“ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО”-Г МЕДАЛЬ ЗАРДАГ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ШҮҮМЖЛЭВ

“Хотын хөгжилд-Залуусын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан сумын ИТХ-ын даргэдэх Иргэний Танхим хамтарч зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, Залуучуудын нийт 44 байгууллагаас 70 гаруй төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, “Аль ч улсын хөгжин цэцэглэх суурь нь тухайн орны залуучуудын хүмүүжил боловсрол, ажил үйлс санаачлагаас хамаардаг. Хотоо хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлж  тулгамдсан асуудлаар санал солилцож гарсан санаачлагуудыг нь хэрэгжүүлсэнээр аймгийнх хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Оролцогсод аймаг орон нутгаа хөгжүүлэхэд залуусын оролцоо ямар байх, төрийн байгууллагатайгаа яаж хамтарч ажиллах вэ, залуу гэр бүл, залууст тулгамдсан асуудлуудаа хөндөж үнэтэй санал хэллээ. Түүнчлэн өмнөх үеийн залуучууд Дархан хотыг бүтээн байгуулж байсан түүхт өв уламжлалаас өнөөгийн залуус үлгэр дууриалал авч ажиллаж, хөдөлмөрлөх ёстой. Дархан нь улсын “Загвар хот” болох зорилго тавьсан болохоор залуус хотынхоо хөгжилд ямар үүрэг, оролцоотой байхыг тодорхойлох хэрэгтэй болсон юм” гэв.
Энэ үеэр Дарханд “Залуучуудын холбоо” байдаг ч 12 дугаар сарын нэгнээс 31-ний хооронд идэвхжиж  шагнал, медаль зардаг, бусад үед ажилладаггүй. Иймд аймгийн ИТХ эсвэл аймгийн Засаг даргын дэргэд “Залуучуудын зөвлөл” байгуулж ажиллах хэрэгтэй байна гэдэгт хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдлээ. Залуус аймгийн удирдлагуудтай нэгэн танхимд сууж хотын хөгжлийн төлөө нээлттэй ярилцаж байгаад талархал илэрхийлэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Залуучуудын зөвлөлийг бий болгоё, дараагийн уулзалтыг Залуучууд театрт зохион байгуулъя гэсэн санал гарсныг дэмжлээ.

URL:

Сэтгэгдэл бичих