З.Энхболд жагсаалын эхэнд явах нь яасан юм бэ?
Ардчилсан намын цагаан туг дахиад л бөхийв. Ардын намын лидерүүдийн өмнө дарга, цэрэггүй толгой гудайв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн найман гишүүний хувь заяа хамтарсан Засгийн газрын нэг сайдын суудалтай тэнцэв. Р.Амаржаргал, “Фортуна” Н.Батбаяр, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Л.Гантөмөр, Д.Одхүү, З.Энхболд, С.Эрдэнэ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэхийг хэлэлцэх үед энэ найм цөөнх болж, Ардчилсан намын бүлгийн бусад гишүүн олонхи болсон юм.
“Ардчилсан хүчний холбоо” хэмээх пайз зүүж, Ардчилсан намд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон тэд залуу сайдыг золигт гаргах гэж биш, өөрсдийгөө золиос болгочихлоо. Намын дарга Н.Алтанхуяг хашаанд нь очоод буучихсан учраас Ардын намын лидерүүд тэднийг бүлэрхэг, нэгдмэл байдлаараа айлгав. Удирдах зөвлөлийнхөн нь гишүүдээ харцаараа захирч, нөгөө хэд нь ч Д.Зоригтыг хамгаалж үлдэх операцид нэг хүн шиг хөдөлцгөөлөө.
Хамаг учир сайдад биш, хамтарсан Засгийн газарт ч биш, харин УИХ-ын 2012 оны сонгуульд байгаа учраас тэр. “Монгол Улсын түүхэнд бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүр ганц ч сайдаа огцруулалгүй ажиллаж чадсан нь С.Баярын байгуулсан хамтарсан Засгийн газар” хэмээх тодотголыг авч үлдэх гэсэн эрх баригч хүчний бодлого хэрэгжиж байна, энд. “Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүд нь эе эвдэрч, их эвслийн Засгийн газар нь тарж бутарсан” гэх улирч баларсан түүхийг сэргээн санууллж, ирэх сонгуулиар ард түмэнтэйгээ нүүр тулахгүй байх тактик Ардын намынханд бий.
Учир нь хамтарсан Засгийн газрын автор нь Ардын нам. С.Батболдын танхимынхны цуглуулсан оноо ч тус намын хожил. Харин Ардчилсан нам айлын хажуу өрөөнөөс амьтай голтой гарсан ч “Айлын өрөө хөлслөгчид” гэдэг хочтой л үлдэнэ. Энэ бол улс төрийн тавцнаа зөрчиж болшгүй дүрэм. Үгүйсгэж чадашгүй имиж юм. Гэвч “Н.Алтанхуягийг огцруулж, Ардчилсан намаа аварна” гэх Ардчилсан хүчний холбооныхны хязгааргүй их хүсэлтэй ялыг яах вэ. “Намын даргынхаа но-г дэлгэж, суудалд нь сууна” хэмээн “Чонын дурлал”-даа мансуурч яваа З.Энхболдын мөрөөдлийг яалтай.
“Н.Алтанхуягаар биш, Ардын намын гишүүн сайдаар туг тахиж, багтаа оноо авчирна” гэж айлын хаалгыг балбачихаад “Цовдлуулсан Промотей”-н дүрд сайн дураараа хувирсан мөнөөх наймын улс төрийн карьерыг хэрхэн дэнслэх болж байна вэ. Ааш нь хөдөлбөл Ардчилсан намынхнаа өрөөндөө дуудаж “Ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг чинь би мэднэ шүү” хэмээн даналзах Н.Алтанхуягийн амбицыг яахин дарж чадах билээ. Энэ мэт эрээвэр хураавар зөрчилдөөн сөрөг хүчний хүзүүг ороогоод удаж байна. Ховоогоор татаад ч тэднийг “Худгийн ус”-наас гаргаж хэн ч эс хүчирнэ.
Учир нь Ардчилсан намын “амь” Ардын намд бий. Ардчилал, эрх чөлөө, сөрөг хүчнийхний тэмцэгч дүр төрх, энэ бүхнийг тэд эрх баригчийн сүр хүчээр хэдийн бүдгэрүүлж орхисон. Д.Зоригт золоор үлдэж, Н.Алтанхуяг ч айдгаа авдартаа хийчихлээ. Ардчилсан хүчний холбооныхон ч яншиж, туйлдацгаажээ. Үнэ цэнэ нь алдарсан сөрөг хүчний имижээр тэд Ардын намынхантай тэмцэлдээд ялагдал хүлээв. Хүч тэнцвэргүй тулаанд хэн ялж, хэн нь арчигдаж үлдэх жамтайг мэдэрч хоцорцгоов. “Ардын намын тэрслүү гишүүд бидэнд нэмэр болох биз” гэсэн бодол нь ч талаар болов.
“Д.Тэрбишдагва гадаадад яваа. Ц.Даваасүрэнгийн хандыг намынхан нь хага дарсан” гэх мэдээ л дуулав, тэд. Энэ болгонд журмын найман нөхдөө галын цэг рүү илгээчихээд шийрэгнэж суусан З.Энхболдоор өрөг тавимаар ч юм шиг. Амбицдаа хөтлөгдөж, Н.Алтанхуягийн эсрэг хөдлөх зорилготойгоор Ардчилсан хүчний холбоог байгуулсан энэ нөхөр Д.Зоригтыг огцруулж, хамтарсан Засгийн газрыг дэнжигнүүлэх гээд л байгаа юм бол жагсаалын эхэнд явах учиртай байлаа. Өөрт нь итгэж нэгдсэн анд нараа биш, өөрийгөө гол дүр болгох байв.
Гэвч Ардчилсан намын “Хөх чоно” ийм сценариар явахыг хүссэнгүй. Арагшаа нэг харж, ирэх сонгуулийг тооцоолсондоо журмын нөхдөө торгуулийн суман болгон илгээчихлээ. Учир нь З.Энхболд гишүүн өнгөрсөн үйл явцуудад цэргүүдээ исгэрэх сумны өөдөөс давшуулчихаад ард нь “Ура, урагшаа!” хэмээн хашгирч үлддэг бага дарга шиг аяглаж хоцорсон юм. Д.Зоригтыг огцруулах хүсэлтнүүдийн дунд тэрбээр дуртай, дургүй багтсан ч улс төрийн зориггүй гэдгээ олны нүднээс нууж чадсангүй.
“…Ингэхэд Ардчилсан намын бүлгийн найман гишүүн биш, удирдагч З.Энхболд нь тугаа өргөөд бидний өөдөөс давших нь яасан юм бэ…”. Иймэрхүү үгсийг эрх баригчид түүнд дайж байна. Ингэж тавлах нь ч аргагүй. Учир нь тэд хийдгээ хийчихсэн. Одоо амарцгааж байгаа. Харин “Норжмаагийн зам”-аар одсон нөгөө найм ямаршуухан аястай гунигийн дуу аялж суугаа бол. Уг нь З.Энхболд гишүүн хэн нэгэн хөл дээр нь гишгэвэл хөмхий зуун тэвчиж чаддаг л улстөрч дөө.
С.Баттулга
URL: