ “алдаад” удаагүй нэг найз маань гандан орж ном уншуулжээ. Гэтэл өнөөх ламтан маань уншиж байснаа дуу нь намжсаар бүр алга болж, зөвхөн уруул нь хөдлөн ширээн доогуур ямар нэгэн юм хоёр гараараа оролдоод эхэлж. Ном уншаад байгаа эсэхийг нь мэдэхгүй гайхан хий дэмий л залбиран суугаад байж. Үе үехэн ламтаны дуу чангарч дүнгэнэтэл маань уншиж эхэлснээ дахин бүдгэрч нүдээ онийлгон харж, жуумалзан инээж ямар нэгэн зүйл ширээнийхээ ард оролдоод байх юм гэнэ. Эл байдал бараг 10 орчим минут үргэлжилсний эцэст түүний юу хийгээд буй учрыг олжээ. Найзын минь урам хугарч “Үхсэн хойно оо, ламаа хат. Хүн сүсэглээд очиж байхад утсаараа хэн нэгэнтэй мессеж бичиж айлгүйтээд хамаг цаг барлаа. Маань, мессеж холиод л уншаад өгөх шиг болсон. Уншуулахаасаа өмнө 40 мянган төгрөг шал дэмий өгсөн юм” гэж билээ. Үнэхээр ч сүүлийн үеийн лам нар сүсэгтэн олны итгэлээр мөнгө олох гэхээс биш үнэн сэтгэлээсээ хүнд буян хийдэггүй нь нууц биш болжээ. Хэлтгий захтай хувцас өмсч, хэд гурван маанийн үг цээжилсэн л бол лам нэрийг бизнесийн эх үүсвэрээ болгож, хүний сүсэг бишрэл дээр “тоглолт” хийн мөнгө олдог хүн олширсон байна. Энэхүү биенес нь ашигтай болох нь харагдаж, үнэ ихтэй, сүр бараатай гэгддэг авто машиныг лам нар л унадаг болж. Бас хэнд цаг гарган ном уншвал ашиг их олж болохыг ч тэд анддаггүй гэж байгаа. Амьдралын төвшин доогуурхан нэгэнд ярвайлттай хандаж, урьж залахад нь “завгүй” гэх нь ч бий. Уг нь тэд хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө “Хамаг амьтны тусын тулд хариу нэхэлгүй буян үйлддэг байх ёстой” гэдэг юм билээ. Гэтэл лам нар хэн нэгэн шинэ бизнесээ эхлүүлэхэд, гадаадын томоохон байгууллагатай харилцаа холбоо тогтооход, олон зуун сая, тэрбум төгрөгийн ажил бүтээх гэсэн баян иргэдэд зориулагдсан мэт болж байна.

ГАНДАН БОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БИШ

ргэдийн дунд “Зовлон дайрахад лам нэг цадна” гэсэн үг гарчээ. Үүнийг сонссон хэн ч болов “Ямар үнэн хэлээ вэ” гэхээс биш хэзээ ч үгүйсгэж байхыг нь харсангүй “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Энэ цагт бурхан багш амилбал шашнаа хараад маш их гайхна. Гандан хийд бол хэзээ ч үйлчилгээний байгууллага байгаагүй. Лам хуварга ч мэргэчин төлгөчин, хүний амьдралыг зааж, хэлж өгдөг хүн биш. Гэтэл одоо үйлчилгээний байгууллага болоод байна. Энэ бол маш буруу ойлголт. Сургааль номыг лам хуваргууд сайн бясалгал хийж мэдэрснээ хүмүүст буян бодож хүргэдэг байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр ашиг хонжоо хайсан лам нэр зээлдэгч, хэлтгий захтай хувцас өмссөн хүн олширч байна” хэмээн халаглаж байсан. Түүнчлэн сэтгэл санаагаа засах гээд Гандангаар ордог ч шуналдаа хөтлөгдсөн лам нарын увайгүй үйлдлийг хараад уур нь хүрсэн тухай олон хүн ярих ажээ. Өөрөөр хэлбэл, Гандан хийд нь цайны газар, дэлгүүр мэт болж уншуулах ном тус бүрийг тодорхой хэмжээгээр үнэлсэн байдаг. Мөнгөгүй хүн бол буян хүсч ороод ч хэрэггүй гэсэн үг. Гэвч уужуу дотортой, гэнэн итгэмтгий иргэд маань Гандангийн хаалгаар өдөрт хэдэн зуугаар орж “Их Цогчэн дуган” нь даруйхан баригдчихвал том буян болно доо” хэмээн итгэж мөнгө хандивласаар л… Дээрээс нь улстөрчид мөн л буян боддог бололтой энэхүү дуганыг бариулахын тулд жил бүр биднээс цуглуулсан татварын мөнгөнөөсөө нэмж өгсөөр. Харамсалтай нь дөрвөн жил өнгөрсөөр байтал барилгынх нь ажилд ямар ч ахиц гарсангүй. Жилээс жилд төсөв нь өсч, 10 ширхэг их дуган барих мөнгө болж буйг албаныхан шүүмжилж байна. Өнөөдрийн байдлаар зогсонги байгаа энэ барилгын ажил ирэх онд төсөв хэлэлцэхэд дахин нэмэгдэж “20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай” гэх вий дээ…!

М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих