Ч.Отгочулуу: Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг олон нийтэд мэдээлнэ
Оюутолгойд үүссэн нөхцлийг шийдвэрлэхээр Оюутолгойн ТУЗ-ын гурван гишүүн Лондонг зорьж, дараа нь Лондон дахь төлөөлөл манайд ирж ажилласан. Шийдвэрлэх асуудлын нэг далд уурхайн санхүүжилт юм.
Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр болсныг Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугаас тодрууллаа.
-Оюутолгойд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна. ТУЗ-ын гишүүд үүнд хэрхэн зөвшилцөж байна вэ?
-Оюутолгой төслийн эхний үе шат нь амжилттай, хурдтай хэрэгжсэн. Цаашдын асуудал далд уурхайдаа энэ эрч хүчийг хадгалж үлдэх сонирхолтой байна. Ерөнхийдөө манай талаас 22, Хөрөнгө оруулагч талаас найм гээд нийт 30 асуудал бий. Үүнийг Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн төвшинд шийдчих бүрэн боломжтой. Лондонд очоод 15 асуудалд ойлголцолд хүрсэн. Сая 5-7 асуудлыг ойлголцоод зөвшилцсөн.
-Ойлголцож зөвшилцсөн 5-7 асуудлыг тодруулахгүй юу?
-Дээрх таван асуудал бол усны, татварын урьдчилгаа төлбөр, зэс хайлуулах үйлдвэрийн төслийн хүрээнд дэх асуудал. Гэхдээ бид сүүлд хэлэлцээний ширээний ард суухдаа хоёр талдаа хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хэвлэл мэдээллээр ил тод зарлана гэж тохиролцсон учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Далд уурхайн санхүүжилтийн асуудал юу болж байна вэ?
-Оюутолгой төсөл хэвийн үргэлжилж байгааг онцолмоор байна. Ил уурхай болон баяжуулах үйлдвэр ашиглалтад орчихсон, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Харин олон улсын хөрөнгийн зах зээл сэргээд ирвэл далд уурхайн санхүүжилт ч нааштай болно.
Бид аль болох хурдан гацаанаас нь гаргахын тулд ажиллана. Төсөл өөрөө хугацаанаасаа өмнө амжилттай явж байгаа. Цаашдаа олон улсын зах зээл сайжирвал далд уурхайн нөхцөл боломж ч сайжирна.Далд уурхайн санхүүжилтийн талаарх мэдээллийг одоохондоо өгөх боломжгүй. Ирэх долоо хоногоос хоёр тал хамтдаа хэвлэлийн мэдэгдэл хийхээр байгаа.
Э.Өнөр
URL: