Дизелийн хомсдолд засгийн газар буруутай

Монгол Улс автобензин, дизелийн түлшний бүх хэрэгцээ ганц улсаас хараат байдгийн улмаас уул уурхайн ажил, хаврын тариалалт эхэлж буй цагт дизелийн түлшний хомсдов.

Монополь эрхтэй гэгддэг шатахуун борлуулагч компаниуд арга ядахдаа картаар, 20 литрээс илүүгүй түлш борлуулж байгаа нь хомсдолтой байгааг харуулж байхад холбогдох албаны хүмүүс “Тавдугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас 84 мянган тонн дизель түлш авах хүсэлт тавьсан ч тус компани 34 мянган тонн дизель нийлүүлэхээр болсон. Үүн дээр ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмж 10 мянган тонн дизель түлш импортолно. Уг нь хэрэгцээнээсээ дахин их хэмжээтэй захиалга өгснийг бүрэн ойлгоогүйн улсаас зохиомол хомсдол бий болсон” гэх тайлбарыг өгч байна.

Гэвч үүнийг нефть импортлогч жижиг аж ахуй нэгжүүд хүлээн зөвшөөрөхгүй, импортоор орж ирж байгаа дизелийг түлшнээс хувь хүртэж чадаагүй гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр дизелийн түлш эрэлт ихтэй байгаа ч тариаланчид, эмнэлэг, цагдаагийнхан шатахуунаар гачигдахгүй бололтой. Учир нь гэрээ байгуулсан шатахуун түгээх станцууд дээрх газруудыг түлшээр хангах үүрэг хүлээсэн юм байна.

Гэхдээ шатахуун түгээх станцуудтай гэрээ хийж амжаагүй нийтийн тээврийн компаниуд сул зогсолт хийхэд хүрч болзошгүй болоод байгаа гэнэ. 2011 оны төсөвт 850 мянга орчим шатахуун, дизелийн түлш импортолно гэж тусгажээ. Үүний бараг тал хувийг дизелийн түлш эзэлдэг байна. Дэлхийн улаан буудайн хэрэгцээний 60-аад хувийг хангадаг ОХУ-д мөн газар тариалангийн ажил өрнөж байгаа. Тус улс өнгөрсөн жил ургац алдсаны улмаас багагүй хохирол амссан. Харин энэ жил дахин тийм алдагдал хүлээхгүйн төлөө бүхнээ зориулж буй нь ойлгомжтой. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 20 гаруй жилийн нүүр үзэж буй манай улсын хувьд нефть боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй байгаагүй гэвэл худлаа.

Гурван жилийн өмнө “Хэт” компани нефть боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлттэй байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд илэрхийлсэн байдаг. Дотоодын компани өөрсдийнхөө хөрөнгөөр Дорнодод олборлож буй нефтийг боловсруулах үйлдвэр байгуулахаар хүсэлт гаргаад байхад тусгай зөвшөөрөл гээч нь өдгөөг хүртэл сураггүй л байгаа бололтой. Харин гүйцэтгэх засаглалынхан жилийн өмнө япончуудыг урьж залж авчраад Дарханд үйлдвэр байгуулахаар шав тавьж, сүр бадруулж байсан нь бараг мартагдав.

Мөн Кувейт улсаас нэг сая тн түүхий нефтийг авах тухай гэрээ байна. Энэ мэт мартагдаад буй асуудлуудыг ажил хэрэг болгосон бол түлшний эрэлт ихэссэн үед толгойгоо маажиж, арга саам хайж суухгүй л байсан. Засгийн газар нефть боловсруулах үйлдвэртэй болохоор яардаггүй юм аа гэхэд ядаж, шатахууны импортыг ганц улсын хараат байдлаас гаргахгүй байгаа нь хачирхалтай. Хомсдолд ороод хэцүүдээд ирэнгүүт “ТНК” гэдэг нэртэй компаниас тн-ыг нь 1250 ам.доллараар авахаар болж, дизель түлшний татварыг, 200 мянган төгрөгөөр бууруулах шийдвэр гаргав.

Гурван жилийн өмнө ОХУ-ын “Роснефть” компани Монголд 100 шатахуун түгээх станц барих, уг саналыг хүлээж авахгүй бол хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй болно гэх шаардлагыг Засгийн газарт ирүүлж байв. Үүнийг УИХ-аар хэлэлцэх унасан. Тухайн үед УИХ-ын цөөнгүй гишүүн “ОХУ бол Зүүн Европын орнуудын газ, шатахууны зах зээл рүү хувьчлалын нь үеэр ороод зах зээлийг нь эзэлчихсэн. Тэр улсынхаа бодлогыг тодорхойлдог болчихсон. Нефтийн үнэ бол ОХУ-ын гадаад бодлогын чухал хэсэг. Дэлхийн зах зээлд шатахуун ямар үнэтэй байна, тэр үнээр нь л худалдан авч хэрэглэнэ.

ШТС байгуулах эрх өгөхөөр чинь л хямд шатахуун өгье гэдэг нь худлаа. ШТС байгуулчихсан хойноо “Дэлхийн зах зээл өндөр байна, бид үнийг нэмлээ гэхэд яаж ч чадахгүй” хэмээж байв. Үүнээс хойш ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдсээр ирсэн. Өнгөрөгч сард нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар 285 ам.доллар байсан бол энэ сарын эхээр экспортын татвараа 304 ам.доллар болгож байв. Гэвч хэдхэн хоногийн өмнөөс өөрсдөө шатахууны хомсдолд орж мэдэхээр байгаа гэсэн шалтгаанаар экспортын татвараа даруй 104 ам.доллараар нэмжээ.

Хэрэв ирэх саруудад энэ байдлаар үргэлжилбэл, дизелиэр хөдөлдөг машинууд зогсоход хүрэх нь гарцаагүй. Байдал бүр дордохоос өмнө өөр сувгуудаар түлш импортлох, эрэлт болон үнийг нь тогтвортой байлгах аргыг Засгийн газар хайж олохоос өөр аргагүй байдалд ороод байна.

Д.Навчаа


URL:

Сэтгэгдэл бичих