Чехийн компаниуд Монголд 2000 айлын орон сууц барина
Монголын баялаг дэлхийд танигдахын хэрээр тив, тивийн улс гүрнүүд манай орны уул уурхайн салбар руу хошуурч байгаа.
Тодруулбал, энэ жил Энэтхэг, Герман зэрэг хүчирхэг эдийн засагтай хэд, хэдэн улс Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэн томоохон уулзалтуудыг шил дараалан зохион байгуулсан билээ. Тэгвэл манай улстай дипломат харилцаа тогтоогоод 61 жилийг үдэж буй Бүгд найрамдах Чех улс /БНЧУ/-ын бизнесийн салбарынхан хамтын ажиллагааны чиглэлээ арай өөрөөр тодорхойлж байна. Тэд Монголоос баялаг олборлох бус, харин бүтээн байгуулалтад гар бие оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНЧУ-ын Гадаад хэргийн яам болон Монгол дахь Чехийн Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “Doing Business with the Czech republic” нэртэй уулзалтыг өчигдөр “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулсан юм. Уулзалтын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчид харилцан санал солилцож, Чехийн усны аж ахуй, гидрогеологи, байгаль орчин, тээврийн хэрэгсэл, барилга, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, агаарын тээврийн салбарын компаниуд өөрсдийн үйл ажиллагааны онцлогийг танилцууллаа.
Гэхдээ тэд Монголын зах зээлд анх удаа хөл тавих гэж байгаа юм биш. Манай улсад Чехийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн олон ажил бий. Жишээ нь, нийслэл дэх цор ганц цэвэрлэх байгууламж болох “Харгиа”-г стандартын шаардлага хангахуйц хэмжээнд ажилладаг болгохын тулд тус улсын Үндэсний хөгжлийн агентлагаас 1.7 сая кроны төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн төвийн бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болох IV цахилгаан станцын шинэчлэлд 27 сая крон зарцуулсныг дурьдаж болно. Үүнээс гадна Чехийн хоёрхон компани нийслэлийн захын хорооллуудын усан хангамжийг сайжруулах чиглэлээр 2002 оноос нэлээд өргөн цар хүрээтэй ажил хийж байгаа.
Түүнчлэн өөрсдийн хөрөнгөөр Булган аймагт 30 гаруй худаг гаргаж, орон нутгийн иргэдэд хүлээлгэн өгчээ. Зөвхөн 1996 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Чехийн Засгийн газар болон тус улсын томоохон корпорациуд манай улсад 40 гаруй төсөл хэрэгжүүлж, 45 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан байх юм. Өчигдөр болсон уулзалтын үеэр БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Вацлав Йилек “Монгол Улс бол бидний хөгжлийн туслалцаа үзүүлэх орнуудын хамгийн эхэнд эрэмбэлэгддэг” хэмээж байв.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4.8 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөөдрийн байдлаар, Чехийн 100 хувийн хөрөнгө оруулалттай болон Чех, Монголын хамтарсан 67 компани манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Харин гадаадын нийт хөрөнгө оруулалтын 0.14 хувийг Чех улс эзэлдэг гэсэн мэдээллийг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг өгсөн юм. Тэрбээр Чехийн бизнесменүүдэд хандан “Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр манай улсын олон салбарт хүндрэл гарсан ч сүүлийн хоёр жилд эрчимтэй сэргэж байна. Энэ нь гадаадын аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн орон зай нээгдэх том боломж. Та бүхэн энэ боломжийг бүү алдаарай” хэмээлээ.
Чех улс уул уурхайн салбарт арвин туршлагатай. Гэхдээ энэ салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, хохирлыг хангалттай амссан учраас олборлох бус, нөхөн сэргээх тал руу түлхүү анхаардаг болсон аж. Харин Монгол Улсын хувьд байгалийн баялгаа олборлох ажил ид өрнөж, нөхөн сэргээх туршлага хангалттай суугаагүй байгааг тэд онцлов. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлж байсан юм. Монголын Засгийн газрыг төлөөлж уг уулзалтад оролцсон төлөөлөгчдийн хувьд “Хоёр орны чөлөөт худалдааг аль болох дэмжье. Зах зээлийг нь нээж өгье. Чухам ямар чиглэлээр зах зээлээ тэлэхээ бизнесменүүд өөрсдөө тодорхойл. Харин төр засгийн зүгээс дэд бүтэц, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх тал дээр анхааръя” гэсэн санааг илэрхийллээ.
Чехийн компаниуд манай улсын дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хүч үзэх сонирхол нь давамгайлж байна. Тодруулбал, Засгийн газраас зарлаад буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт оролцож, 2000 айлын орон сууц барьж өгье гэсэн хүсэлт гаргасан аж. Энэхүү хүсэлтийг нь манай улсын Засгийн газар ч дэмжих бололтой. Уулзалтад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж оролцож, үг хэлэхдээ “Чехийн талаас 2000 айлын орон сууц барих талаар гаргасан хүсэлтийг бид дэмжих бодлого баримтална. Зөвхөн орон сууц гэлтгүй бүтээн байгуулалтын бусад ажилд ч оролцох эрх нь нээлттэй.
Тухайлбал, ойрын жилүүдэд манай улсад 1100 км төмөр зам, 5000 км авто зам барих гээд их ажил өрнөх нь тодорхой болсон. Тиймээс та бүхэнд өргөн боломж нээгдэж байна” хэмээн онцолсон юм. Мөн дэд сайд Т.Пүрэвдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын комиссын хуралдааны давтамжийг ойртуулах шаардлагатайг сануулж байв.
Монголын төлөөлөгчид Чехийн бизнесменүүдэд “Манай зах зээлд тавтай морил” хэмээн найзархаг хандаж байсан ч “Та бүхэн манай улсад хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа хамгийн гол нь нэмүү өртөг, мэдлэг, технологи шингээхээ битгий мартаарай” гэсэн гол санаагаа сануулаад амжсан юм.
Ч.Дашдэлэг
URL: