Орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газраа хариуцах ёстойг үүрэг болгосон.
Тодруулбал, орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон.
Тиймээс Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийт аж ахуйн нэгжүүдэд дээрх тогтоолыг биелүүлж ажиллахыг анхааруулж мэдэгдэл хүргүүлжээ. Одоогийн байдлаар Энх Тайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгжид мэдэгдэл тараасан бөгөөд цаашид Их тойруу, Бага тойруу, Нарны зам дагуу аж ахуйн нэгжүүдэд үргэлжлүүлэн тараах юм байна.
URL: