Д.Зоригт хөөрхөн, муухай, хөөрхөн…

Магадгүй Д.Зоригт сайд хамгийн азтай нэгэн. Бас азгүй нь. Монгол моодонд орж Эрдэс баялгаар овоглосон нэгэн яам үүдээ нээв. Яамны түлхүүрийг Д.Зоригтод атгууллаа. Улмаар түүнд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэгдүгээр гарын үсэг зурах бүрэн эрхийг олгов.

Тэрбээр ч энэ эрхээ эдэлж, Оюутолгойн гэрээг үзэглэснээр түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөв. Мөн нөхөн сонгуулиар нам дотроо экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай халз үзэж, энэ парламентын хамгийн отгон гишүүнээр сонгогдсон. Хамгийн гэх тодотгол бүхэн түүнийх. Нэг сайдын асуудлыг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барьж буй нь хамгийн анхны тохиолдол. Энэ бас л түүнд хамаатай.

Түүнчлэн 254 лиценз цуцалж, гадна, дотны хөрөнгө оруулагчдын зэвүүцлийг хүргэж, дэлхийд алдаршсан. Энэ бүхэн зөвхөн түүний гавъяа биш гэж үү. Памперстай түшээ энэ парламентыг ингэж алдаршуулахын чинээ хэн санах билээ.

Гэтэл өнөөдөр Эрдэс баялгийн салбар эзэнтэй байх эсэх нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Оюутолгойн гэрээг үзэглэж ард түмэнд адлагдсан энэхүү эрхмийг өдгөө танихгүй хүн үгүй. Гэрээ муу болсон талаар эрдэмтэн, судлаачид, иргэний хөдөлгөөнийхөн хэдэнтээ хэлсэн ч хаданд хашгирсантай адил болж асуудал төгссөн.

Сүүлдээ хэсэг гишүүн асуудлыг гаргаж ирж тавьснаар гэрээг сайжруулах нь зүйтэй гэх асуудал хөндөгдөв. Гэхдээ энэ нь түүнийг огцруулах ганц л үндэслэл нь. Үүнээс гадна зургаан үндэслэлийг нэр бүхий гурван гишүүн тоочсон.

МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгээрээ хэлэлцэж намын нөхрөө урьдын адил авч гарахаар санал нэгдсэн гэх. Цоожтой хаалганы цаана “АН-тай тохиролцоод ганц сайдынхаа асуудлыг шийдчихэж чадахгүй. Ингэж асуудал үүсгэх хэрэг байсан юм уу” гэх нь сонсогдоно. Ямартай ч хэлээ амаа ололцох гэж багагүй маргалдаж байгаа нь илт байлаа. Гэвч эцэст нь намын нөхрөө суудалтай нь авч үлдэхээр 100 хувь санал нэгдсэн гэх мэдээллийг түгээв. Гэхдээ энэ нь тийм ч баттай мэдээлэл биш гэнэ.

Хэдийгээр гишүүдийн олонх нь толгой дохин, гараа өргөсөн дүр үзүүлсэн ч сэтгэлдээ Д.Зоригтод өс санах нэгэн байсан гэх мэдээлэл чих дэлсэв. Мөн энэхүү хуралд дөрвийн бүлгийнхэн харагдсангүй. Сонгууль ойртсон тул удирдлагуудын нүдэнд өртчихгүйн тулд аргаа барж яваа нэгэн буйгаа ч учирлаж байлаа.

АН-ын бүлгийн хуралдаанаар нэр бүхий гурван гишүүн дээр Р.Амаржаргал, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Д.Одхүү, З.Энхболд нар нэгджээ. Тэд Эрдэс баялгийн салбарт Д.Зоригт хэрэггүй гэж үзжээ. Харин хамтарсан Засгийн газрын танхимд тухлагчид болох Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Болд, Л.Гансүх, С.Ламбаа тэдний араас Г.Батхүү, Ч.Сайханбилэг, П.Атгангэрэл гэхчлэн 12 гишүүн огцруулах шаардлагагүй гэж үзжээ.

Энэ нь эвслийн гэх Засгаа аварч үлдэх гэсэн гуншинтай эрхмүүдийн эрх ашгийн үйлдэл хэмээн гишүүд нь тайлбарлаж байна. Учир нь Эрдэс баялгийн салбар эзэнгүй болохын зэрэгцээ Сангийн сайд ч суудлаасаа буух магадлалтай тул тэд ийн татгалзсан гэнэ.

Хууль ёсоор дээрх асуудлыг энэ долоо хоногт багтаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай. Үүний дагуу өчигдөр үдээс хойш хуралдахаар товлогдсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшлов.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих